Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгө эрх мэдэлтнүүдийн халаасанд ордог байжээ
УИХ-ын гишүүд, нэр бүхий албан тушаалтнуудын хамааралтай аж ахуйн нэгжүүд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаасих хэмжээний зээл авсан нь олон нийтэд ил боллоо. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын "Эпато анарваан" компани, УИХ-ын гишүүн Г.Солтаны “Монгол шаазан” ХХК ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан байна. Түүнчлэн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат 2015 онд Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас сонгон шалгаруулалтгүй 7.3 тэрбумын зээлийг дөрвөн компанид олгожээ.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаагийн алба хаагчийн ар гэрийнхэнд хоёр өрөө байр өглөө
2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Дансрангийн Батсайханы гэр бүлд орон сууц олгохоор Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Тэрбээр ээж, эхнэр, дөрвөн хүүхдийнхээ хамт амьдарч байсан бөгөөд тэдний гэр бүл Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд байрлах “Очир” хотхонд байр сонгожээ. Байрны гэрчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж өгсөн бөгөөд "Танай аав жинхэнэ эх оронч байсан. Ааваараа бахархаж яваарай. Аав шигээ эр зоригтой, эх оронч хүү болоорой” гэж талийгаачийн том хүүд хэллээ. Мөн “Ахлах ахлагч Батсайхан амь насаа алдсан ч алдар нэр, ажил үйлсээрээ анд нөхөд, хамт олныхоо дунд мөнхөд байх болно” гэсэн юм.
2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2018 оны есдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Хуулийн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулахдаа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9,676.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 11,589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувьтай байхаар тооцож төсөлд тусгасныг онцоллоо.
2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа орлогоо сайтар судалж байж, зарлагаа тэр хэмжээгээр тооцох зорилготой ажилласан. Уул уурхайн салбараас бүрдүүлэх орлогын хувьд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ бидний тооцоолсноос доош байвал төсвийн орлогод эрсдэл үүсэх тал байгааг Сангийн сайд хариултдаа онцлов. Мөн тэрбээр, 2019 онд 43 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон бөгөөд ингэхдээ хил, гаалийн хяналтыг сайжруулах асуудалд анхаарч төсвийн орлогыг бүрдүүлэхийн төлөө чармайж ажиллана гэж байлаа. Тухайлбал, экспортын эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор нь шийдвэрлэх замаар төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлж татварыг бүрэн хураах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах гаалийн шинэчлэлийг 2019 оноос хэрэгжүүлэхээр болжээ.
Улсын болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд "Halloween" буюу сүнсний баярыг тэмдэглэхгүй
БСШУСЯ-нд ерөнхий боловсролын зарим сургууль "Halloween" буюу сүнсний баярыг хэт нүсэр тэмдэглэдэг болоод байгаа нь эцэг эхчүүдэд зардал чирэгдэл учруулж байна гэсэн гомдол иржээ. Энэ баяр нь Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй. Иймд төрийн болон хувийн өмчийн сургуулиуд сүнсний баярыг тэмдэглэхгүй байх чиглэлийг ЕБС-ийн удирдлагуудад хүргүүлсэн байна.
Сурагчдын амралт эхэллээ
Улсын хэмжээнд төрийн өмчит ЕБС-ий сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх эхэллээ. Энэ улиралд нэг долоо хоног амрах хуваарьтай байгаа бөгөөд хичээл нь ирэх арваннэгдүгээр сарын 05-наас орох гэнэ. Түүнчлэн ЭМЯ-наас энэ жилийн сурагчдыг 12 сарын 15-аас 2019 оны 2 сарын 15-ныг хүртэл хоёр сар амраах саналыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлсэн. Учир нь томуу, томуу төст өвчний 15-20 хувийг сургуулийн насны хүүхдүүд эзэлдэг хэдий ч уг өвчний халдварын тархалтыг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг болохыг тандалт судалгаагаар тогтоожээ. Энэ үеэр сурагчдыг амраах нь зүйтэй хэмээн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүд үзсэн байна.
УИХ-дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ажлын хэсэг дахин нягтлан үзэж, хуулийг хийдэлгүй гаргах шаардлагатай гэж үзэн тав хоногийн завсарлага авлаа. Үргэлжлүүлэн Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав. Дараа нь Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав. Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа. Мөн Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. Хуралдааны төгсгөлд Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг Өргөдлийн байнгын хорооны гишүүнээс хасч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнд нэмэхээр тусгагдсан байв