Энэ оныг “Иргэдийн оролцоотой тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулах жил” болгосонтой холбогдуулан нийслэлийн Тээврийн газраас автобусны 14 зогсоол шинээр байгуулжээ. Тус газрын орлогч дарга Х.Булгаа “Шинэ зогсоол байгуулахдаа иргэдийн саналыг авсан. Тодруулбал, ГССҮТ-өөс Саппоро орох замд Дэнжийн зогсоолыг байгуулсан. Тэдгээр шинэ зогсоолоор 2900 гаруй иргэн 29 чиглэлд өдөр бүр зорчиж байна” гэв.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан, нийслэлийн Авто замын газар зэрэг төрийн байгууллага болон “Жэй Си дэко Монголиа” компанитай байгуулсан гэрээний хүрээнд 50 зогсоолыг тохижуулсныг тэрбээр онцоллоо. Үүний хүрээнд Зунжин, Ар согоот, Салхит, Толгойт, Буянт-Ухаа, Яармаг, Нисэх зэрэг захын хорооллын автобусны зогсоолын саравч, хогийн сав, мэдээллийн самбар, сандал зэргийг шинэчилжээ.
Мөн нийтийн тээврийн хэрэгслийн гараашийн дугаар, чиглэлийн хаягийг нэг загвартай болгожээ. Өмнө нь автобусны компани бүр өөр хаяг, загвартайгаас болоод иргэд төөрөлдөх тохиолдол гардаг байсан гэнэ.
Г.Баясгалан