Баянзүрх дүүргийн IV хороо, төсөл хэрэгжүүлэхээр оршин суугчдаас нь авсан “Их өргөө” компанийн газар. Барилгын суурь цутгаснаас өөр ажил энд хийсэнгүй 2018.10.23
- 633 айл гэр оронгүй болж, гудамжинд гарчээ –
Баянзүрх дүүргийн IV хорооны 26 га талбайг дахин төлөвлөх захирамжийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2014 оны гуравдугаар сард гаргажээ. Уг төслийн хэрэгжүүлэгчээр УИХ-ын гишүүн асан Д.Арвингийнх гэгддэг “Их өргөө” компани шалгарсан байна. Тэд дахин төлөвлөх газрынхаа иргэдтэй төвөггүй ойлголцсон бололтой юм. Нэг талаас төр, засгийн ажлыг дэмжиж, нөгөө талаас өөрсдөө тав тухтай, утаа униаргүй орчинд амьдрахын тулд иргэд газраа дуртайяа чөлөөлөх шийдэлд хүрсэн аж. 2014 оны аравдугаар сард “Их өргөө”-гийнхөн барилгын ажил эхлэх болсноо мэдэгдсэн даруйд 85 айл хоёрхон хоногийн дотор нүүжээ.
Нэг жилийн түрээсийн төлбөрт зургаан сая төгрөгийг (сарын 500 000 төгрөгөөр тооцон) “Их өргөө” компанийнхан газраа чөлөөлсөн айл бүрт өгсөн байна. Гэрээний дагуу жилийн хугацаанд буюу 2015 оны IV улиралд багтаан эхний ээлжийн орон сууцыг ашиглалтад оруулж, газраа өгсөн айлуудыг оруулах ёстой байж. Гэтэл дөрвөн жил өнгөрчихөөд байхад “Их өргөө”-гийнхөн гэрээний үүргээ биелүүлсэнгүй, хоёр барилгын суурь цутгаснаас өөр ажил хийсэнгүй. Үүний уршгаар 85 айл орох оронгүй болж, гудамжинд гарав.
“Их өргөө” компанийнхан сүүлдээ айлуудад түрээсийн төлбөр ч өгөхөө больжээ. “Байр ашиглалтад орохгүй нь. Одоо бид хаана амьдрах вэ” гэж гомдол, санал гаргасан хүмүүс л төлбөрөө хагас дутуу авчээ. “Айлуудын 50 хувь нь мөнгө авсан болов уу. Төсөл хэрэгжүүлэгчтэй уулзан, төлбөрөө шаардахад “Өгнө” гэж амладаг ч хэрэгжүүлдэггүй” гэж иргэдийн төлөөлөл хэлэв. Түрээсийн мөнгө авч чадахаа больсон айлуудын зарим нь ах, дүү, хамаатан саднаа бараадаж, нэг хэсэг нь арай хямдыг нь бодож, нийтийн байранд толгой хоргодож байна. Нэг айл бүр 11 удаа нүүсэн гэнэ. Ийм олон удаа нүүснээс гэрийн тавилга гэх юмгүй болж, ихэнх нь эвдэрчээ. Арга ядсан зарим өрх байр түрээслэх мөнгө олохын тулд үнэ хүрэх бүхнээ зарах, эсвэл барьцаалан зээлдүүлэх газарт өгөх зэргээр үгүй хийгээд дууссан. Хамгийн гол нь гэр оронгүй дөрвөн жил болсон иргэд сэтгэл санааны хүнд дарамтад орсон аж. 85 өрхийн 600 гаруй иргэн ийн хохирсны 106 нь хүүхэд, 46 нь өндөр настан.
Гэр оронгүй болсон иргэд асуудлаа шийдүүлэхийн тулд эвлэлдэн нэгдэж, 2016 оны зургадугаар сард “Сансар хотхоны иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо” төрийн бус байгууллага байгуулжээ. Ингээд бүх айл “Төр, засгаас эхлүүлсэн дахин төлөвлөлтийг дэмжсэнээрээ бид хүнд байдалд орлоо. Асуудлыг шийдэж өгнө үү” гэсэн утга бүхий өргөдөл бичиж, шийдэх магадлалтай бүх байгууллага, албан тушаалтанд хандсан аж. Холбооны гишүүн Д.Батбаяр энэ талаар “Маш их дарамтад амьдарсан учраас өнгөрсөн хугацаанд манай холбоонд нэгдсэн айлуудаас 12 хүн нас барлаа. Ганц ачтайгаа амьдардаг, элэгний хорт хавдартай, тэргэнцэртэй нэг эмээ “Би эмчилгээгүй болсон. Ач хүүдээ л байраа өгчихмөөр байна. Хэзээ барих вэ” гэж байнга утсаар холбогддог байлаа. Гэтэл саяхан ач хүү нь нас барчихлаа. Биднийг очиход “Эмээд нь одоо байр хэрэггүй боллоо” гээд уйлж суусан. Бас нэг эмэгтэй айлын байр түрээслээд амьдарч байтал цахилгааны асуудлаас болж гал гарч, айлын байшин шатаасан хэрэгт унасан. Өөрийн гэсэн гэр оронгүй, дээр нь айлын байрны өрөнд орчихлоо. Энэ бол наад захын жишээ” гэв.
Тус холбооныхон “Биднийг хамгаалаач ээ” гэж олон байгууллага, албан тушаалтанд хандсан ч харамсалтай нь, тэднийг хамгаалах механизм, хууль, эрх зүйн орчин манай улсад байгаагүй гэнэ. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай 2015 оны зургадугаар сард баталсан хууль уг нь бий. Гэтэл үүнд дахин төлөвлөлтөөс болж хохирсон иргэдийг яаж хамгаалах, хэнд хариуцлага тооцох зүйл заалт ерөөсөө байгаагүй. Тэд шүүхэд хандах талаар ярилцаж, янз бүрийн санал гаргаж байсан ч хэрэгжүүлээгүй. Учир нь манай шүүх байгууллагын шийдвэр гаргах үйл явц хэтэрхий сунжирдгаас халширчээ. Шүүхээр шийдүүлэх гэж дахиад 5-10 жил хүлээхийн оронд “Их өргөө”-гийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, өөр компани сонгон шалгаруулаад, барилга бариулсан дээр гэж үзсэн гэнэ лээ.
Асуудал яагаад иймдээ тулсныг холбогдох хүмүүсээс лавлахад “Их өргөө” компанийнхан Хятадын хөрөнгө оруулагчидтай хамтарсан юм билээ. Гэтэл хятадууд нь төслөө орхиод явчихсан. “Их өргөө”-гийнхөн өөрийн хөрөнгөөр орон сууц барих чадамжгүй, одоо бүр дампуурлын ирмэгт тулсан. Иргэдэд өгөх түрээсийн мөнгө ч байхгүй юм билээ. Хоосон хүнээс хоёр чихийг нь тасдаж авалтай биш гэдэг шиг хүнд байдалд орсон компаниас юу шаардах вэ” гэсэн юм. Тус компанийнхан уг нь анх 130 айлын газрыг дахин төлөвлөх эрх авчээ. Үүнээс 85 өрх л газраа чөлөөлсөн. Үлдсэн айлууд газраа өгөхийг зөвшөөрсөн ч азаар орон гэрээсээ салалгүй үлджээ.
Дээрх тохиолдол ганцхан “Их өргөө” компанийн хэрэг бус, зөвхөн 85 айлаар дуусах асуудал биш. 2013 оноос эхэлсэн дахин төлөвлөлтийн хүрээнд уг нь 34 компани төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан ч дөнгөж зургаагийнх нь ажил урагшилсан. Үлдсэн нь амжилт олоогүй. Ажил эхэлнэ гэж бэлэн амлан, айлуудын газрыг чөлөөлж авчихаад, барилгаа бариагүй компаниудын балгаар нийт 633 өрхийн 3000 орчим иргэн орон гэргүй болжээ. “Их өргөө”-гөөс гадна “Жи Ди”, “Назу”, “Асар өргөө”, “Грийн ресурс”, “Цэлмэг Ази” компани ийм балаг тарьсан байна. Тэдгээрээс зарим нь үүргээ ухамсарлаж, иргэдийн асуудлыг шат дараатай шийдэж эхэлсэн гэнэ. Тухайлбал, “Бүрд” компанийнхан 130 айлын газрыг чөлөөлсөн. Тэр айлууд нэг хэсэг гудамжинд амьдрах шахуу болтлоо зовсон ч өдгөө бүгд байртай болжээ. “Бүрд”-ийнхэн бүгдэд нь байр авч өгсөн аж. Түүнчлэн “Моннис урбан девелопмент” компанийнхан 70 орчим айлын газар чөлөөлөөд, байраа барилгүй нэлээд уджээ. Гэхдээ өдгөө барилгаа барьж буй, энэ оны эцсээр ашиглалтад оруулж, газрыг нь авсан айлуудаа оруулахаар төлөвлөсөн байна.
Дээр дурдсан аж ахуйн нэгжүүдээс “Их өргөө”-гийнх л иргэдээ хэрхэх нь тодорхойгүй байгаа тул онцлон бичлээ. Үүнийг шийдвэрлэж байгаа, эсэхийг холбогдох албаныхнаас тодруулахад “Их өргөө” компанийн чөлөөлсөн газар эдийн засгийн эргэлтэд орохгүй байгаа. Яагаад гэвэл газрын хэмжээ бага. 85 айлын газар мөртлөө 1.8 га. Тэр айлуудын газарт тус бүр нь 12 айлтай, хоёр давхар, нийтийн долоон байр байсан. Гэтэл бусад гэр хороололд 85 айлын газар чөлөөлөхөд хамгийн багадаа таван га газар гардаг. Иймээс уг төслийг ашиггүй гэж хараад компаниуд сонирхохгүй байгаа” хэмээсэн.
Айлууд ингэж хохироод дахин төлөвлөлтийн төсөл хаагдах уу. Хохирсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх вэ. Энэ ажил цааш үргэлжлэх үү зэргийг нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Дахин төлөвлөлтийг хөрөнгө оруулагчдад ээлтэй, төсөл хэрэгжүүлэгч болон газар чөлөөлсөн иргэнд ашигтай, хэн хэн нь хохиролгүй, шинэ “өнгө төрх”-тэй болгож эхэлсэн” гэв. Тодруулбал, компани газар чөлөөлсөн иргэдэд түрээсийн төлбөр олгохгүй, тэр хөрөнгөө барилга барихдаа зарцуулна. Харин газраа өгсөн иргэдийг нийслэлээс түр суурьшуулах байранд оруулахаар төлөвлөсөн байна. Өдгөө 13 компани төсөл хэрэгжүүлж буй гэнэ. Дахин төлөвлөлтийн хүрээнд 1500-2000 айлын орон сууцыг энэ оны эцсээр хүлээлгэж өгөх бөгөөд ирэх жил ашиглалтад оруулах байрны тоо үүнээс гурав дахин нэмэгдэнэ гэж амлалаа.
Тэгвэл хохирсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргал “Төсөл хэрэгжүүлэгч барилгын компаниудыг шахсан, дээр нь нийслэл түр суурьшуулах байр ашиглалтад оруулсны үр дүнд тэдгээр айлаас 421 нь амьдрах газартай болсон. Үлдсэн 212 айл үндсэндээ гудамжинд байна. Үүнд компаниудыг буруутгах аргагүй. Гол асуудал нь 2016, 2017 онд улсын эдийн засаг “сэхээ”-нд орж, хөрөнгө оруулагчид үргэснээс төсөл зогссон.
Түүнчлэн бас нэг алдаа нь анхнаасаа төлөвлөлтгүй эхэлж, чадамжгүй, эдийн засгийн бололцоогүй, “цүнхний” компаниудад ажил өгсөн явдал. Барилгаа барьж чадахгүй долоон компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан. Ажил нь үргэлжилж байгаа ч нэлээд удааширсан 3-4 аж ахуйн нэгж байна. Жишээ нь, “Моннис урбан девелопмент” компанийнхан нэг барилгыг гурван жил барьж буй. Ажлаа удаашруулсан компаниудыг шахаж байгаа. Мөн төсөл хэрэгжүүлэгчийнх нь эрхийг цуцалсан байршлуудад дахин сонгон шалгаруулалт зарласан. Одоогоор дөрвөн компани шалгарсан, батламжаа авахад бэлэн. Тэдгээр компанийнхан газар чөлөөлөөд, айлуудыг шууд бэлэн байранд оруулна” гэсэн юм.
Улаанбаатарчуудыг дахин төлөвлөлттэй анх танилцуулахдаа хотын удирдлага “Агаарын бохирдлыг бууруулах, утааны гол эх үүсвэр болдог гэр хорооллыг хумих гарц үүнээс өөр байхгүй” хэмээн ухуулсныг нийслэлийн иргэд мартаагүй. Энэ зорилгыг дэмжсэн иргэдийнхээ итгэл руу ус цацах үйлдэл манай төр, засаг дахиад гаргахгүй гэж найдмаар байвч БОАЖ-ын сайд нь 900 айлын орон сууц барих мөнгөөр гэр хорооллын айлуудын янданг “дэмжинэ” хэмээн улайран дайрч буйг юу гэж ойлгох вэ. Тэр хөрөнгөөрөө дахин төлөвлөлтийн төслөө урагшлуулбал, газраа чөлөөлсөн иргэдээ суулгах түр орон сууц баривал яасан юм бэ.