Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог 10 дахь удаагийн “Балдорж” шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ц.Элбэгдорж, УИХ болон Засгийн газрын гишүүд, НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон сэтгүүл зүйн үе үеийн төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр тэдний төлөөлөл болсон эрхмүүдээс сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж.
-Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар “Балдорж” шагналын ёслолын ажиллагаанд оролцож байсан. Харин өнөөдөр сэтгүүлч хүний хувиар оролцож байна. Ямар мэдрэмж төрж байна вэ?
-“Ц.Балдорж” шагнал нь чадвартай шилдэг сэтгүүлчдийг төрүүлж байгаа нь нийгэмд асар их ач холбогдолтой. Мэргэжлийн сэтгүүл зүй гэж юу байдаг вэ гэдгийг нийгэмд харуулсан. Сэтгүүл зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг хэцүү. Энэ салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн тэсэн яван хүлээдэг өндөр хүндийг “Ц.Балдорж” шагнал нэгэнт олж авсан. Үүнд үргэлж талархаж явдаг. Энэ үйл ажиллагаанд оролцсондоо туйлын баяртай байна.
-Та сэтгүүлчийн ажлаа хийж байна уу. Уран бүтээлээ туурвиж байна уу?
-Би 90-ээд оны үед бичиж байсан өдрийн тэмдэглэлээ алга хийчихсэн байсан. Түүнийгээ сая олж авлаа. Номон дундаа хийгээд мартчихсан байжээ. 1989 оны сүүлчээс эхлээд сэтгүүлчийн хувиар Ардчилсан хувьсгалын үйл явцад өөрийн биеэр оролцсон хүний хувиар би өдөр бүхэн тэмдэглэл хөтөлж байсан. Үүнийг маань “Өдрийн сонин” нийтлэхээр болж байгаа. Энэ тэмдэглэл маань удахгүй олон түмэнд хүрнэ.
-Сэтгүүл зүйн өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлагыг сэтгүүлчийн байр сууринаас тодорхойлвол?
-Миний бодлоор сэтгүүл зүй бол мэргэжлийн ажил учраас бид мэргэжлийн байх ёстой. Ажлаа мэддэг байх ёстой. Цаашдаа улам их бодох, судлах, унших хэрэгтэй. Тунгааж бичих хэрэгтэй. Монголын нийгэмд хөлөө олж зүгширч байгаа хамгийн гайгүй салбар бол Монголын сэтгүүлзүйн салбар юм.
Гандантэгчинлэн хийдийн тэргүүн Хамба лам Д.Чойжамц
-Энэ арга хэмжээнд хэд дэх жилдээ оролцож байгаа вэ. Танд ямар сэтгэгдэл төрж байна?
-Эхэлснээс нь хойш таралтгүй ирж оролцож байна. Маш сайхан арга хэмжээ болдог . Сэтгүүлзүй бол улс орныг гайхамшигтайгаар өөрчилж чаддаг салбар. Монголын сэтгүүлзүй төлөвшин тогтож, сайн чиглэл рүүгээ явна гэдэг улс орны хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхан бүхэнд хэрэгтэй. Сэтгүүлч хүн уран нүдээр харж Монгол оронд байгаа алдаа дутагдалтай зүйл юу байна, сайн сайхан зүйлс юу байна гэсэн хоёр өнцгөөс дэлгэн тавьдаг. Өөдөлж яваа хүмүүс сайн, сайхан зүйлийг үлгэрлэн авч улам хөгжин дэвждэг. Харин уруудаж яваа улс алдаа дутагдлаа засч залруулан урагш тэмүүлдэг байх жишээтэй. Монголын бурхан шашны тэргүүний хувьд чиглэл хаашаа явж байна, ямар чигтэй байгаа юм, хүн ард юуг сонирхож байгаа юм гэдгийг мэдрэхийн тулд “Балдорж” шагналын арга хэмжээнд байнга оролцдог.
-Сэтгүүл зүйн өнөөгийн чиг хандлагын талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Их төлөвшиж байгаа. Анх бүгд туршлагагүй байлаа. 90-ээд онд Америк, Англи, Франц улсад ингэсэн байна, тэгсэн байна гэхэд нээрээ ч тийм юм болов уу даа гэж төсөөлдөг байсан бол өнөөдрийн сэтгүүл зүй өөр болсон. Сэтгүүлчид маань бүх үйл явдлыг газар дээо нь очоод мэдэж, судалдаг болжээ. Сэтгэлгээ ядуу үед нэгний дуугарсан сэдэв рүү хөдөлдөг байсан бол одоо улс орны дотор өрнөж байгаа бүх зүйлийг бид олон талын өнцгөөс харж, үзэж байна. Энэ бол сэтгүүлчид таа бүхний ажлын үр дүн юм.
Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров.
-“Балдорж” шагналын ёслолын ажиллагааны хүндтэй зочдын нэг. Та 10 дахь жилдээ оролцож байгаа байх аа?
-Ц.Балдоржийг “Үнэн” сонинд очиход тус сониныг хянадаг газарт нь би ажиллаж байлаа. Намын төв хорооны үзэл суртлын газарт гэсэн үг. Түүнтэй олон жил найз нөхөд байсан. Найз маань дэргэд байх үед тоодоггүй байжээ. Байхгүй болсноос нь хойш үнэ цэнийг нь ухаарсан. Ц.Балдоржийн үзэл санааг гэр бүлийнхэн нь үргэлжлүүлж байгаа нь маш чухал. Сэтгүүлчид бол монголчуудын гал зууханд ажилладаг хүмүүс гэж би боддог. Ц.Балдорж өөрөө байхгүй байгаа ч гэлээ оюун санааны гал зуухийг эрүүл хүнсээр хангах, эрүүл байлгахын төлөө тэмцсээр л байна. Энэ тэмцлийг үр хүүхэд, найз нөхөд нь үргэлжлүүлж байна.
-Сэтгүүл зүйн үүрэг ролийг та юу гэж тодорхойлох вэ?
-Шагнал гардан авч байгаа сэтгүүлчдийн хөндөж байгаа сэдэв, сэтгэлгээний хүрээ өөрчлөгдөж байна. Энэ жилийн хувьд эрүүл нийгмийн согогийг хөндсөн сэдвүүд давамгайлсан байна. Хуучин бол өвчтэй нийгмийн өвчинг ярьдаг байсан. Нийгэм эрүүлжихэд сэтгүүл зүй том үүрэг гүйцэтгэж байгаа юм байна. Сэтгүүлчид ч өсөж өндийж байгаа юм байна. Ер нь сэтгүүлчид том байж нийгмээ чирдэг шүү дээ. Өөр хэн чирэх билээ. Дарга чирэхгүй, хөгжмийн зохиолч би чирэхгүй.