Улаанбаатар хотын утааны 20 орчим хувийг автомашинууд ялгаруулдаг гэсэн дүн бий. Агаарын бохирдлыг газар авхуулахгүй, цаашлаад бууруулахын тулд цахилгаан машины хэрэглээг дэмжих шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргасан. Үүний хүрээнд 2017 оны есдүгээр сарын 1-нээс цахилгаан машиныг замын хөдөлгөөнд улсын дугаарын хязгаарлалтгүй оролцуулж, зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлсөн билээ.
Уг ажлаа өргөжүүлэхийн тулд нийтийн эзэмшлийн болон төлбөртэй зогсоолуудад цахилгаан машин цэнэглэгч станц суурилуулахаар шийдвэрлэжээ. Энэ ажилд хувийн хэвшлийнхнийг дайчлах болсон гэнэ. Тодруулбал, өөрийн хөрөнгөөр станц суурилуулах аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана гэдгээ өчигдөр мэдэгдэв.
Компаниуд станц суурилуулахаас гадна ашиглалт, засвар, үйлчилгээг нь ч хариуцна. Мөн технологийн шийдэл, байршлаа ч сонгох боломжтой аж. Хамгийн гол нь Монгол орны нөхцөлд тохирсон, өмнө нь туршиж, үр дүнтэй нь нотлогдсон шийдэл санал болгох шаардлагатай юм байна. Хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд ирэх сарын 4-ний дотор нийслэлийн Байгаль орчны газарт хандах ёстой.
Шийдлүүдийг судалж, оновчтойг нь цаг алдалгүй, шуурхай нэвтрүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-аас мэдээллээ.
М.Оч