“ДЦС-4”-т энэ сарын 15-ны 09.54 цагт гэмтэл гарч, Улаанбаатар хотын хэрэглэгчдийн 70 хувь, таван аймгийнхан цахилгаангүй болсон билээ. Тус станцынхны хариуцлагагүйгээс болж хэчнээн хэмжээний хохирол учирсныг тогтоох боломжгүйг мэргэжлийн хүмүүс хэлж буй. Энэ ослын дараа зуухаа асаахын тулд 80 сая төгрөгөөр үнэлэх мазут зарцуулсан гэнэ. Мөн уг зогсолтын үеэр “ДЦС-4”-ийн II, III машин нь эвдэрч, 10 гаруй хоног засварласан ч одоо болтол ашиглалтад өгөөгүй аж.
Өөрөөр хэлбэл, станцын үйл ажиллагаа жигдрээгүй байгаа юм. Ослын үеэр дээрх хоёр машины холигч шатсан бөгөөд түүнийг засварлахад 20 гаруй хоног шаардлагатай гэсэн мэдээлэл байна. Үүнээс гадна тус станцын ерөнхий инженерийн орлогч Р.Ганбат МҮОНТВ-ийн нэвтрүүлэгт оролцохдоо “IV машиныг оросууд шинэчилж байгаа. Шинэ он гарахаас өмнө багтаж ашиглалтад оруулна” хэмээсэн.
Харин тус станцын ажилчид “Ирэх оноос өмнө ашиглалтад оруулж амжихгүй. Оросуудаар шинэчлүүлэх гэж байсан IV машинаа станц тэг зогсолт хийж, хоёр машин эвдэрсэнтэй холбоотойгоор шинэчлэлийг нь түр хойшлуулж, ажиллуулж байгаа. Энэ онд багтаж шинэчлэл хийнэ гэдэг нь худлаа болсон. Өнөөдрийн байдлаар “ДЦС-4” өвлийн горимдоо шилжиж чадаагүй, онц байдал тогтоосон хэвээрээ байгаа” гэсэн юм.
Тус станцад гарсан энэ осолтой холбогдуулан “ДЦС-4” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл уржигдар хуралдаж, зарим хүмүүст хариуцлага тооцсон сурагтай. Чухам ямар хүмүүст хэрхэн арга хэмжээ авсан нь тодорхойгүй байна.
Г.Равжаа