Өдөр өдрөөр өргөжин тэлж буй Улаанбаатар хот олон хүүхэдтэй, ядруухан айл шиг юм юмаар дутагдаж, гачигдаж байна. Үүнээс шалтгаалж нийслэлийн ЗДТГ, цаашлаад Засгийн газар олон асуудалтай нүүр тулсаар ирсэн. Ялангуяа утааны голомт болоод буй гэр хорооллыг барилгажуулах, цахилгаанаар халаах ажилд ханцуй шамлан орсон ч санасан үр дүнд хүрсэнгүй.
Гэр хорооллыг барилгажуулахаар ипотекийн зээл олгож эхэлсэн ч зорилтот иргэдэд хүрэхгүй, байртай нэг нь дахин нэг байр авах, эсвэл байр авсан нэг нь яндантай гэр, байшингаа өөр нэгэнд худалдах зэргээр өнгөрсөн таван жилийг тууллаа. Гэр хорооллын айлуудыг цахилгаанаар халаах том зорилготой ч хүчин чадал одоохондоо алга. Ганц станцад нь томоохон хэмжээний осол гарахад л улсын 80 хувь нь харанхуй болох хэмжээний хүнд нөхцөлтэй байгааг өнгөрсөн сард харуулсан.
Гэхдээ төр, засгаас үүнийг огт анхаараагүй биш юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос эл асуудалд онцгой анхаарч, Улаанбаатар хотыг тойрсон дэд станцууд барихаар “Их тойрог” төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн үед 52.1 тэрбум төгрөг төсөвлөн эхэлсэн эл ажлын үр өгөөж одоо ч харагдахгүй, хаалттай хэвээр байгаа юм.
Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний 60 гаруй хувийг 30-аас дээш жил ашигласан 220 кВ-ын хоёр, 110 кВ-ын 15 дэд станц, 220 кВ-ын хоёр хэлхээт 286.6 км цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ), 110 кВ-ын 102.9 км ЦДАШ-аар хангадаг аж. Сүүлийн жилүүдэд хүн ам өсөх хэрээр барилга, байшингийн тоо олширч, 110 кВ-ын дэд станцууд 95-100 хувийн ачаалалтай ажиллах болжээ. Цаашид энэ чигээрээ тэлбэл эрчим хүчний хэрэглээгээ хангаж чадахгүйд хүрэх нь.
Харин “Их тойрог” төслийн хүрээнд барьж буй зургаан дэд станцыг ашиглалтад оруулснаар гэр хорооллын 124 900 айлын 40 хувь буюу 49 960 өрхийн халаалтыг цахилгаанаар шийдвэрлэх боломж бүрдэх учиртай байж. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд 20 байршилд орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн бөгөөд одоогоор 12 байршилд ерөнхий төлөвлөгөө баталж, бүтээн байгуулалт нь эхлээд буй. Үүний 45 хувь буюу 56 205 өрхийг хамруулах орон сууцны хорооллын цахилгаан дамжуулах эх үүсвэр “Их тойрог” шугамаас тэжээгдэнэ.
Төслийн хүрээнд Зайсан, Сонгино, Баянголд тус бүр нэг, нэг дэд станц барьсан бөгөөд Зайсан, Баянголд 110 кВ-ын, Сонгинохайрхан дүүрэгт 220 кВ-ын дэд станц барьж байна. Эдгээрийг хуучин байсан дэд станцуудтай ЦДАШ-аар холбох гээд нийт зургаан багц ажлыг гурван компани хоёр хоёроор нь хуваан авч гүйцэтгэжээ.
Үүнээс “Алтай трейст” компанийн барьсан 110 кВ-ын “Зайсан”, хуучин ашиглаж байсан XIV хорооллын 110 кВ-ын дэд станц хүртэлх хоёр км ЦДАШ-ын барилга угсралт, 220 кВ-ын “Сонгино” дэд станцаас 110 кВ-ын “Баянгол” дэд станц хүртэлх 22 км ЦДАШ-ын ажил бүрэн дуусаж, холболт хийх боломж бүрдэн, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д хүлээлгэн өгчээ.
Харин цаана нь барилгын ажил нь дуусаж, суурилуулсан ч ажиллагаанд ороогүй, өөрөөр хэлбэл, холболтоо хийгээгүй хэд хэдэн ажил үлдэв.
УЛСДАА ТОМООХОНД ТООЦОГДОХ 220 КВ-ЫН ДЭД СТАНЦ АЖИЛЛАХГҮЙ БАЙНА
Монгол Улсад томд тооцогдох дэд станцыг хуучин 22-ын товчооны ард барьжээ. Үүнээс Хөшигийн хөндий, Мандал овоо, Цагаан нуур, Оюутолгой руу чиглэсэн цахилгааны шугам татах ёстой. “Эрчим хүчний барилга угсралтын трейд” компани тус станцад 220 кВ-ын хоёр трансформатор суурилуулж буй. Гэтэл 2012 онд нийт 18.2 тэрбум төгрөгийн зардал гарахаар тооцож гэрээ хийсэн ч тухайн үеийн долларын ханш одоогийнхоос зөрүүтэй байгаа гэсэн шалтгаанаар 2015 онд шүүхэд хандсан гэнэ.
(2012 онд ам.долларын ханш 1500 төгрөг байжээ). Уг нь БНХАУ-д захиалгаа өгөөд хийлгэсэн ч “Шүүхэд нэхэмжилсэн 9.7 тэрбум төгрөгөө авахаас нааш трансформатороо суурилуулахгүй” хэмээн өдий хүргэжээ. Тиймээс улсдаа томоохонд тооцогдох 220 кВ-ын дэд станц хоёр трансформартороо хүлээсээр байгаа юм. Эхний шатны шүүх хурлаар 3.7 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох шийдвэр гаргасан ч “Эрчим хүчний барилга угсралтын трейд” компани давж заалдсан гэнэ. Уг нь эл дэд станц ажиллагаанд орсон бол өнгөрсөн сард гарсан “ДЦС-4”-ийн ослыг иргэд ажрахгүй өнгөрөх байсан гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн.
Учир нь Орхон аймгийн цахилгаан станцаас осол гарсан үед Улаанбаатарыг эрчим хүчээр хангах ЦДАШ одоогоор шууд “ДЦС-4”-т нийлж, түүнээсээ хуваарилагддаг аж. Харин эл дэд станц ашиглалтад орсноор “ДЦС-4” рүү бус 22-ын товчооны дэд станцад нийлж, Их тойргийн дэд станцууд болон бусад руу нь түгээдэг болох гэнэ. Ингэснээр “ДЦС-4” хоёр талын тэжээлтэй болж, өнгөрсөн сарынх шиг осол болсон ч цахилгаанаар хангах боломж бүрдэх юм.
1.2 КМ ШУГАМ ХОЛБОХ ГЭЖ ГУРВАН ЖИЛ ДУНШИВ
Баянгол, Сонгино, Зайсанд дэд станц бариад дууссан, одоо харин холболтын ажлаа хүлээж байна. Хэрэв энэ бүгд ажиллаад эхэлчихвэл нийслэлийг тойрсон цахилгаан станцын тойрог бүрдэх ёстой. Үүний нэг нь Зайсан дахь дэд станц. Уг нь ажил нь дуусаад, хуучин ажиллаж байсан Улиастайд байрлах “Улаанбаатар” дэд станцтай холбогдоод эхэлчихсэн. Харин “Сонгино”-оос “Зайсан” дэд станц хүртэлх 50 км шугамаас 1.2 км ЦДАШ-ын холболт үлдээд байгаа аж.
Энэ нь шугамд орсон Хан-Уул дүүргийн XI хороо, Зайсангийн аманд байрлах зургаан аж ахуйн нэгж, байгууллага газраа чөлөөлөөгүйгээс дээрх 1.2 км газарт холболт хийж чадалгүй гурван жил гацжээ. 2012 оноос хойш гурав дахь засгийн нүүр үзээд буй тус төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын үе үеийн сайд нар дэмжиж, дээрх аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг нь хэсэгчлэн цуцлах тушаал гаргаж байжээ. Гэсэн ч том толгойтой аж ахуйн нэгжүүд хэрэгсдэггүй гэнэ.
Ямартай л сайдын тушаалтайдаа бардан “Шүүхийн шийдвэрээ аваад ир” гэх төслийн ажил гүйцэтгэгч нарын “даалгавар”-ыг хоёр цагийн дотор биелүүлж байх вэ. Тус трасст орсон газрыг “Гоби ресурс хилл”, “Содон санаа”, “Улиастай чулуу”, “Хайланд трэвэл”, “Хохо”, “Би би лэнд” компаниуд эзэмшдэг бөгөөд нэг байгууллагын газарт тавхан тулгуур шон л босох ёстой аж. Жишээлбэл, “Гоби ресурс” компани дархан цаазат газарт 41 га газар эзэмшдэг бөгөөд төслийн ажил эхлэх үед л том хашаа татсан байсан гэнэ. Татсан хашаа одоо ч хоосон.
Авто зам руу хашаагаа шахаж хатгасан учраас тулгуур босгох нэг метр зай ч үлдээгээгүй нь шүүхээр явах шалтгаан болоод буй. 41 га талбайгаас нь 0.5 га-г нь улс өөрийн эзэмшилдээ буцаан авах шийдвэр гаргасан ч дуртай үедээ шүүхийн шийдвэр гаргуулж, төрийн ажил, нөгөөтээгүүр 1.3 сая иргэний эрх ашгийг боож гурван жил дураараа авирлаж байна. Хамгийн сүүлд буюу энэ оны наймдугаар сарын 10-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат газар ашиглах эрхийг нь хэсэгчлэн цуцлах тухай шийдвэр дахин гаргаж, тулгуур босгох ажлаа эхлүүлсэн ч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул өнгөрсөн сарын 18-нд шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гаргаснаар ажлын хэсгийнхэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болоод байгаа гэнэ.
БАРЬЦААЛСАН ТОХИРОЛЦОО
“Хүннү молл” үйлчилгээний төвийн замын эсрэг талд АПУ компанийн эзэмшлийн талбай байдаг юм байна. Тус талбайд мөн л цахилгаан дамжуулах трасс холбох ёстой. Тус байгууллага “Шугам сүлжээний барилга байгууламж барьсан газрын үнэлэмж буурдаг” хэмээн газраа чөлөөлөхөөс татгалзсан. Гэхдээ тус газарт “Шунхлай” шатахуун түгээх станц барих зөвшөөрөл олговол газраа чөлөөлнө гэсэн барьцаатай тохиролцоо хийжээ. Энэ сарын 12-нд тус талбайд очиход шатахуун түгээгүүрийн барилга барьж байсан юм.
Нийт 52.1 тэрбум төгрөгийн өртөгтэй, 97 км шугамын ажил энэ хэдхэн байгууллагын эрх ашгаас болж гурван жил сул зогслоо. Цаашид хэдэн жил Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг, нийслэлийн хувь заяа, 1.3 сая иргэний амьдрах орчин, эрүүл мэнд тэднээс болж хохирох бол.