Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд 2020 он гэхэд есөн цэцэрлэгт хүрээлэн байгуулах болсон билээ. Тэгвэл эхний цэцэрлэгт хүрээлэнг Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны нутаг, “Цагдаа” толгой орчимд байгуулах боллоо. Үүний хүрээнд нийт дөрвөн га газарт бүтээн байгуулалт өрнүүлнэ. Ингэхдээ сагсан бөмбөг болон хөлбөмбөгийн талбай барьж, орчин үеийн стандартаар дугуйн болон гүйлтийн зам тавихаас гадна хүүхэд, залуус, ахмад настнуудад зориулсан чийрэгжүүлэлтийн талбай байгуулахаар зураг төсөлд тусгажээ.
Зорин ирэх иргэдийн ая тухыг хангахын тулд эко хавтангаар автомашины 100 зогсоол байгуулах аж. Цэцэрлэгт хүрээлэнд зүлэг, мод, бут, сөөг тарьж, иж бүрэн гэрэлтүүлэг суурилуулах гэнэ. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Иргэд амарч, зугаалах орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай учраас дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн болон ногоон байгууламж бүхий талбай байгуулахад анхаарч байгаа. Үүний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XXII хороонд цэцэрлэгт хүрээлэн барих боллоо. Хөрөнгийг нь ирэх оны төсөвт суулгасан. Цаашид ийм талбай олныг байгуулна” гэв.
Дашрамд сонирхуулахад, эл цэцэрлэгт хүрээлэнг ирэх онд ашиглалтад оруулах бөгөөд нийт 2.1 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Үүний 500 сая төгрөгийг дэд бүтцийн ажилд зарцуулах юм.
Бэлтгэсэн: М.Оч