“Туушин”-гийн урдах хэсгийг чөлөөлөв 2018.10.16-ны 10.40 цаг
Нийслэлийн төв талбайн хажууханд байрладаг “Туушин” зочид буудлын шат, зөвшөөрөлгүй барьсан автомашины орц, гарцыг өчигдөр эвдэж, арчиж хаялаа. Иргэд энэ явдлыг алга ташин хүлээн авч байна. Явган хүний замаас хумсалсан, өөрсдийн эрх ашгийг хуулиас дээгүүрт тавьсан энэ мэт зөрчилтэй аж ахуйн нэгж нийслэлд цөөнгүй бий. Тэдний сонгодог жишээ болсон “Туушин” зочид буудлынхны хууль бус үйлдлийг таслан зогсоосон нь бусад байгууллагад сануулга болоосой. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу урдах талбайгаа чөлөөлж, явган хүний зам гаргахыг тус зочид буудлын удирдлагад нийслэлийн Газрын албанаас удаа дараа шаардаж, энэ сарын 15-ны дотор зохих арга хэмжээ авахыг анхааруулсан аж. Гэвч заасан хугацаанд арга хэмжээ аваагүйгээс гадна тавьсан шаардлагыг “нохой хуцах”-аас дор үзжээ. Иймд өчигдөр албадан буулгасан юм.
Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижир “Иргэд, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр газраа сонгох, хашаа хатгах, өргөтгөл барих тохиолдол ихсэж байна. Тийм байгууллагуудад арга хэмжээ аваад эхэлсэн. Тэдгээрийн нэг нь “Туушин”. Зам чөлөөлснөөр явган зорчигч чөлөөтэй нэвтрэх боломж бүрдэнэ. Явган зорчих хэсгийг хаасан, зөрж өнгөрөх байтугай нэг ч хүн явах боломжгүй болгосон газар олон бий. Жишээ нь Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехникийн коллежоос III сургууль руу явдаг зам дагуу зөрчилтэй байгууллага нэлээд байгаа. Олон аж ахуйн нэгж байгууллагад шаардах бичиг хүргүүлсэн. Заасан хугацаанд зохих арга хэмжээ авахгүй бол газрыг нь албадан чөлөөлөхөөр ажиллаж байна” гэлээ. Албадан чөлөөлөх ажлаас үүдэлтэй гарсан зардлыг буруутай аж ахуйн нэгжүүдээр төлүүлэхээр Газрын тухай хуульд тусгасан байдаг. Анхнаасаа хууль дүрмээ дагасан бол тэд эдийн засгаараа давхар хохирохгүй байжээ.
Ковш машины “савар” зочид буудлын урдах талбайг орвонгоор нь эргүүлж байх үеэр гартаа бичиг, цаас барьсан, буржгар үстэй, махлаг эмэгтэй “Бид гадаад, дотоодын нэр хүндтэй олон зочин хүлээж авдаг. Та нар ингэж болохгүй” хэмээн нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийнхэнтэй үг сөрж байв. Түүнээс тодруулга авах гэтэл “Мэдээлэл өгөхгүй” гээд зочид буудал руугаа орчихлоо.
“Туушин”-гийн хажуугаар өнгөрөх хүмүүс “Нийтийн эзэмшлийн газарт явган хүний зам хааж, зохих зөвшөөрөлгүй шат, өргөтгөл, автомашины зогсоол барих нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчдөг. Ингэж буулгах нь зөв” гэсэн бол дуут дохиогоо хангинуулан, яарсан жолооч нар “Замын хөдөлгөөний ачаалал ихтэй үеэр ийм ажил эхэлсэн нь хүндрэл учруулж байна, шөнийн цагаар хийж болдоггүй юм уу” гэж байлаа.
Ингэж бужигнаж байх үед “Амгалан” амаржих газрын зүүн урд байрлах ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлгийн гаднах хашааг Нийслэлийн Газрын албаныхан мөн буулгасан юм. Тус эмнэлгийн угтах үйлчилгээний ажилтан “Манай байгууллага нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийн дагуу арга хэмжээ авч амжаагүй ч эсэргүүцээгүй. Гадна хашаагаа буулгачихвал иргэд чөлөөтэй зорчихуйц явган замтай болно. Энэ мэт зохион байгуулалттай ажлыг нийтээр нь хийж байж л нийслэл хөгжинө. Манайхаас гадна энэ хавийн олон байгууллагын хажуугаар явахад хэцүү, машинд шүргүүлчих гээд хүндрэлтэй байдаг. Тиймээс газар чөлөөлөх ажлыг дэмжинэ” гэсэн юм. Тэд төрийн ажлыг дэмжиж байгаа нь сайшаалтай ч бас л заасан хугацаанд зохих арга хэмжээ аваагүй нь учир дутагдалтай. ЭМЖЖ эмнэлэг үйлчлүүлэгчдээ хүлээн авч, үзлэг шинжилгээгээ хийхэд газар чөлөөлөх ажил саад болоогүй учир эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байлаа.
ЭМЖЖ эмнэлгийн хашааг буулгалаа 2018.10.16-ны 11.20 цаг
Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн албан байгууллагууд үйлчлүүлэгчдэдээ зориулсан наад захын тохижилт хийдэггүйг дээрх жишээнээс харж болно. Нийслэлд энэ мэт барилга байгууламжийнхаа гадна явган хүний зам байгуулаагүй үйлчилгээний газар олон бий. Тухайн газраас гарсан хүмүүс шууд л автомашины зам дээр гардаг нь осол гарах “таатай” нөхцөл юм.
Нийслэлийн газрын албаныхан дээрх хоёр газраас гадна өөр аж ахуйн нэгжүүдэд ч шаардлага хүргүүлсэн гэнэ. Түүний нэг нь Монголын хүүхдийн ордны эсрэг талд барилгын ажил явуулж буй нэр нь үл мэдэгдэх компани. Автомашины замд тулгасан хашааг нь ч буулгах гэнэ. Тус барилгын эзэд хашааныхаа гадна талд “Явган хүн зорчихыг хориглоно”, “Барилгын ажил явагдаж байна, дээрээс юм унах аюултай” гэсэн бичиг наасан нь “Явган хүн зорчиж болохгүй гэж анхааруулж байхад дээрээс юм унавал чиний хохь” гэж заналхийлснээс ялгаагүй. Хууль зөрчин явган хүн зорчих замыг хашчихаад, дээрээс юм унахаас сэргийлсэн аюулгүй орчны бүс ч хийгээгүй байна. Тус газрын хажуугаар явган явахад хаанаас машин гарч ирээд шүргэчих бол гэсэн айдас салсангүй. Тус барилгын эсрэг талд Монголын хүүхдийн ордон байрладаг учраас хүүхдүүд байнга зорчдог. Тиймээс дараагийн ээлжинд газрын албаныхан энэ хашааг нураах болжээ, баярлалаа.
Монголын хүүхдийн ордны замын эсрэг талд барьж буй барилгын хашаа 2018.10.16-ны 12.00 цаг
Бэлтгэсэн: Г.Баясгалан