Би өглөө бүр найман минут хэртэй алхаад автобусанд суудаг юм. Тэндээсээ дөрвөн буудал газар түгжирсээр ажилдаа ирэхэд нийт 35 минут зарцуулна. Автобусанд суулгүй алхахад бас л 35 минут. Эндээс харахад ойр газар алхах, автобусанд суух цаг хугацаа хэмнэхийн хувьд нэг их ялгаагүй. Гэхдээ өвлийн хүйтэнд алхах бүрт “Зориулалтын замтай байсан бол дугуйгаар явж, цагаа хэмнэхээс гадна энэ их утаанд хордож, удаан алхахгүй байсандаа гэх бодол төрдөг юм.
Уг нь нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Никель Ганбаа” ХХК-иас манайд өнгөрсөн зун “Ubike” гэх дугуй түрээслэх үйлчилгээ нэвтрүүлж, иргэд ч сайшаан хүлээн авсан. “Цагаа олсон төсөл хэрэгжих гэж байна, дугуй түрээслэх үйлчилгээг нэвтрүүлбэл дагаад зориулалтын зам ч бий болно. Ингэснээр замын хөдөлгөөний ачаалал буурна” хэмээн төсөл хэрэгжүүлэгчид ярьж байв.
Гэвч уг төслийг хэрэгжүүлээд гурван сарын хугацаа өнгөрөхөд түрээслэх дугуйн тоо ширхэг, зогсоол нэмэгдсэнээс өөр дорвитой үр дүн гарсангүй. Уг нь замын хөдөлгөөний ачаалал бага ч болов буурах ёстой. Гэтэл үр дүн хараахан гарч амжаагүй байхад тэд дахин өөр нэг төсөл “өлгийдөн” авчээ. Энэ нь 2019 оны тавдугаар сараас хэрэгжих скүүтер түрээсийн “Uscooter” үйлчилгээ. Үүнийг мөн “Никель Ганбаа” ХХК хийхээр төлөвлөн, скүүтерүүдээ үйлдвэрлэж эхэлсэн гэнэ.
Уг нь дэлхийн жишгээр юуны түрүүнд богино болон урт хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан, дэд бүтцийн асуудлаа шийддэг. Дараа нь дугуй болон скүүтерээ хэрэглэгчдэд санал болгодог аж. Сүүлийн үед скүүтер түрээслэх үйлчилгээ АНУ-ын томоохон хотуудад хурдацтай дэлгэрээд байгаа. Энэ зах зээлд тэргүүлж буй хоёр компанийн нэг нь “Limebike”. Уг компани 2017 оны зургадугаар сараас эхлэн Америкийн 50 гаруй хотод дугуй түрээслэх үйлчилгээ нэвтрүүлжээ.
Үүнийгээ Лос-Анжелес, Сан Диего, Сан Франциско, Сан Хосе, Вашингтонд хэрэгжүүлсэн нь амжилттай болсон төдийгүй цаашид өөр хотод ч үйл ажиллагаагаа тэлэх зорилготой гэнэ. Дугуй түрээслэх үйлчилгээг нэвтрүүлсэн хоёр дахь компанийг үүсгэн байгуулагч Тревис Вандер Занден “Бидний зорилго бол автомашинаар зорчигчдын тоо, утаа, түгжрэлийг бууруулах юм. Үүнийг нэвтрүүлснээр гурван км-ээс бага зам туулж буй автомашины тоог 40 хувиар бууруулна гэж тооцоолж байна” гэжээ. Гадаадынхан төслийнхөө үр дүнг энэ мэтчилэн урьдаас тооцоолдог юм байна.
Харин манайд эсрэгээрээ. Дугуй түрээслэх үйлчилгээ нэвтрүүлснээр замын хөдөлгөөний ачаалалд ямар үр дүн гарах тооцоолол байгааг нйислэлийн Захирагчын ажлын албаныхнаас тодруулахад “Никель Ганбаа” ХХК-ийн захирал Г.Дашнямтай холбосон юм. Харин тэрбээр “Замын хөдөлгөөнийг төдөн хувиар бууруулна гэсэн тооцоо алга. Ямартай ч эхний ээлжинд дугуй болон скүүтерийн зогсоолыг тохижуулах ажил хийж байна. Цаашдаа автобусны буудлуудын дэргэд зогсоол барьж, иргэдэд түрээсийн үйлчилгээг ойртуулахаар төлөвлөж байгаа” гэв.
Нийслэлийн хэрэглэгчдийн 9.7 хувь нь нэг, 23 нь хоёр, 45 нь таван км зам туулахын тулд өдөр бүр автомашин унадаг гэсэн судалгааг нийслэлийн Тээврийн газраас гаргасан. Энэ нь 14 мянган хүн өдөр бүр ердөө нэг км газарт тээврийн хэрэгслээ ашигладаг гэсэн үг. Тэд ихэвчлэн хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэхийн тулд машинтайгаа “нөхөрлөдөг” аж. Дүн өвлийн хүйтэнд бага насны хүүхэдтэйгээ хол алхвал даарч, утаанд хордон, ханиад хүрэхээс эхлээд зовлон их. Тиймээс аргагүйн эрхэнд автомашинаа унадаг байх нь. Автомашинтайгаа нэг цаг түгжрэхэд 0.8 литр шатахуун хий дэмий зарцуулдаг.
Энэ нь ойролцоогоор 1499 төгрөг (аравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар). Өдөрт 1499 төгрөг хий дэмий зарцуулдаг гэвэл сард багадаа 44 мянган төгрөг түгжрэлд “түгжүүлсэн”-ийхээ татварт төлдөг гэсэн үг. Ингэж бодохоор дугуй, скүүтэр гэх мэт түрээсийн тээврийн хэрэгслийг сонгож цаг, мөнгөө хэмнэмээр. Өдөр бүр түгжирч зогсохдоо л 1500 төгрөг үрж байснаас нэг цаг дугуй түрээслэх нь хамаагүй ашигтай. Дугуй унахад биеийн бараг бүх булчин ажиллаж байдаг тул эрүүл мэндэд гойд тустай. Түүнчлэн хорт хий ялгаруулахгүй, байгаль орчинд ээлтэй, зогсоол хайж цагаа дэмий үрэх шаардлагагүй гэх мэтээр давуу тал их. Энэ боломжийг ашиглахын тулд замын хөдөлгөөний зохицуулалт болон зориулалтын зам иргэдэд яалт ч үгүй хэрэгтэй.
Дугуйчид замын хөдөлгөөнд оролцоход багагүй саадтай тулгардаг гэнэ. Ихэвчлэн явган хүний зам дээгүүр жирийлгэж, эсвэл автомашинуудтай зэрэгцэж эгнээ байр солин сүлжилдэнэ. Автомашинтай явж буй хүмүүс ч дугуйчдад тун “дургүй”. “Дайруулчих гээд явж өгдөггүй. Гүйцэж түрүүлэх гэхээр зай байхгүй” гэж жолооч нар дургүйцнэ. Дугуйчид ч зам хөндлөн гарахдаа дугуйнаасаа бууж хөдөлгөөнд оролцох ёстой гэх мэт наад захын дүрмээ биелүүлдэггүй.
Үүний шалтгаан нь тэдэнд тавих хяналт, зохицуулалт байдаггүйтэй холбоотой. Дугуйчид болон автомашинтай иргэд хоорондоо ийн зөрчилдөж байхад дээрээс нь скүүтэртэй иргэд замын хөдөлгөөнд оролцоход ачаалал тэр хэрээр нэмэгдэж болзошгүй.
Хөдөлгөөнд оролцож буй хүүхдүүдийн 50 хувь нь харгалзах хүнгүй буюу ганцаараа гарцаар гарч байхдаа осолд өртдөг гэсэн судалгаа бий. Харин ирэх оны тавдугаар сараас хэрэгжих скүүтер түрээслэх үйлчилгээг 16-гаас дээш насныхан авч болно гэж шинэчилсэн дүрэмд тусгажээ. Биеэ даах чадваргүй хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцоод эхэлбэл ачаалал улам ихсэх магадлалтай. Тэгэхээр замын хөдөлгөөний зохицуулалтыг илүү боловсронгуй болгохгүй бол осол, аваар улам нэмэгдэхийг үгүйсгэхгүй.
Үүнд хэрхэн анхаарч байгааг тодруулахад “Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд өөрөө явагч тээврийн хэрэгслийн (скүүтер, мопед гэх мэт) хэмжээ 50 шоо метрээс хэтрэхгүй, цахилгаан хөдөлгүүрийнх нь хүчин чадал дөрвөн кВт-аас ихгүй тохиолдолд зорчин явах эгнээний баруун захаар замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн. Зориулалтын зам эгнээ байхгүй тохиолдолд мопед, унадаг дугуй, скүүтертэй зорчигч аюулгүй, шуурхай зорчиход дүрмийн энэ заалт чухал ач холбогдолтой” гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхгэрэл хариулсан юм.
Мөн дугуйт тэшүүр, хавтан болон түүнтэй ижил төстэй спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр явган хүний замаар зорчихыг хоригложээ. Өөрөөр хэлбэл, скүүтер нь мопедын төрөлд хамаарах тул 16-гаас дээш насныхан хэрэглэж, нэгдүгээр эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэсэн үг. Гэхдээ явган хүний замаар явж болохгүй. Ингэхээр скүүтер унасан 16 настнууд замын хөдөлгөөнд оролцохдоо бэртэхгүй гэсэн баталгаа алга. Тэд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах бус “нэрмээс” болох ч талтай.
Зарим тохиолдолд нэгдүгээр эгнээнд ч түгжрэл үүсдэг. Энэ үед скүүтертэй явсан ч, машинтай явсан ч ялгаагүй түгжирнэ. Тэгэхээр дээрх замын хөдөлгөөний зохицуулалт хөрсөн дээр буухдаа үр дүнгүй байх талтай. Иймээс нэн түрүүнд зориулалтын зам, талбайг нэмэгдүүлж, өөрөө явагч хэрэгслийг хэрхэн замын хөдөлгөөнд оролцуулах талаар дахин дүрэм, журам боловсруулсан нь дээргүй юү.
Г.Баясгалан