Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд хоёр давхар, тоосгон барилга он удаан жил “эзэн” нь юм шиг данайж байгаа талаар манай сонин хэдэнтээ хөндөн бичиж байв. Энэ барилгыг зохих ёсны зөвшөөрөлгүй барьсныг хууль хяналтын байгууллагаас ч тогтоосон билээ.
Тэгвэл гурван шатны шүүхийн шийдвэр болон НИТХ-ын тэргүүлэгчдийн 2010 оны тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга С.Батболд энэ сарын 24-нд Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгах А/879 тоот захирамж гаргажээ.
Энэ дагуу Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэр дэх Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүс дэх 3600 ам метр газрыг хашаалж, 270 ам метр талбайд барьсан хоёр давхар барилгыг өчигдөр албадан буулгав. Арваад жил маргааны бай болсон тус барилга нь “Номин холдинг”-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайханы өмчлөлд бүртгэлтэй аж.
“Хууль бусаар газар олгох явдлыг таслан зогсоохоор хатуу тэмцэж эхэлсэн хотын даргын захирамжийн дагуу ШШГЕГ, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэл болон Сүхбаатар дүүргийн Газрын албаныхан хамтарч албадан буулгаж байна.
Ингэхдээ өмчийн эзэмшигчийг байлцуулан, байшин доторх эд зүйлсийг цагдаагийн байгууллагынхан бүртгэж, протокол хөтөлсний дараа буулгасан. Албадан буулгасан зардлыг төсвөөс гаргасан. Дараа нь буруутай этгээдээс шүүхийн шийдвэрийн дагуу зардлаа гаргаж авдаг журамтай” хэмээн нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун ярив.
Хамгаалалтын бүсийн 3600 ам метр газрыг чөлөөлснөөр Чойжин ламын сүм музейнхэн энэ талбайгаа тохижуулж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.
Хууль бусаар олгосон газарт зөвшөөрөлгүй барьсан барилгуудыг албадан буулгах шүүхийн тогтоол шийдвэр нэгэнт гарсан бол түүнийг нь ном ёсоор гүйцэтгүүлэх тал дээр нийслэлийн удирдлага цаашид ч анхаарч ажиллах гэнэ.