Нийтийн тээврийн зарим чиглэлийн цагийн хуваарийг өчигдрөөс өөрчилжээ. “Автобуснуудын үйлчилгээнд гарах цагийг урагшлуулах шаардлагатай. Ялангуяа зуслангийн бүс болон хотын төвөөс алслагдсан газруудын автобусыг эрт явуулж эхэлье” гэсэн санал иргэдээс нэлээд ирсэн аж. Үүний дагуу долоон чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулсныг дэлгэрэнгүй хүргэе.
“Ч:42” дугаарын Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан чиглэлд зорчих автобусны тоог нэмэгдүүлж, 7-8 минут тутамд нэг тээврийн хэрэгсэл явуулахаар зохицуулах болжээ.
“Ч:28” дугаарын Сэлх-Долоон буудал-“Ард” кино театр чиглэлийн автобус Сэлхээс 06.35, “Ард” кино театраас 06.47 цагт хөдөлнө.
“Ч:32” дугаарын Улиастай-“Баянмонгол” хороолол-“ТЭЦ-III” чиглэлийн автобусыг “ТЭЦ-III” талаас 06.46 цагаас явуулах болов.
“Ч:38” дугаарын ХМК-Саппоро- III, IV хороолол-Хайлааст чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийг Хайлааст талаас 06.45 цагт явуулж эхэлнэ.
“Ч:41” дугаарын Баруун салаа-Их тойруу-Халдвартын эмнэлэг чиглэлийн автобусыг Халдвартын эмнэлэг талаас 06.55 цагаас явуулах нь.
“ХО:2” дугаарын Шаргаморьт- “Дүнжингарав” худалдааны төв чиглэлийн автобус “Дүнжингарав” худалдааны төвөөс 06.45 цагт хөдөлнө.
М.Оч