Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийн дагуу жил бүрийн тав, аравдугаар сарын эхний хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгосон. Энэ жил намрын мод тарих ажлыг зохион байгуулахдаа шинээр олон мод суулгахаас гадна өмнө нь тарьсан модоо арчлахыг нийслэлийн Байгаль орчны газраас уриалсан юм. Энэ уриалгыг дэмжин, нийслэлд 10 212 иргэн чацаргана, улиас, голт бор, шар хуайс, гүйлс, монос, нарс, гацуур, шинэс, хайлаас зэрэг 15 төрлийн 26 264 мод нэмж тарьсан гэх урьдчилсан мэдээ гарчээ.
Иргэд өмнө нь тарьсан модоо усалж, тогоог нь цэвэрлэн, хөрсийг нь сийрэгжүүлсэн байна. Түүнчлэн ойр орчмын шар өвсийг цэвэрлэн, хөл газрын ургамлыг түүжээ. Намрын мод тарих ажлын хүрээнд БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа хөгжлийн төв, нийслэлийн Байгаль орчны газар хамтран “Тарьц суулгац-2018” үзэсгэлэн, худалдааг МҮЭСТО-д энэ сарын 10-12-нд зохион байгуулсан төдийгүй дүүрэг бүрт тарьц суулгац худалдсан байна.
ОРХОН, БАЯН-ӨЛГИЙНХӨН МАНЛАЙЛАВ
Энэ жилийн мод тарих үндэсний өдөрт Орхон аймгийнхан идэвхтэй оролцжээ. Тэндэхийн иргэд Эрдэнэтийн таван байршилд 3900 орчим мод тарьсан аж. Энэ үеэр цэцэрлэгч, ногоон байгууламжийн мэргэжилтнүүд иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна. Өөр нэг таатай мэдээ нь тус аймгийн Сархиа, Баян-Өндөр уулын энгэр, Баянбулагийн хойд хэсэгт өнгөрсөн жил тарьсан моддын 98 хувь нь ургажээ.
Харин Монгол орны баруун хязгаарын Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг 90 гаруй байгууллага “Өлгий” нисэх буудлын зам дагуу гурван га талбайд бургас, улиас гэх мэт 1700 гаруй мод тарьсан байна. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд 2013 оноос хойш Баян-Өлгий аймгийн хэмжээнд 300 мянга орчим мод суулгасан бөгөөд 75-аас дээш хувь нь ургасан аж. “Өнгөрсөн хавар тус өдөрлөгөөр 20 мянган ширхэг мод суулгасан бол энэ намар 10 мянга гаруйг нэмж тарилаа” гэж аймгийн Өлгий сум дахь Сум дундын ойн ангийн дарга С.Ерболат хэлэв. Өлгийд мод тарихад тулгардаг хамгийн том бэрхшээл нь усалгаа гэнэ. Өмнөх жилүүдэд тарьсан модоо худаг гарган усалж байгааг тэрбээр онцоллоо.
Мөн Дархан-Уул аймгийн иргэд өнгөрсөн онд байгуулсан хоёр га төглөө арчилснаас гадна энэ жил дөрвөн байршилд 10 мянган ширхэг мод тарьж, ногоон байгууламжаа нэмэгдүүлсэн байна. Баянхонгорын иргэд ч өмнөх жилүүдэд тарьсан суулгацдаа санаа тавьсан гэнэ. “Экологийн тэнцвэргүй байдал, цөлжилтийн эсрэг хүний хийж чадах ажил бол мод тарихаас гадна түүнийгээ арчлах. Сүүлийн 20 жилд бидний тарьсан мод ургасан бол ширэнгэн ой дунд амьдрах байлаа” гэж тус аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийнхэн хэлэв. Тиймээс “Мод тарьсан бол заавал ургуулаарай” гэсэн уриан доор тус аймгийнхан өөрсдийн бий болгосон ногоон байгууламжаа усалж, хөрсийг нь сийрэгжүүлжээ.
Бэлтгэсэн: Г.Баясгалан