Энэ онд 13 аймгийн 55 суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдсэн. Уг өвчнийг намжаах, ялангуяа олон хүн суурьшсан нийслэлд нэвтрэхээс сэргийлэхийн тулд хотын эргэн тойронд байрлах долоон товчоогоор орж ирэх машинуудыг өнгөрсөн наймдугаар сараас хойш ариутгаж, халдваргүйжүүлжээ. Харамсалтай нь, энэ ажил олон нийтээс сайн дүн авсангүй. “Улаанбаатар руу ордог, гардаг товчоон дээр иргэдийн машин руу бодис шүршиж, дөрвөн сарын турш 1000 төгрөг хураалаа. Шөнө цацдаггүй, өглөө эхэлдэг энэ бизнесээ зогсоо” гэж сайнаар бус, саараар ярьсан нь олонтоо. “Дарга нарын машиныг ариутгадаггүй, шууд оруулдаг. Вирус хүртэл албан тушаал хардаг хэрэг үү” зэрэг олон шүүмжлэл дагуулсан ариутгал, халдваргүйжүүлэлтийг энэ сарын 7-нд зогсоожээ. Эл ажил үр дүнд хүрсэн үү, эсвэл улсын мөнгөөр тоглож, нүглийн нүдийг гурилаар хуурсан хэрэг байв уу гэдгийг тодрууллаа.
“МӨНГӨ ТӨЛӨХ НЬ Л ЧУХАЛ ГЭЭД ОЙЛГОЧИХСОН”
Байгуулаад удаагүй, “будаг нь ханхалсан” Мал эмнэлгийн ерөнхий газраас эрлээ эхэллээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн баталж, өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор тус газрыг байгуулсан билээ. Тэд тээврийн хэрэгсэл ариутгахад бараг оролцдоггүй, хааяа нэг хяналт тавьдаг гэнэ. Уг ажлыг нийслэлийн Мал эмнэлгийн газрынхан хэрэгжүүлдэг, харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьдаг хэмээн өөрсдөөсөө зайлууллаа. Энэ төрлийн халдваргүйжүүлэлтийг орон нутгийн засаг захиргааны шийдвэрээр, мал эмнэлгийн байгууллагын зөвлөмж, саналыг үндэслэн хийдэг журамтай аж.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн наймдугаар сарын 17-нд Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/740 дугаарын захирамж гаргажээ. Үүний дагуу Улаанбаатар хот руу орж ирэх тээврийн хэрэгслийг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулсан байна. “Орон нутагт дэгдсэн гоц халдварт өвчин тээврийн хэрэгслийн эд анги, дугуйгаар дамжин Улаанбаатарт зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх, түүгээр дамжуулан хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор халдваргүйжүүлэлт хийдэг. Үүнд хоёр талын үүрэг хариуцлага хамгийн чухал.
Нэг талаас ариутгал хийж байгаа байгууллагынхан чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой. Нөгөө талаас жолооч нар тээврийн хэрэгслээ технологийн дагуу бүрэн гүйцэд ариутгуулах үүрэгтэй. Гэтэл жолооч нар мөнгө төлчихөөд бушуухан явах гэдэг. Мөнгө төлөх нь л чухал гээд ойлгочихсон. Тийм биш шүү дээ. Гол нь хүн амын хүнсний аюулгүй байдал гэдгийг иргэд ухамсарлаасай” гэж Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн Б.Чулуунчимэг хэлэв.
Машины дугуй руу яг юу цацдагийг тус байгууллагынхнаас тодруулахад “Мал эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис ашиглах ёстой. Жишээ нь, 2018 онд мал эмнэлгийн ариутгалын зориулалтаар ашиглаж болох 39 нэр, төрлийн бодисын жагсаалтыг БОАЖ-ын, ХХААХҮ-ийн болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан. Эдгээрээс тээврийн хэрэгсэл ариутгахад зориулагдсаныг нь сонгож хэрэглэнэ” хэмээлээ. Газар дээрээ үнэхээр зөвшөөрөгдсөн бодисуудыг хэрэглэж байгаа, эсэхийг тус байгууллагынхан даанч мэдэхгүй. Үүнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хяналт тавьдаг гэв.
БОДИСЫН ЧАНАРЫГ ХААЯА Л ШАЛГАДАГ
Гэтэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан ч бас бараг хяналт тавьдаггүй болж таарав. “Бид ариутгалын үйл явцыг хянадаггүй. Ариутгалын бодис чанарын шаардлага хангаж байгаа, эсэхийг шалгадаг” гэв. Юутай ч тус газрынхнаас лавласны эцэст халдваргүйжүүлэлтийн бодис нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, холбогдох зааврын дагуу найруулсан байх ёстойг мэдэж авав. Тус газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Баярсанаа “Бид товчоодод тогтмол ажиллаад, үйл ажиллагааг нь хянах боломжгүй.
Харин ариутгалын бодис нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, эсэхийг шалгана. Мөн зааврын дагуу найруулсан, эсэхийг шалгахын тулд цацаж байгаа болон найруулсан бодисоос дээж авч, лабораторид шинжлүүлээд, дүгнэлт гаргадаг. Дээжээ Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын харьяа “Хабул”, мал эмнэлгийн сорилт, баталгаажуулалтын “Мээсбул” лабораторид өгч шинжлүүлдэг. Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн дугуйг бүтэн, тэвшний доод талын хэсгийг ариутгах ёстой. Харин өвчний голомтоос ирж байгаа машиныг иж бүрэн халдваргүйжүүлэх шаардлагатай байдаг. Гэтэл манайхан үүний дагуу ариутгаж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Орон нутгаас ирж байгаа тээврийн хэрэгслийг дугуйг нь зааврын дагуу гүйцэд халдваргүйжүүлэхийн тулд бодистой усаар гатлуулаад, тэвшнийх нь доод талыг бүрэн ариутгаж чадаж байна уу, гэвэл үгүй” хэмээсэн.
Ийнхүү сайн ариутгаж чадахгүй байгаа гэдгийг тус байгууллагынхан хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэдэнд ч бас асуудал байна. Уг нь ариутгалын бодисыг тогтмол шалгах ёстой атал, тэд хааяа нэг очиж дээж авчихаад, түүнийхээ хариуг нь өчнөөн олон хоногийн дараа өгдөг гэнэ. Халдваргүйжүүлэлтийн ажил өдгөө зогсчихоод байхад сүүлд авсан дээжийнх нь хариу, дүгнэлт ч гараагүй байх жишээтэй. Тэднийг ийнхүү мунгинах завсарт газар дээр нь ажиллаж байгаа хүмүүс үнэхээр зориулалтын бодис биш, олны хардаж байгаачлан ус цацахыг ч үгүйсгэх аргагүй.
ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН БУРУУТАЙ
Гол ажлыг хэрэгжүүлдэг нийслэлийн Мал эмнэлгийн газарт очлоо. Өнгөрсөн хугацаанд ариутгал хийсэн долоон цэгийн хоёрт нь тэднийхэн өөрсдөө ажиллажээ. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, үлдсэн таван цэгт ажиллуулсан бөгөөд дөрөв хоног тутамд үйл ажиллагааг нь шалгадаг байжээ. Хувийн эмнэлгийнхэн хариуцдаг цэгүүдэд нэлээд асуудал гардаг, нэг хэсэг нь согтууруулах ундаа хэрэглэдэг, зарим нь ариутгал хийхгүй, дүр эсгэх төдий оромддог, холбогдох дүрэм, журмын дагуу хүний нөөцөө бүрдүүлээгүй, шөнө ажилладаггүй зэрэг асуудал цөөнгүй гарсан бөгөөд тухай бүрт сануулга өгч, заримыг нь солих хүртэл арга хэмжээ авсан гэнэ. Тухайлбал, Баруунтуруунд ажиллаж байсан “Буян-Өхий” мал эмнэлгийн ажилтан гар утсаа оролдонгоо ариутгал хийх нэрээр оромдож байсан нь гэрэл зургаар баталгаажсан байгаагаас харж болно.
Тээврийн хэрэгсэл халдваргүйжүүлсний хөлс болох 1000 төгрөгийг юунд зарцуулдгийг Мал эмнэлгийн газрынхнаас лавлахад өөрсдийнх нь хариуцдаг хоёр товчооны мөнгө улсын төсөвт ордог гэж мэдээлэв. Харин хувийн хэвшлийнхэн үйл ажиллагааны зардал болгож авдаг хэмээсэн. Өөрөөр хэлбэл, хувийн эмнэлгүүдэд уг ажлыг хийлээ гэж улсаас ямар нэгэн зардал, төсөв өгдөггүй учраас 1000 төгрөгийн хураамжаар санхүүждэг аж. Тэр нь хаанаа ч хүрдэггүй, өнгөрсөн хугацаанд бараг сайн дураараа товчоодод ажилласан гэлээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу долоон товчоогоор орж ирэх автомашинуудыг ариутгахад нийт 18.7 сая төгрөг зарцуулах болжээ. Уг хөрөнгийг Мал эмнэлгийн газрынхан хариуцдаг хоёр товчооныхоо орлогоор төсөвт төвлөрүүлэх ёстой гэнэ. Гэтэл өдгөө машинуудаас авсан мөнгөөрөө 18 сая төгрөгөө ч төлж барагдуулж чадаагүйгээ учирласан.
Газрын дарга М.Адилбиш энэ талаар “Иргэдийн нүдэн дээр ил байгаа юм чинь би хаацайлж, өмөөрч, өмгөөлөх юм алга. Өнгөрсөн хугацаанд 104 900 тээврийн хэрэгсэл халдваргүйжүүлэлтэд хамрагдсан байна. Тэдний 50 орчим хувь нь л 1000 төгрөгийн хураамжаа төлсөн гэхэд буруудахгүй. Нийслэлийн ИТХ-ын 2014 оны тогтоолоор мал эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой бүх тарифыг баталсан. Түүнд тээврийн хэрэгслийг шүршдэг, өдгөө бидний ашиглаж буй аргаар халдваргүйжүүлэхэд уг нь 10 000 төгрөг авах ёстой гэж заасан байдаг. Гэхдээ одоогийн нөхцөлд иргэдийн боломж, бололцооноос шалтгаалаад 1000 төгрөг авч байна.
Тэрийгээ бүх хүнээс ч авч чаддаггүй. “Мөнгө байхгүй” гэвэл бид заавал өг гээд бусдад хүндрэл учруулаад зогсоогоод байхгүй, халдваргүйжүүлэлт хийгээд л гаргадаг. Нэгэнт нөхцөл байдал ийм учраас тээврийн хэрэгслийн татвар төлбөр авахдаа жилд нэг удаа ариутгал халдваргүйжүүлэлтэд зориулж, 1000 юм уу, 2000 төгрөгийг нэмж хурааж өгөөч ээ гэдэг асуудлыг холбогдох байгууллагуудад нь тавьж байна. Тэгвэл иргэдэд болон төсөвт ямар нэгэн дарамт учрахгүйгээр энэ ажлыг зохион байгуулах боломж бүрдэнэ” гэж ярив.
Асуудлыг шийдэхийн тулд тус байгууллагынхан мөн хоёр товчоонд олон улсын стандартын шаардлага хангасан ариутгалын төхөөрөмж бүхий цэг байгуулах зураг төсөл гаргажээ. Хотын дарга энэ санаачилгыг нь дэмжиж байгаа гэнэ. Ингэснээр халдваргүйжүүлэлт хийж байгаа мал эмнэлгээс гадна Мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа болон холбогдох бусад байгууллага хамтран цогц байдлаар ажиллах нэгдсэн төв барих бөгөөд одоогийн салан задгай, замбараагүй байдлыг цэгцлэх гол арга зам гэж үзэж байгаа аж. Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүрэг дэх Баруунтурууны авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд барихаар төлөвлөн, зураг төслийг нь бэлэн болгожээ. Нөгөөхийг нь Хан-Уул дүүрэг, Өлзийтийн уулзарт барихаар төлөвлөсөн байна. Энэ хоёр цэг барих төсвийг ирэх оны төсөвт тусгачихвал нөхцөл байдал арай өөр болно хэмээсэн.
ЭЦСИЙН “ЗОГСООЛ” ИРГЭД
Ингээд гол буруутан болоод буй зарим аж ахуйн нэгжийнхэнтэй холбогдоход түмэн зовлон тоочлоо. “Иргэдийн хариуцлагагүйтэй л холбоотой. Бид энэ ажлаас ашиг олоод, баяжсан юм алга. Харин ч ууртай, 1000 төгрөг төлөхгүй гэсэн иргэдэд хамаг тоног төхөөрөмжөө эвдүүлсэн” гэж зарим нь хэлж байхад нэг хэсэг нь “Шөнийн харанхуй, өвлийн хүйтэнд гадаа, машины зам хааж зогсоод, 20 литрийн савтай шингэн үүрээд ариутгал хийх тийм амар ажил биш. Энэ чинь хортой нөхцөл. Гэтэл бид бараг дайчлагдаж, үнэ хөлсгүй шахуу ажилласан шүү дээ. Төсвөөс бидэнд мөнгө өгдөггүй, үйл ажиллагааны зардлаараа буюу 1000 төгрөгөөрөө санхүүждэг. Орж ирж байгаа машинуудын бараг тал нь мөнгө өгөхгүй байхад бид яаж орлого олох вэ” гэх мэтээр төрөл бүрийн шалтаг хэлэв. Тэгээд мэдээж гол бурууг хариуцлагагүй иргэдэд чихээд дуусав. Харин иргэн та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
Бэлтгэсэн: М.Оч