Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг өнгөрөгч баасан гаргийн нэгдсэн хуралдаанаас хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ. Мөн ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм.
Тэрбээр “Дэлхий нийтийн санхүү, эдийн засгийн төсөөлөл бараан байхад 2019 оны төсвийн төсөл нь хэт өөдрөг, айсуй хямралыг огт тооцоогүй, бодит амьдралаас тасарсан, 2020 оны сонгуульд нөлөөлөх талаар илүүтэй бодсон, ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн болжээ. Маш олон жил давтагдаж байгаа, сонгуулийн өмнөх жил гишүүдийг аргадаж, тойрогт нь хийх хөрөнгө оруулалтыг өсгөх замаар “авлигаддаг” зуршлаас Засгийн газар татгалзаагүй байна.
2000-2004 онд Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа 72 гишүүнийхээ хэл амыг дарахын тулд нэг сая төгрөгөөр эхэлсэн “гишүүний мөнгө” хэмээх, тухайн тойрогт хийгдэх хөрөнгө оруулалт өнөөдөр таван тэрбум төгрөгт хүрч, 5000 дахин өсжээ” гээд огт зураг, төсөвгүйгээр тусгасан 375 барилгыг төслөөс хасах саналтайгаа илэрхийлэв. Үүнээс гадна төсвийн төсөл дэх хууль зөрчсөн зүйл заалтуудыг нэрлэсэн.
Тухайлбал, “Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5.1.3, Төсвийн тухай хуулийн 6.2.2 болон 22, 29.4 дэх заалтыг ноцтой зөрчиж байгааг засахгүйгээр энэ төсвийг баталж болохгүй. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төсөв алдагдалгүй байх ёстой” гэж ярьдаг, шаарддаг байснаа Сангийн сайд болж, өөрөө төсөв зохиох болохоороо 5.4-8 хувийн алдагдалтай төсвийн төсөл өргөн барилаа. Ялангуяа Төсвийн тухай хууль зөрчиж, гадаадын зээл, тусламжийн хөтөлбөр, төслүүдийг Сангийн яаманд төвлөрүүлэх нь гэсэн шүүмжлэл УИХ-ын гишүүдээс гарч байгааг шалгаж, хууль зөрчсөн үйлдлийг арилгасны дараа төсвөө батлах ёстой” гэж байлаа.
Төрийн тэргүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг муу төсөл боловсруулсан гэж шүүмжлээд зогссонгүй. Тэрбээр “Сангийн сайдын сонгогдсон тойрог, Увс аймагт бусад аймгаас 10 дахин буюу 52.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн нь ичгүүргүй, ёс зүйгүй үйлдэл” гэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Индонезэд болсон ОУВС-гийн уулзалтад УИХ-ын зарим гишүүний хамт оролцоод, эзгүй байсан юм.
Мөн Ерөнхийлөгч төсвийн төслийг зардал, алдагдал, орлого гээд бүхий л талаас нь шүүмжилсэн. Тухайлбал, улсын төсвийг зөвхөн баталсан, үйлчилж буй хуулийн хүрээнд хийх ёстойг сануулаад, “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт 2019 онд 1.85 их наяд төгрөг болж, өмнөх жилээс 22.6 хувиар өсөхөөр байна. Энэ нь нийт татварын орлогын 12.7 хувь юм. Орлогоо ийм хэмжээгээр чөлөөлчихөөд татвараа биелүүлж чадах уу. 2018 оны батлагдсан төсвийн урсгал зардлыг долоон их наяд 455.8 тэрбум төгрөгөөр тооцож, 10 хувийн хэмнэлт гаргавал 745 тэрбумыг хэмнэж болохоор байна.
Үүнийг 2019 оны төсвийн байгууллагуудын зардал найман их наяд 230 тэрбум төгрөгөөр хасахад 1.5 их наядыг хэмнэх нь. Ингэхдээ 2019 онд нэмэхээр төлөвлөсөн, төрийн албан хаагчдын цалин болон тэтгэврийн нэмэгдлийг хэвээр үлдээх хэрэгтэй. Дарга нарын “арми”-аас 15 хувийг нь цомхотгож, хэмнэх боломжтой. Энд бүх шатны төрийн захиргааны байгууллага, дэд сайд, орлогч, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хамааруулж болно. УИХ-ын дарга М.Энхболдын санал болгосон 10 хувийн хэмнэлтээс цалин, тэтгэврийн нэмэгдлийг хасахад бараг нэг их наяд, зураг төсөвгүй объектыг хассанаар 400 тэрбум, нийт 1.4 их наяд орчим төгрөг буюу өнөөдрийн ханшаар 500 гаруй сая ам.доллар хэмнэх боломжтой байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ, та хувьсгал хийнэ гэж амлаад, Ерөнхий сайд болсон. Төсвийнхөө хувьсгалаас эхэлье гэж санал тавья. УИХ-ын дарга “Төсвөө 10 хувь хэмнэж болно” гэлээ. Би 15 хувь хэмнэж болно гэж үзэж байгаа. Ерөнхий сайд та үлгэр үзүүлээд, 20 хувиар хэмнэнэ гэдэгт итгэж байна. Энэ их хөрөнгөөр уул уурхайн бус, экспортын үйлдвэрүүдийг дэмжих зээлийн сан байгуулах санал гаргаж байна” гэлээ.
Харин Төрийн тэргүүн төсвийн төслөөс “ганц гэгээтэй нь” хэмээн онцолсон зүйл нь УИХ-ын зарим гишүүний санаачилсан Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл. Энэ нь мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөх агуулгатай төсөл юм.
Эцэст нь Ерөнхийлөгч Х.Баттулга “Авдаг төсөв, цалин нь хийдэг ажилдаа жулдаад байгаа нэг байгууллага бий. АТГ-ын урсгал зардалд 12 тэрбум 804.4 сая төгрөг төсөвлөжээ. Энэ байгууллага оффшор данснаас мөнгө оруулж ирэх, “60 тэрбум”-ын гэх хэргийг шийдэх, үндэслэлгүйгээр баяжсан төрийн албан хаагчдын хөрөнгийг хурааж төсвийн орлогод хувь нэмэр оруулах ажлаа хийхийн оронд сургуулийн захиралтай л тэмцэж сууна.
Байгалийн баялгийн орлого орж ирэхгүй, татвар төлөхгүй, байгаа нь авлигын эх үүсвэр болоод буй тодорхой жишээнүүд байсаар атал хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Ажлаа хийдэггүй энэ байгууллагыг санхүүжүүлэх хэрэг байна уу” гээд тогтолцооны реформ, эрс шинэчлэл хийх шаардлагатайг дахин сануулав. Анхааруулгыг нь авалгүй баталбал 2019 оны төсөвт хориг тавихаа ч мэдэгдлээ.