Ирэх оны тавдугаар сараас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнтэй холбоотойгоор гэр хорооллын иргэд юу түлэх вэ гэсэн асуудал тулгараад буй. Энэхүү асуултын хариулт болгон БОАЖЯ, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газартай хамтран “Бид нэг агаартай” дэвшилт техник, технологийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд өчигдөр нээлээ.
Үүнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, сайжруулсан түлш, цахилгаан болон хийн халаагуур, дулаалгын материал, шалны халаалт, агаар цэвэршүүлэгч, нам даралтын зуух зэргийг танилцуулсан юм. Онцлох зүйл нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн байгуулсан “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлш юм.
Уг түлшийг бүх төрлийн зууханд түлэх боломжтойгоос гадна үнэ нь түүхий нүүрснийхтэй адил гэдгээрээ онцлог аж. “Энэ оны зургадугаар сараас есдүгээр сар хүртэл сайжруулсан түлш гарган авлаа. Энэ жил 20-30 мянган айлын хэрэгцээг хангах зорилгоор 80-100 мянган тонн түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Ирэх оны эхээр дахиад хоёр үйлдвэр ашиглалтад оруулснаар 600 мянга гаруй тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Ингэснээр гэр хорооллын иргэд түүхий нүүрснээс татгалзаж, агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулна” гэж “Тавантолгой түлш” компанийн ахлах зөвлөх, профессор Г.Бадамхатан ярилаа.
Уг түлшийг энэ сарын 14-нөөс борлуулж эхэлнэ. Эхний удаад агаарын бохирдол ихтэй хороо, дүүргийг сонгон, худалдах цэг байгуулах бөгөөд хамгийн багадаа 25 кг-аар савлахаар төлөвлөжээ. Цаашид иргэдийн хүсэлтийг харгалзан, бага хэмжээгээр савлах боломжтой гэнэ. Түүхий нүүрсийг орлох ухаалаг сонголтын нэг бол хийн хэрэглээ. Иргэдийн олонх нь хий тэсэрч, дэлбэрэх аюултай гэж ойлгодог.
Үзэсгэлэнд оролцогч “Mongolian energy” компанийн маркетингийн менежер Б.Тулга “Аюулгүй байдлаа сайтар хангаж, зөв хэрэглээд сурчихвал хий нь цахилгаан халаагууртай харьцуулахад богино хугацаанд халдаг, нүүрс шиг элдэв үнэргүй зэрэг олон давуу талтай” гэж зөвлөлөө. Уг үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө.
Б.Хажидмаа