Гудамж, талбай, байшин, барилгаа өнгийн гэрлээр чимж, шөнөжин “солонгоруулаад”, түүнийгээ хэрхэн эрчим хүчинд хэмнэлттэй байдлаар шийдсэнээрээ дэлхийн улсууд өрсөлдөх боллоо.
Зарим хотын удирдлага мод бүрийг, тэр байтугай барилгын шатыг ч гэрлээр чимсэн байдаг юм билээ. Гэтэл манайхан таг. Нийслэл хотын оршин суугчид нь харанхуй замаар бүдчин алхсан хэвээрээ л байна.
Үүнийг залруулж, сүүлийн жилүүдэд сайжруулж байгаа нь энэ гээд ногоон байгууламжаа нүд сохолмоор хурц гэрлээр “гоёж”, бусдад нь хүжийн гал аятай ёлтойсон гэрэлтүүлэг суурилуулах боллоо. Ялангуяа авто зам дагуу байрлуулсан гэрэл тусгал муутай, шаардлагад нийцэхгүй байна.
Олон улсад авто замын гэрэлтүүлгийн стандарт бий. Гол, туслах гээд тухайн авто замын онцлог, орчны нөхцөлөөс нь хамаараад тавих стандарт нь ондоо байдаг аж. Мөн шонгийн өндөр, толгойнх нь налуу ч чухал үүрэгтэй гэнэ.
Тэр бүгдийг стандартад тусгаж, түүнийх нь дагуу хийх шаардлага тавьдаг ажээ. Тулгуур шон нь өндөрсөхийн хэрээр гэрэлтүүлгийн толгойн хазайлтыг тэгш хэмд байлгаж, ойлгогч тэмдэглэгээ байрлуулах ёстой аж. Гэтэл манайд ийм стандарт алга.
Өндөр, нам, өргөн, бүдүүн гээд янз бүрийн хэмжээтэй тулгуурт, есөн шидийн гэрэлтүүлэг суурилуулдаг хэвээр. Авто зам байтугай шонгоо ч гэрэлтүүлж дөнгөдөггүй нь үүний уршгаар олширлоо.
Улаанбаатар хотод 56 031 гэрэлтүүлэг бий. Түүний 21 130 нь авто зам дагуу байрладаг. Харанхуйд авто зам болон орчныг нь гэрэлтүүлэх зорилгоор тэднийг байрлуулсан байлтай.
Гэвч тэд үүргээ гүйцэтгэж чадаж буй, эсэх нь эргэлзээтэй. Зуслангийн болон Богд уулын хойд зам дагуу тавьснаас бусад нь бараг л хэрэгцээгүй. Жишээ татъя.
“Нарантуул” худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэлх авто замд 400 гаруй гэрэлтүүлэг бий гэнэ. Гэвч гэрэл зам дээр тусдаггүй. Тулгуур шонгийнхоо зарим хэсгийг л гэрэлтүүлдэг төдий тусгалтай аж.
2015 оны өвөл цас цэвэрлэж байсан зам, талбайн үйлчлэгчийг дайрч, амийг нь хороосон нэгэн жолооч “Талийгаачид тулж очоод л харсан. Машинаа зогсоох гээд тоормос гишгэсэн ч гулгаад мөргөчихсөн. Тухайн замын гэрэлтүүлэг маш муу байсан, хүн байсныг хараагүй” хэмээн мэдүүлсэн талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээлэв.
Долоонбуудалаас Дамбадаржаагийн эцэс рүү явах замд өнгөрсөн хавар яг дээрхтэй ижил осол гарчээ. Тойргоор эргээд 200 гаруйхан метр газар туулсан жолооч зам хөндлөн гарч явсан хүнийг харалгүй, мөргөсөн гэнэ.
Замын цас, мөс хайлсан байсан учир жолооч машиныхаа хурдыг хасаж, явган зорчигч хөнгөн гэмтжээ.
МҮОНРТ-ийн дэргэдэх замд бас нэг эмэгтэй хоёр машинд мөргүүлж, амиа алдсан талаар өөр нэгэн эх сурвалж мэдээлсэн юм. Тухайн замын гэрэлтүүлэг тусгал муутай, бороо ороод үзэгдэх орчин хязгаарлагдсан учир ийм осол гарчээ.
Талийгаач хоёрдугаар эгнээгээр зорчиж явсан машинд мөргүүлж, шидэгдэхэд нэгдүгээр эгнээгээр зорчиж явсан жолооч дахин дайрсан аж. Тэд мөн л талийгаачийг хараагүй хэмээн мэдүүлсэн гэнэ. Тусгал муутай гэрэлтүүлэг ямар аюул дагуулж буйг нотлох цөөн жишээ энэ.
Мөрдөх стандарт байхгүй учир зам, гүүрийн ажил гүйцэтгэж буй компаниуд ёстой л хүссэнээрээ гэрэлтүүлэг хийдэг аж. Зам засаж, шинээр тавихад баталсан зургийн дагуу гэрэлтүүлгийг нь хийдэг учраас тэр гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн.
Тиймээс тулгуур шонд гэрэл ойлгох тэмдэг, тэмдэглэгээ ч хийхээ больжээ. Мөн утсыг нь сүлжээний хөндөлтэй нийлүүлэх зэрэг зөрчил багагүй гаргадаг юм байна. Жишээлбэл, Сүхбаатарын талбайн хоёр талын авто замын гэрэлтүүлгийг дурдаж болно.
Асалтын чанар муутай болохоор ногоон байгууламжийн гэрэлд “бут цохиулдаг” аж. Бороо орж, бага зэргийн манан буухад л тухайн хэсгийн үзэгдэх орчин хязгаарлагддаг гэнэ. Х хорооллоос Таваншар хүртэлх авто зам үүнтэй ижил гэнэ.
Ямар сайндаа холбогдох байгууллагууд замын хашлаганд 6000 гаруй цацруулагч суурилуулж байх вэ дээ. Хорооны ажилтнууд гэрэл тусдаг хэсгийг нь цагаан будгаар буддаг тохиолдол ч бишгүй гэнэ лээ.
Зам, талбайн нөхцөл байдлаас хамаарч гэрэлтүүлгийн асалт 10-15 лк байх ёстой гэнэ. Гэтэл Улаанбаатар дахь гэрэлтүүлгүүд 4-6 лк байдаг ажээ. Асалтын чанар, тусгал нь 90 хувьд хүрдэг гэрэлтүүлэг нийслэлийн авто замд байхгүй учраас иймэрхүү арга хэмжээ авдаг талаар Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ны эх сурвалж мэдээлсэн.
Уг нь гэрлийн тусгал 90 хувьд хүрч байх ёстой гэдэг ч дөнгөж 50 хувьтай байдаг гэнэ. ТЦА-ны эх сурвалж “Найман жилийн өмнө зориудаар шар өнгийн гэрэлтүүлэг тавьдаг байв. Харин сүүлийн жилүүдэд эрчим хүчинд хэмнэлттэй гээд цагаан гэрлээр сольсон. Тэр нь ч зөв.
Харамсалтай нь, чанаргүй гэрэлтүүлэг олширлоо. Олон хүний амьд гэртээ харих, эсэх нь гэрэлтүүлгээс хамааралтай шүү дээ. Гэтэл холбогдох албаныхан үүнийг үл тоодог. Замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэгт дандаа гар татна. Тэвчиж болох зардлаа хас гэвэл жагсаалтын эхэнд бичих байх. Уг нь эсрэгээрээ байх ёстой юм. Бид ослын шалтгааныг тогтоогоод, замын эвдрэл, гэрэлтүүлгээс үүдэлтэй болж холбогдох хүмүүст нь хариуцлага тооцдог” хэмээн ярилаа.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын эх сурвалжийн мэдээлснээр нэг км авто замд дунджаар 20 ширхэг гэрэлтүүлэг суурилуулдаг бөгөөд шуудуу татах гэх мэтээс өгсүүлээд ойролцоогоор 100-гаад сая төгрөг зарцуулдаг аж.
Харин ашиглалтад оруулаад удаж буй гэрлийн засвар, шинэчлэлд жилд дунджаар 400 гаруй сая төгрөг төсөвлөдөг ажээ. Гэтэл ийм хэмжээний хөрөнгө зарж суурилуулсан гэрэлтүүлэг сурталчилгааны самбараас ч муу байна. “Нэгэнт төсвийн хөрөнгөөс зарлагадаж хийсэн бүтээн байгуулалтыг шалгаад, улсын комисст хүлээж авахаас өөр арга байхгүй.
Стандартгүй учраас гол болгох шалгуур ч алга” хэмээн эх сурвалж учирласан. Эл гажуудлыг засаж, стандарттай болгохоор холбогдох албаныхан ажлын хэсэг гарган, тооцоо, судалгаа хийлгэж байгаа бололтой.
Таван жилийн өмнө байгуулсан ажлын хэсэг тэгсхийгээд тарж бутарсан юм даг. Энэ удаагийнх нь стандарт батлуулж чадах, эсэх нь юу л бол. Зам, талбай гэрэлтүүлэгтэй байх ёстой гээд “гурилдаж”, төсвийн хөрөнгийг үргүй зарцуулахаа хэзээ болих вэ. Жолооч, явган зорчигчид хохирсоор л байх уу.