Улс төр нам жим, улстөрчдийн олонх нь зуны амралтынхаа алжаалыг тайлахаар хилийн чанадыг зорьсон энэ өдрүүдийн анхаарал татах үйл явдал нь нийслэлийн МАН-ын хурал байх нь.
Өнгөрсөн хавраас хойш “дуншиж” буй уг хурлаар нийслэлийн МАН-ын даргыг сонгох юм. Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй “60 тэрбум”-ын хэрэгт нэр холбогдсон хариуцлагаа хүлээж, албан тушаалаа өгснөөр өнгөрсөн оны аравдугаар сараас хойш нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд уг албанд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй.
Харин түүнийг жинхлэх үү, нийслэлийн МАН-ыг өөр хүнд “атгуулах” уу гэдгийг эцэслэн шийдэх хурал маргааш болно.
Нийслэлийн МАН-ын 34 дүгээр бага хурлын сураг өнгөрсөн хавраас сонсогдож, зургадугаар сарын 7-нд товлогдон, хэлэлцэх асуудлаа батлаад байсан ч аар саар шалтгаанаар хойшилсоор өдий хүрсэн нь намын хороог хэн толгойлохоо тохиролцож чадаагүй дотоод зөрчлөөс үүдэлтэй юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн МАН-ын даргын албан тушаалд нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн.
Олон нийт нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарыг түүний өрсөлдөгчөөр нэрлээд байсан ч С.Амарсайхан, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нар ийм бодолгүйгээ илэрхийлсэн.
Харин 2013 оноос хойш нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалд татагдаж, хоргодсоор яваа Д.Сумъяабазар тунаж үлдээд байгаа.
Хэн хэнд нь том амбиц, эрх ашиг байгаа нэгэн үеийн хоёр нийслэлийн МАН-ын хороог авахын төлөө өрсөлдөх нь нэгэнт тодорхой боллоо. Харин хэн нь ялахыг ирэх өдрүүдэд харна.
Нийслэлийн намын хорооны хурлыг нэг намын дотоод асуудал хэмээвэл хэтэрхий дутуу үнэлсэн хэрэг болно. Монголчуудын тал нь нийслэлд аж төрдөг. Эрх баригч хүчний хийж, хэрэгжүүлж буй ажил, бодлогыг нийслэлчүүдэд хэрхэн хүргэх, амжилттай, амжилтгүй болгох нь нийслэлийн Засаг дарга болон намын хорооны даргаас шууд хамааралтай гээд хэлчихэд хилсдэхгүй.
Сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд, нийслэлийн намын дарга нь хотын Засаг дарга болох нь зөв гэдэг өнцгөөс харвал С.Батболд нийслэлийн МАН-ын даргаар сонгох нь нийслэлчүүдэд ашигтай болов уу.
Олон толгойтой могой шиг хаашаа явах учраа олохгүй байснаас нэг хүнд үүрэг хүлээлгээд, түүнээс хариуцлага нэхвэл яасан юм бэ. Эрх мэдлийг олон гарт хувааж, олон толгойтой могой шиг хаашаа ч үгүй болгосноос үлдсэн багахан хугацаандаа нэг хүнд эрхийг нь өгсөн шиг өгч, ачааг нь үүрүүлсэн шиг үүрүүлбэл дараа нь хариуцлага тооцоход амар бус уу.