Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хурлаар уржигдар “Монголын зэс” ХХК-ийн нэхэмжлэлтэй Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ), Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар (ОӨУБЕГ)-т холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэлэлцсэн юм. Шүүх хурал эхлэхийн өмнө Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хоёр хүн “Эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт өгсөн боловч түүнийгээ нотлох баримт гаргаагүй учраас тэднийг оролцуулалгүй шүүх хурлаа хийсэн. Хариуцагч талаас ТӨБЗГ, ОӨУБЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг байлцуулсан юм.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авсан “Монголын зэс” компанийнхан дээрх гурван байгууллагад холбогдуулан 13 шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Тус компанийнхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг хууль журмын дагуу ОХУ-ын талаас худалдан авсан атал Монгол Улсын Засгийн газар мэдэлдээ авсан нь хууль зөрчсөн, ТӨБЗГ-аас хууль бусаар ТУЗ, гүйцэтгэх захирал томилсон, бүртгэснийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлдээ онцолсон билээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2018 оны дөрөвдүгээр сарын 30-нд хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын есийг нь хангаж, хоёр шийдвэртэй холбоотойг нь хэсэгчлэн хангаж, үлдсэнийг нь хангахгүй орхисон билээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2018 оны долдугаар сарын 19-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 13 нэхэмжлэлийн шаардлагаас тавыг нь хангаж, нэг шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, долоог нь хангахгүй орхисон юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, зургааг нь хангаж, хоёр шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, тавыг нь хангахгүй байхаар шийдвэрлэв. Дээд шүүх хэргийг ийнхүү шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газар болон ТӨБЗГ, ОӨУБЕГ нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль болон уг тогтоолыг зөрчиж, зарим шийдвэрээ гаргасан байна гэж дүгнэжээ.
Хурлын дараа “Монголын зэс” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Хоёр жил гаруй сунжирсан маргааныг Дээд шүүх эцэслэн шийдвэрлэлээ. Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Төрийн байгууллагууд үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тиймээс бид шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг төрийн байгууллагуудаас шаардана” хэмээсэн юм.