Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шинэ стандартаар хэвлэхээр болоод буй. Иргэд үүнийг “Автомашины дугаар солих гэж байна, хэн нэгний ашиг сонирхол, мөнгө угаах зорилго юм биш биз” гэж хардах болсон. Энэ талаар ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоос тодрууллаа.
-Автомашины улсын дугаарыг нийтэд нь шинэчилнэ гэж иргэд ярьж байна. Хэзээнээс хэрэгжүүлэх вэ?
-Энэ сарын 1-нээс мөрдөх байсан юм. Гэтэл шинэ стандартыг хэрэгжүүлэхийн тулд Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг шинэчлэх шаардлага тулгарсан. Дээрх журамд дугаарын лац гээгдвэл хэрхэхээс эхлээд олон чухал асуудлыг тусгаагүй. Журмыг шинэчлэн, батлуулбал тээврийн хэрэгслийг олон улсын стандартад нийцүүлэн дугаарлаж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор автомашины улсын дугаар шинээр авч буй иргэдийг хэрхэн бүртгэх, улсын дугаараа солих хүсэлтэй иргэдэд яаж үйлчлэх зэргийг судалж байна.
-Шинэ стандартад ямар өөрчлөлт оруулах вэ?
-Улсын дугаарын дөрвөн тоог өөрчлөхгүй. Харин ард нь байрлах үсгийг цөөрүүлсэн. Өмнө нь улсын дугаарт 25 үсэг ашиглахаар стандарт баталсан. Ю, Ё, Ы гэх мэт үсгийг оруулдаггүй. УБ гэсний араас А, Б, В, Г гээд 25 үсэг байрладаг байсан. Шинэ журмаар УБ-гийн араас 25, УН-гийн араас 25 үсэг шивэхээр нийт 50 серийн дугаартай болно. Нэг серийн дугаар 9999 давтагдана гэсэн үг. Харин шинэ стандартаар улсын дугаарт дөрвөн тоо, 13 үсэг оруулахаар төлөвлөж байна. Мөн хот, хөдөөгийн автомашиныг ялгаж дугаарлахгүй. Баталсан 13 үсгээс ДК гэх мэт тусгай зөвшөөрөлтэй машинд олгох нь хасагдахаар 11-ийг хооронд нь солих хэлбэрээр автомашинуудыг дугаарлахаар төлөвлөн. Улсын дугаарыг лацдах тул автомашинаасаа салгаж зарах, солих боломжгүй болно.
-Журмыг нь баталбал бүх хүн машиныхаа дугаарыг шинэчлэх шаардлагатай юу?
-Нийслэл болон орон нутгийн бүх автомашины дугаарыг шинэчлэх шаардлагагүй. Шинээр авч байгаа иргэдэд л олон улсын стандартад нийцсэн улсын дугаар олгох талаар хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, хилээр машинтайгаа гардаггүй иргэд дугаараа заавал солих шаардлагагүй. Ирэх долоо хоногийн даваа гарагт ХЗДХЯ-наас чиглэл ирэхээр энэ журмыг батлах, эсэх нь тодорхой болно.
-Автомашинуудыг олон улсад нийцсэн стандартаар дугаарлах нь ямар ач холбогдолтой бол?
-Яагаад хуучин дугаарыг солих болсон, ямар ач холбогдолтой талаар журам баталсны дараа дэлгэрэнгүй мэдээлнэ. Энэ бол яаралтай шийдэх ёстой чухал асуудал биш. Иргэдийн нуруунд ачаа үүрүүлэхгүй, нэмэлт зардал, хөрөнгө ч шаардахгүй ажил.
-Одоогийн дугаартайгаа хилээр гарахад ямар бэрхшээл тулгардаг юм бэ?
-Манай улс Венийн болон Олон улсын авто тээврийн конвенцод 2012 онд нэгдсэн. Тэдгээрт нэгдсэнээр олон улсад мөрдөж байгаа автомашины дугаарлалтын жишгийг дагаж, хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай болсон. Хилээр нэвтэрч буй жолоочийн үнэмлэх ийм хэл дээр, тийм тэмдэглэгээтэй байх ёстой гэж конвенцод тусгасан байдаг. Конвенцод нэгдсэн улсын иргэдийн жолооны үнэмлэхний дугаар, үсгийг өөрийнхөө хэлнээс гадна францаар бичсэн байна гэж заадаг. Олон улсад О үсгийг автомашины дугаарт ашиглаж болохгүй гэж үздэг. Учир нь О үсэг үү, тэг гэсэн тоо юу гэдэг нь ялгардаггүй гэх мэтийн олон шаардлага бий.
Г.Баясгалан