Хөгжмийн зохиолч, удирдаач Д.Сандагсүрэн анхны шавь нартайгаа 1983 он
“Цэргийн хөгжмийн долоон өвгөн бурхны нэг”, “Үлээвэр хөгжмийн Ленин” гэгддэг Д.Сандагсүрэнгийн нэрэмжит үлээвэр хөгжмийн улсын уралдааныг энэ сарын 20-22-нд зохион байгуулах болжээ. Уг уралдааныг хүчний байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулж байснаа сүүлийн найман жил завсарласан юм байна. Үлээвэр хөгжимчдийн мэргэжлийн чансааг шалгадаг эл арга хэмжээг сэргээх санаачилгыг хөгжмийн зохиолч, удирдаач Д.Сандагсүрэнгийн шавь нарын үүсгэн байгуулсан “Долгорын Сандагсүрэн сан” төрийн бус байгууллагынхан гаргажээ.
Уралдаан гурван өдөр үргэлжилнэ. Эхний өдөр найрал хөгжим, дараа нь цэргийн ёслол, хөдөлгөөнт үзүүлбэр, удирдаачдын тэмцээн болох бол сүүлийн өдөр Офицеруудын ордонд гала концерт тоглох аж. Эдгээр арга хэмжээг сонирхсон хүмүүс үнэ төлбөргүй үзэж болох гэнэ. Ерөнхий зохион байгуулагчаар Зэвсэгт хүчний жанжин штаб ажиллаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутаг дахь зэвсэгт хүчний анги, нэгтгэлийнхэн оролцох юм байна. Одоогоор нийслэл, орон нутгийн 11 байгууллага оролцохоор мэдүүлэг өгчээ.
Дашрамд дурдахад, Д.Сандагсүрэн нь 1950-аад оноос эл хөгжимтэй холбогдож, 1981-1999 онд сурагчдад үлээвэр хөгжмийн боловсрол олгохоор багшилжээ. Анхны шавь нар нь түүний урлагт оруулсан хувь нэмэр, уран бүтээлийг сурталчлан, таниулах зорилготой нэгдэн, дээрх төрийн бус байгууллагыг байгуулсан гэнэ.
Бэлтгэсэн: У.Тэргэл