Манай улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг, мөн хөдөө орон нутгаас оюутнууд нэмэгддэг гээд жилдээ хоёр сая гаруй хүн холхидог Улаанбаатар хотод замын түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээ хангамж дутмаг байсаар олон жил өнгөрөв. Үе, үеийн хотын дарга, нийслэлийн ИТХ-аас дээрх асуудлыг шийдвэрлэхээр арга хэмжээ авдаг ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан судалгаагаар Улаанбаатар хотод одоогоор 1.4 сая хүн амьдарч байгаа нь 1986 оныхтой харьцуулахад 70 гаруй хувиар өссөн үзүүлэлт.
Түүнчлэн 1976-2000 оны Улаанбаатр хотын төлөвлөлтөд 550-600 мянган хүнд тохируулан инженерийн болон нийгмийн дэд бүтэц төлөвлөсөн ч өдрөөс өдөрт нэмэгдэж буй тул ачаалал нь хэтэрсээр байгаа юм. Тиймээс нийслэлийн ИТХ-аас ирэх оны улсын төсвийг батлахаас өмнө хотын түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах арга зам хайж, оновчтой шийдлүүдийг хэлэлцэхээр зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, эрдэмтэд, нийслэл, дүүргийн удирдлагууд, Засаг даргын хэрэгжүүлэг ч агентлагынхан болон иргэд оролцож санал бодлоо солилцсон юм. Нийслэлийн замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулж, нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэхээр хийж буй анхны зөвлөгөөн нь энэ бөгөөд эрдэмтэн, судлаачид нийтийн тээвэр, авто замын салбарт нэвтрүүлж болох олон улсын жишиг, зохицуулалтын талаар танилцуулснаараа онцлог болсон юм.
Зөвлөгөөнд иргэд идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн. Тэдний төрөөс хүсэж буй нийтлэг санал нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах. Одоогоор нийслэлд 945 автобус иргэдэд үйлчилж буй ч тэр бүр хүрэлцдэггүй. Нийтийн тээврийн үйлчилгээ өглөө 06.40 цагт эхэлдэгч үүнээс эрт эхэлж, одоогийнхоос орой зогсдог болгох саналыг иргэд хэлсэн.
Өглөө эрт, эсвэл оройтож тардаг ажилтай иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх нь ховор тул автобус явуулах цагийг нь сунгах шаардлагатай. Мөн автобусны маршрутыг хүртээмжтэй болгосноор хувийн автомашинаар зорчих иргэд цөөрнө гэдгийг тэд хэлсэн юм. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны иргэн, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч н.Алтанхуяг “Манай хороо “Москва” хорооллын ард талд байрлах гэр хорооллыг хамардаг бөгөөд энэ чиглэлд автобусны ганц ч маршрут байдаггүй. Тиймээс иргэд ажилдаа явж, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхийн тулд
хувийн унаатай болох зайлшгүй шаардлагатай байна. Тийм боломжгүй нь 1000 төгрөгөөр үйлчилдэг жижиг тэргэнд суудаг. Эл асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай” гэлээ. Энэ мэт нийтийн тээврийн автобус очдоггүй хороо олон бөгөөд асуудлыг нэн даруй судалж, шийдвэрлэхээ албаныхан хэллээ.
Нийтийн тээвэр тойрсон асуудал үүгээр дууссангүй. Автобусны чанарын асуудлыг иргэд нэлээд шүүмжилсэн. Өвөл хөлдөөх шахам хүйтэн, цонх нь цантдаг, утаа хаяж, иргэдийг хордуулдаг. “Ийм тээврийн хэрэгслүүдийг техникийн хяналтад хүчээр тэнцүүлдэг нь илт харагдаж байна” гэсэн хардлага ч гарав.
Тээвэрт явж буй автобус хөлдөж зогсох, шатах талж буй. Мөн жолооч нарын ёс зүйн асуудал ч хөндөгдсөн. Нийтийн тээврийн автобусны жолооч нар зорчигч тээвэрлэж явах үедээ тамхи татдаг, Замын хөдөлгөөний дүрмээ мөрддөггүй гэхчлэн асуудал бий. Тиймээс тэднийг чадавхжуулах хэрэгтэйг дурдлаа.
Улаанбаатар хотод 536 171 автомашин бүртгэлтэй байдгаас 350 мянга нь өдөр тутам замын хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа бий. Гэтэл эдгээр автомашинд хүрэлцэхүйц авто зогсоол байдаггүй нь түгжрэл үүсэх шалтгаануудын нэг болсон. Иргэдийн хэлсэн саналд ч энэ тухай яриа өндөр хувийг эзэлж байсан юм. Гадаадын улсуудад авто зогсоолдоо тааруулж автомашиныхаа тоог хязгаарладаг бол манайд энэ чиглэлийн зохицуулалт огт байдаггүй аж. Түүнчлэн бодлого, төлөвлөлтгүй барьсан зогсоолуудаас болж түгжрэл үүсэж буйг ч тэд хэллээ.
Жишээлбэл, Улсын их дэлгүүрийн урд байрлах, мөн III, IV хорооллын худалдааны төвүүдийн авто зогсоол нэмэр болох бус, түгжрэл үүсгэх нь түгээмэл аж. Учир нь тэнд зогсоол хайсан жолооч нар хэт удаан явах, эсвэл машинаа дүрэм зөрчин байрлуулах гэх мэт зөрчил, хүндрэл цөөнгүй гардаг гэнэ. Тиймээс авто зогсоолыг дорвитой шийдвэрлэснээр түгжрэлийг бага ч болов бууруулах санал дэвшүүлж байсан юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийслэлд тулгамдаад буй эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хотын боломж, бололцоо төдийлөн хүрэлцэхгүй. Засгийн газраас дэмжлэг авах шаардлагатай учир зөвлөгөөнд Зам, тээврийн хөгжлийн сайдыг урьсан юм. Нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлж буй төсвийг хотын хөгжилд зарцуулах шаардлага бий. Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар иргэдийн дэвшүүлсэн саналыг бид сонсоод өнгөрөхгүй. Цаашид шат дараатай арга хэмжээ авна. Мөн такси үйлчилгээг ч сайжруулна” гэсэн юм.