“Социологийн ухаанд нэр хүнд, статус буюу байр суурь гэсэн хоёр өөр ойлголт бий. Хувь хүний нийгэмд олж авсан байр суурийг статус гэх бол тухайн статусын үнэлгээг нэр хүнд (prestige) гэж тодорхойлдог. Харин өнөөгийн Монголын нийгэмд хувь хүний нэр хүнд, хүндлэл хүлээж буй байдлыг статустай ихээхэн хольж хутгацгаах болж. Нэр хүнд гэдэг ойлголтыг статус гэх ойлголт үгүй хийчихсэн.
Өөрөөр хэлбэл, Монголын элит гэгдэх хэсгийг нэр хүнд нь бус, нийгмийн байр суурь, харагдах байдал нь тодорхойлж байна. Нийгэм олон нийтэд үлгэр дуурайл үзүүлэхүйц, сэвтээгүй нэр төртэй тэрбумтан, эсвэл улс төрийн лидерийг одоо цагт хайгаад үзээрэй. Сайд бол хүндэлнэ, сайд болж байж л хүндлэгдэнэ. Та мөнгөтэй байгаа учраас л таны өмнө бөхөлзөх хэрэгтэй болно. Энэ бол элитийн гэхээсээ илүү шинэ баяжсан дамчинд л илэрдэг сэтгэлгээ мөн. Товчхондоо, манайхны чадан ядан хүрсэн нийгмийн байр суурь л нэр хүндийг нь орломор болж байна” хэмээн МУИС-ийн багш, доктор, дэд профессор М.Ууганбаяр ярив. Хатуу ч гэсэн орой руу эрхбиш орохоор үнэн үг.
Элит гэхээр манайхан хэдэн үеэрээ эрдэм номын мөр хөөсөн оюунлаг сэхээтнүүдийг голдуу хамаатуулж ойлгодог учраас “Өнөөгийн Монголд элит алга” гэвэл маргах хүн мундахгүй биз. Харин лидер буюу удирдагч манлайлагч гэдэг ойлголтыг улс төрийн түшээдэд илүүтэй наадаг тул “Лидергүй Монгол” хэмээх тодорхойлолтыг толгой дохин хүлээж авах нь дамжиггүй. Угтаа Монголд нийгмийн байр сууриа ямар нэг аргаар эзэлсэн лидер нь байна, харин жинхэнэ элит нь алга гэдгийг социологийн судлаачид хэлэв. Элит гэдэг нь “elire” буюу шилэгдэх, сонгогдох гэсэн франц үгнээс гаралтай бөгөөд нийгмийг олноос онцгойрсон хамгийн чадварлаг шилмэл цөөнх голдуу чиглүүлж удирддаг гэх шалгуурт өнөөгийн бидний мэдэх элит, лидерүүд тэнцэхгүй байгааг хэлсэн хэрэг.
...Дарга хэмээх албан тушаал, байр сууриараа “далайлгаж”, албан хүчээр бусдад хүлээн зөвшөөрөгдөж буй удирдагч уу, эсвэл үнэхээр чадвараараа шигшигдэж торойн гарч ирсэн нэгэн үү гэдгийг ялгаж салгах сөхөөгүй унтаа нийгэмд элит төрөн гарах боломж хаагдмал байдаг аж...
Нийгмийн хөгжлийг элитүүдээр нь тодорхойлдог тухай Италийн нэрт социологич Вильфредо Парето “Элитийн онол”-доо бичжээ. Тэрбээр элитийг олон талаас нь тайлбарлахдаа “Ажиллаж, амьдарч буй нийгмийн салбартаа хамгийн дээд үнэлгээг авсан хүмүүсийн бүлгийг элит гэнэ” хэмээсэн байх юм. Өөрөөр хэлбэл, салбартаа бүгдээр хүлээн зөвшүүлэхүйц хэмжээний амжилт олсон улстөрч, хуульч, бизнесмэн, дуучин, жүжигчин, эмч, багш, эрдэмтэн, сэтгүүлч, малчин, тариачин, худалдаачин, демимондэн (хээнцэрлэгч дээд зиндааны бүсгүй) хүртэл элитэд хамаарна гэж Парето үздэг байж. Тэгэхээр элитийг зөвхөн угсаа гаралтай шууд холбож ойлгоод өөрөөсөө холдуулан, нийгмийн хөгжилд хувь нэмрээ хумсын төдий ч оруулах сан гэдэг идэвх зүтгэлгүй, итгэл үнэмшилгүй сулдаа ганхаад явах нь өрөөсгөл байгаа биз. Элит хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүст байдаг гол чухал чанар нь хийх ёстой ажлаа дээд зэргээр хамгийн чанартай сайн гүйцэтгэх чадвар гэдгийг далимд нь бас сануулъя.
Ийм “амархан” зарчимтай юм бол яагаад орчин цагийн Монголд элитүүд төрөхгүй байна вэ. Яагаад Чин ван Ханддорж, Данзан, Бодоо шиг улстөрч, VIII богд Жавзандамба шиг шашин, төрийн зүтгэлтэн, Д.Нацагдорж, Б.Явуухулан, Б.Лхагвасүрэн, Д.Урианхай шиг зохиолч, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан шиг академич, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Э.Чойдог, С.Гончигсумлаа шиг хөгжмийн зохиолч, Л.Гаваа шиг зураач, Л.Түдэв гуай шиг тэдэн шиг элитүүд хэдийн төрчихсөн, салбар салбартаа анир чимээгүй ажиллаж, нам гүмхэн амьдарч байгааг нь бид анзаарахгүй байна уу.
“Түрийний бөөс толгойд гарсан, эх захгүй, эмх замбараагүй ийм нийгэмд юу ч хэлээд, хийгээд нэмэргүй учраас олон хүн нуувчинд орчихоод, сайн цагийг хүлээж байгаа” хэмээн нэгэн ахмад багш хэлсэн нь цаанаа учиртай биз. Ямартай ч дээрх нэрсийг сонсохоор, бас дурдагдаагүй үлдсэн хүмүүсийг бодохоор ямар хүнийг жинхэнэ элит гэж хүлээн зөвшөөрч болох тухай арай дөнгүүр төсөөлөл танд бууж байгаа болов уу.
Түүхийг элитийн хөдөлгөөн, сэлгээ (circulation of elite) хэмээн үздэг байсан Вильфредо Паретогийн онолоор бол монголчууд бид оюун санааны, сэтгэлгээний эрх чөлөөт нийгэмд хөл тавьснаас хойших 30-аад жил үнэт зүйлтэй түүх бүтээгээгүй, зүгээр л цагийн аясаар гэлдэрч ирсэн гэлтэй. Үүнийг батлах мэт М.Ууганбаяр доктор “Манайхан элитийг зөвхөн статусын бэлгэдэл буюу өнгөц хэлбэрдэлттэй адилтгаж үздэг бөгөөд монгол хүн чинээлэг байхыг томоохон шилтгээнд амьдрах, эрдэмтэн болохыг цол хэргэм зүүх гэдгээр төсөөлөн боддог.
Тодруулбал, монголчууд иргэншил, орчин үежих явцыг тодорхой нэг ойлголтоор биш төс дүр, бэлгэдлээр бүтээж байгаа нь биднийг үнэн рүү бус харин ч төөрөгдөл рүү хөтөлж байна. Ийнхүү статусын бэлгэдэл нь элитүүдийг илэрхийлэх болсны тод жишээ бол шагнал юм. Улстөржсөн хуурмаг элитийг тодруулдаг янз бүрийн шагнал нь Монголд элитийн сэлгээ шилжилтийг гацааж, уг давхаргаа мөхөөх шалтгаан болчихож” хэмээсэн. Хүнд байдаг “заяагдмал” шуналуудын нэг нь нэр алдарт дурлах хүсэл гэдэг. Оюун тархи ухамсраас ангид энэхүү хүслийг улстөржсөн шагнал улам бүр сэдрээн, өвчин эмгэг болтол нь өөгшүүлж, улмаар улс орныг өөд нь татаж, нийгмийг чирэх учиртай элитийн давхаргын талаар огт өөр төөрөгдсөн ойлголт нийгэмд түгээж байна гэдэг ортой.
Статусын бэлгэдлийн тухай нэрт зохиолч, философич Хилми Явүз Түрэгийн орчин үежих явцыг тэмдэг судлалын үүднээс судлахдаа нэгэн сонирхолтой дүгнэлт хийжээ. Тэрбээр өнөөгийн Түрэг оронд нүүрлээд буй хямралын гол шалтгаан нь тус улсад орчин үежих үйл явц тодорхой ойлголт, баримтлалд тулгуурлах бус, бэлгэдэлд үндэслэснээс улбаатай гэж үзсэн аж. “XVIII зууны Европын иргэншлийн соён гэгээрлийн дараачаас түгэн тархсан хүний эрх, эрх чөлөө, ардчилал, үндэсний ялгарал, иргэний нийгэм гэх ойлголтуудыг бодит утгаар нь османчууд өөриймшүүлж чадаагүй, харин төгөлдөр хуур тоглох, малгай өмсөх, францаар ярихыг өрнөжих үйл явцын бэлгэдэл гэж ойлгосон. Амьдрах хэв маяг аливаа иргэншлийн чухал шинжийн нэг боловч дангаараа түүнийг төлөөлж чадахгүй. Цаг үеэ дагаад яваандаа бэлгэдлийн тоо ч улам нэмэгдсээр утгаа алдаж, статусын бэлгэдэл хэмээх ойлголт бий болсон” хэмээх түүний дүгнэлтээс харахад түрэгүүд шиг өнгөц хэлбэрийг шүтсэн үзэгдэл Монголд өдгөө улам бүр хүчээ авч буй гэлтэй.
Зурагтаар байнга гардаг, төрийн хүндэт одон медаль авдаг, хаа сайгүй очиж, ямар ч хамаагүй сэдвээр ярьж явдаг амбийцтай хүмүүсийг нийгэм олон нийт хамгийн их ажил хийдэг, мундаг удирдагч гэж ойлгосоор байгаад л асуудлын гол зангилаа оршиж буй гэлтэй. Дарга хэмээх албан тушаал, байр сууриараа “далайлгаж”, албан хүчээр бусдад хүлээн зөвшөөрөгдөж буй удирдагч уу, эсвэл үнэхээр чадвараараа шигшигдэж торойн гарч ирсэн нэгэн үү гэдгийг ялгаж салгах сөхөөгүй унтаа нийгэмд элит төрөн гарах боломж хаагдмал байдаг аж. Хэдийгээр улс орон нь хөгжиж байна гэдэг ч хүний хөгжил, нийгмийн суурь үзүүлэлтийн талаасаа бол монголчууд маш сул дорой хөгжилтэй учраас элитүүдэд ээлгүй нийгэм гэж тодорхойлдог юм билээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн сэтгэхүй эрүүлжиж байж элитүүдээ ялгаж таньдаг, бас үнэлдэг аж.
Өнөөдөр Монголд тэр цаг хараахан ирээгүй байгаа учраас дөрөв дэх засаглалынхан гэгдэх сэтгүүлчид бид улс төр, нийгэм, эдийн засгийн ямар нэг томоохон асуудал үүсэхэд “Энэ тухай хэнээс асуувал арай голтой, дүн нуруутай байр суурь илэрхийлэх бол” хэмээн тархиа гашилгадаг. Өнөөгийн нэр нөлөө бүхий хүмүүс албан тушаалын, алдар хүндийн, ашиг сонирхлын, амбийцын гээд бүгд л ямар нэг “өөжинд” баглуулсан тул үг нь үнэнд үнэлэгдэхээ байсан хэрэг. Аль ч салбарт ялгаагүй. “Энэ хүн яг үнэн ярьж байгаа болов уу” гэдэг эргэлзээ захын хүнд төрдөг болсон. Харамсалтай нь, тухайн хүний байр суурь “бурхан”, “чөтгөр” хоёрын алиных нь үг вэ гэдгийг ялгаж салгахад нь олон нийтэд зүг чиг гаргаж өгөх учиртай хэвлэл мэдээллийнхэн ч энэ тал дээр үүргээ чин шударгаар биелүүлэх нь ховор. Гэвч төөрөгдлийн манант хөшгийг нээж, үнэнийг нүдний өмнө дэлгэх жинхэнэ элит давхарга мөдхөн “нуувчнаасаа” гарч ирээсэй, тэднийг итгэл сэтгэлээ дэвсээд хүлээж авах нийгэм бий болоосой гэдэг хүсэл олон хүнд бий. Энэ найдвар л хамгийн сүүлд бөхөх биз ээ.