Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах Авто худалдааны цогцолбор өнгө засжээ. Уг нь нэлээд том талбай зассан ч хотоос зайдуу гэдэг шалтгаанаар хүн бараг очдоггүй, зарах машин ч тун цөөхөн харагддаг байв. Харин өдгөө тус цогцолборын үйл ажиллагаа жигдэрч, хүн очиход нүүр улайхааргүй болжээ. Улаанбаатар хот дахь авто худалдаа эрхлэгчдийг цэгцэлж, нэг газарт төвлөрүүлэх гэсэн том зорилго нь одоохондоо бүрэн биелээгүй ч зарцуулсан 24 тэрбум төгрөгөө “шатаачихсан” хэрэгт лав унахааргүй аж. Бид уржигдар тус цогцолборыг зорьж, үйл ажиллагааг нь “шалгасан” юм.
Авто худалдааны цогцолборт одоогоор нийт 6375 машины хүлээн авах хүчин чадалтай зогсоол барьсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдгээрийг иргэд худалдан авч болно, эсвэл түрээслэх ч бололцоотой юм. Биднийг очиход машин зарах зогсоолууд дүүрэн шахуу, үзэж сонирхох хүн ч цөөнгүй байлаа. Өдгөө нийт хэчнээн машин худалдаж байгааг лавлахад цогцолборын газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Оюунцэцэг “2018 оны нэгдүгээр сард 900 гаруй машин байсан юм. Түүнээс хойш худалдаачин, түрээслэгчдийн тоо олширсоор буй. Одоогоор 2084 автомашин эзнээ хүлээж байна. Зогсоолуудаас 1200 нь зарагдсан. Үлдсэнийг нь түрээсэлдэг. Худалдаж авсан хүмүүс ч зогсоолоо түрээслэх нь бий. Өдрөөр, эсвэл сараар, удаан хугацаагаар ч түрээсэлж болдог” гэсэн юм.
“Да хүрээ”, “Өгөөмөр” зэрэг хотын төв орчимд байрладаг захын худалдаачид энд нэлээд иржээ. Олонх нь “давхар дээлтэй”. Өөрөөр хэлбэл, эл цогцолборт болон хот доторх захуудад ч машин зардаг. Тэдний олонх нь энд зогсоол түрээсэлдэг гэнэ. Түүнчлэн зогсоол худалдан аваад үйл ажиллагаа явуулж буй хүн ч цөөнгүй. Борлуулалт хэр байгааг лавлахад олонх нь “Боломжийн. Өнгөрсөн зун үйлчлүүлэгч олон, бужигнаж өнгөрлөө. Өвөл хаяанд ирлээ. Хүйтрэхээр энд ирэх хүн цөөрөх болов уу гэж жаахан болгоомжилж байна” гэв. Эндээ нэгмөсөн “нүүгээд” ирж болох, эсэхийг лавлахад “Хотын төвд машин зарахыг бүрэн хориглохгүй л бол хэцүү шүү дээ” гэж байр сууриа илэрхийлсэн.
Авто худалдааны цогцолборынхон хот дотор байрладаг захынхан бүгдээрээ нүүж ирнэ гэж урд талдаа нэлээд том талбай бэлдсэн юм билээ. Харамсалтай нь, 2000 гаруй машины зогсоол бүхий тэр талбай одоохондоо хоосон, ихэвчлэн өөр зориулалтаар ашигладаг гэнэ. Биднийг очиход тэнд Сонгинохайрхан дүүргийнхний онцгой байдлын үеийн бэлэн байдлыг хангах сургалт болж байлаа.
Үүнээс гадна цогцолборт олон төрлийн үйлчилгээ бий. Машин зарах зогсоолуудын баруун талд барьсан, үйлчилгээний зориулалттай жижиг байшингуудад банк, дэлгүүр, цайны газар, нотариат, татвар, даатгалын байгууллага, автомашины улсын дугаарын үйлдвэр зэрэг байрлаж байна. Нийт 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллага бий гэдгийг цогцолборынхон хэлсэн. Өөрөөр хэлбэл, энд ирсэн хүн бүх үйлчилгээг нэг дороос аваад, машинаа унаад харих боломжтой.
Тэдгээр байгууллагаас хамгийн олон үйлчлүүлэгчтэй нь Авто тээврийн үндэсний төвийн салбар гэвэл хилсдэхгүй. Машин авсан хүн бүр заавал тус байгууллагаар орно. Импортын тээврийн хэрэгсэлд тус байгууллагынхан улсын дугаар, гэрчилгээ олгох, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Өдөрт дунджаар 200-300 хүн автомашины улсын дугаар авхаар тэднийд ханддаг байна. Мөн 100 орчим хүн улсын дугаар эзэмшигчийн нэрийг шилжүүлж, солиулах үйлчилгээ авдгийг бүртгэлийн мэргэжилтэн М.Бат-Эрдэнэ ярьсан.
Цогцолборын нийт талбай нь 130 га боловч одоогоор дөнгөж 30 га-д нь л бүтээн байгуулалт хийжээ. 26 цайны газар, хүнсний таван дэлгүүр, гурван банк, даатгалын 10 компани, нэг эмийн сан, автомашины улсын дугаарын 10 үйлдвэр ажиллуулах зориулалтын байр бий. Уг нь бүх байшин барилгаа худалдаж, эзэнтэй болгосон ч одоохондоо зарим нь ажиллахгүй, хоосон байгаа аж.
ХААН, “Хас”, Үндэсний хөрөнгө оруулалтын гэсэн гурван банк цогцолборт ажиллаж байна. Түүнчлэн банк бус санхүүгийн 10 орчим байгууллага үүдээ нээжээ. Тэдгээрт ихэвчлэн машины зээл сонирхсон хүмүүс ирдэг. Мөн найман цайны газар байлаа. Нэг онцлууштай зүйл нь цогцолборын харуул хамгаалалт. Гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж, 64 камераар талбайгаа бүхэлд нь хянах төв байгуулжээ. Үүнд худалдаа эрхлэгчид ам сайтай, хяналт сайн учраас ямар нэг эрсдэл тулгарахгүй гэдэгт итгэлтэй байдгаа хэлсэн.
Харин өдгөө тулгараад буй гол асуудал нь нийтийн тээвэр гэнэ. Долоо хоногийн зургаан өдөр, өдөрт гурван удаа буюу өглөө, өдөр, оройд энд автобус ирдэг гэнэ. Мягмар гарагт автобус нь “амардаг”. “Өглөө эрт ирэх хүн бараг үгүй. Голдуу өдөр л ирнэ. 13.30, 17.30 цагт л автобус ирдэг юм. Тэр цагийг тааруулж суух зарим хүнд амаргүй байх. Тиймээс бид нийтийн тээврийн хэрэгслийнхээ тоог олшруулж өгөөч гэсэн хүсэлтийг холбогдох байгууллагынханд байнга тавьж ирсэн. Тэгвэл үйлчлүүлэгчийн тоо нэмэгдэнэ шүү дээ” гэж худалдаачид хэллээ. Түүнчлэн цогцолборын мэргэжилтэн Т.Оюунцэцэг ч “Одоо гол асуудал нийтийн тээвэр л байна. Энэ талаар манай удирдлага холбогдох байгууллагад нь санал, хүсэлтээ тавьсан юм билээ” гэв.
Тус байгууллагынхан үйлчилгээгээ хөнгөвчлөх, илүү олон хүнд хүргэх чиглэлд нэлээд анхаарч буйгаа онцолсон. Тухайлбал, Авто худалдааны цогцолборыг хол гэж төвөгшөөж буй иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс цахим худалдааны вэб сайтыг 2018 оны хоёрдугаар сараас эхлэн ажиллуулах болжээ. Тус цахим хуудаснаас цогцолборт зарж буй автомашины талаарх мэдээллүүдийг авах боломжтой аж.
Зам, тээврийн хөгжлийн сайд, нийслэлийн Засаг даргын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд 1000 машины зогсоол болон циркийн авто зогсоолын газрыг чөлөөлөх болсныг уншигч та санаж буй биз ээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй автомашин болон сэлбэг ил задгай худалдахыг таслан зогсоож, албан ёсны зөвшөөрөлтэй шинэ цогцолборт төвлөрүүлэх нь эл арга хэмжээний зорилго байв. Цаашид ийм арга хэмжээг өргөжүүлж, авто худалдааны бусад захыг ч нүүлгэн, төвлөрүүлэх нь зүйтэйг тэнд үйл ажиллагаа явуулж буй хүмүүс хэлснийг онцлон тэмдэглэе.
Бэлтгэсэн: М.Оч