Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 онд манайд Азийн хүүхдийн спортын их наадам болно. Тэнд усанд сэлэлтийн төрөл багтсан. Тиймээс тэр болтол хүүхдүүд мэргэжлийнхэнд зориулсан нарийн стандарт, норм бүхий бассейнд бэлтгэл сургуулилалтаа базаах шаардлагатай. Нэг үеэ бодоход дүүрэг болгонд Усан спорт сургалтын төв байгуулсан нь энэ спортоор хичээллэх сонирхолтой иргэдийн эрэлт хэрэгцээг тодорхой хэмжээнд хангаж буй ч яг мэргэжлийн тамирчдын хувьд бассейны шалгуур шаардлагууд огт өөрөөр яригдана. Монголын клубүүд тамирчдынхаа бэлтгэлийг базаадаг сургалтын гол бааз суурь нь Усан спорт сургалтын төв буюу олны нэрлэдгээр төв бассейн.
Тийм ч учраас тэнд хичээллэдэг 500 гаруй хүүхдийн ар гэрийнхэн санаачилгаараа нэгдээд, үсрэлтийн тавцангуудыг нь шинэчилж, зургаан замыг нь шинээр авч өгсөн юм билээ. Гэтэл төв бассейныг өч төчнөөн алдагдалтай ажилладаг, төсөвт орлого төвлөрүүлэх бус, байнга зарлага гаргадаг гэж ад үзсээр байгаад өнгөрсөн нэгдүгээр сарын 4-нд нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилсан. Харин өдгөө олон нийт “Төв бассейн бассейн биш, “Этүгэн” сургуулийн хичээлийн байр болчихож” хэмээн ихэд ундууцаж буй.
Үнэхээр ч үүдээр нь оруут зүүн, баруун талд лекцийн их, бага танхим байгуулчихсан анагаахын оюутнууд хичээллэж, хоёрдугаар давхарт нь мөн хэд хэдэн анги нээсэн байна билээ. Гэхдээ энэ нь төв бассейныг тэр чигт нь их сургууль болгосон хэрэг биш гэнэ. Долдугаар сарын 15-наас эхэлсэн сантехникийн их засвар, шугам сүлжээний шинэчлэлийн ажил нь одоо дуусаж байгаа тул өнөө маргаашгүй үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж буйгаа усанд сэлэлтийн спортын мастер Ц.Баяраа багш дуулгасан. “Манайхан шиг төв бассейнаа алдагдалтай ажиллаж байна гээд хувьчилдаг улс орон хаана ч үгүй.
Алдагдалтай ажиллаж ирсэн шалтгаан нь үйл ажиллагаа нь доголдож, үйлчлүүлэгчид цөөрсөндөө бус, харин засаг төр, нам солигдох тоолонд шинээр томилогдож ирдэг дарга нар ажилдаа сэтгэл гаргадаггүй байсантай холбоотой. Бассейны зүрх гэгддэг сантехникийн тоног төхөөрөмж, шугамуудыг солих шаардлагатай хугацаанд нь шинэчлэхгүй, олон жил аргацааж явсны уршгаар манайх байнга ус алддаг байсан. Миний л мэдэхээр сүүлийн 13 жил хийгдээгүй сантехникийн тоног төхөөрөмж, шугамуудын шинэчлэлийн ажил энэ зун өрнөлөө. Цаашид усаа цэвэршүүлээд, дахин ашиглах технологийн шийдэл нэвтрүүлэх талаар сургуулийн захиргаатай хамтран судална” хэмээн тэрбээр ярив.
Шугам хоолойнууд нь зэвэнд идэгдэж битүүрснээс болоод төв бассейн сангийн усаа дүүргэх гэж бүхэл бүтэн найман цаг гоожуулдаг байсан гэхээр төр хамгийн муу менежер гэдэг үг ортой аж. Амьгүй албатууд нь ажил хийхийг бус, албан тушаал дээрээ аргацааж байгаад дараагийн шат руу ахихыг мөрөөддөг учраас төрийн ажил явдаггүй биз. Тэгээд “Энэ байгууллага чинь өөрөө л ашиггүй ажиллаад байна шүү дээ” гэсэн жижүүрийн хариултад итгээд бушуухан хувьчлахын түүс болдог юм биш үү. 2007 онд Төрийн өмчийн хорооныхон менежментийн хувьчлал нэрийдлээр Улсын циркийн барилгыг хувьд шилжүүлснээр өнөөдөр тэндхийн дүр төрх, үйл ажиллагаа ямархуу байдалтай байгааг ард түмэн мэднэ. Тэглээ гээд АСА циркийнхэнтэй өнөөдөр үүрэг хариуцлага ярих, зарга хийх эрх мэдэл төрийн ямар ч байгууллагад үгүй гээд дорой дуугардаг.
Төв бассейны нөхцөл байдлаас харахад ч хувьчлал гэх хуудуутай үйлдлийн но бас л анзаарагдана. Усан спорт сургалтын төвийг 2014 онд хувьчлах объектуудын жагсаалтад анх оруулж ирэхдээ компанийн зарчмаар хувьчилна гэж байснаа хойтон жил нь “40 хувийг нь нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилна” гэсэн өөр нэг нэр зүүлгээд дахин зүтгүүлсэн түүхтэй. Харин 2016 онд 100 хувь нээлттэй дуудлага худалдаа болгож босгоо намсгахдаа хувьчилж авсан хуулийн этгээдтэй тухайн объектыг 15 жилийн турш үндсэн үйл ажиллагааных нь дагуу ашиглах гэрээ хийнэ гэж байв. Нээлттэй дуудлага худалдааны хувьчлалын гол онцлог нь тухайн объектыг худалдаж авсан хүн ямар зориулалтаар ашиглах нь дурын хэрэг, өөрийнх нь дархан эрх байдаг учраас улсынхаа хамгийн том бассейныг шууд “нүд аниулахад” хүргэх вий гэсэн болгоомжлол байсан нь мэдээж.
Гэвч хэдэн жил дараалан зүтгүүлж байж эцсийн эцэст нийслэл хот “үнэгүйдсэн” өмчөө энэ оны эхэнд нээлттэй дуудлага худалдаагаар “Этүгэн” их сургуульд 8.7 тэрбум төгрөгөөр өгч “далдруулахдаа” үүнийг хоёр жил болгож бууруулжээ. “Нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах тохиолдолд тухайн объектын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй гэж хатуу тулгадаггүй. Харин ч бид Усан спорт сургалтын төвийг хувьчлахдаа худалдах, худалдан авах гэрээнд нь “Хоёр жил үндсэн үйл ажиллагааных нь дагуу ашиглах ёстой” гэдэг заалт оруулсан” хэмээн нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан тайлбарлана билээ.
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд ямар ч байсан хоёр жилдээ төв бассейныг хэвийн ажиллуулж байгаад 2020 оноос дээврийг нь хуулж их засвар хийх гэж буйгаа “Этүгэн” группийн охин компани “Төв бассейн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Хишигбаяр хэлсэн. Нэг жил орчим хугацаанд их засвар хийх бөгөөд цаашид төв бассейны үйл ажиллагааг илүү өргөтгөж, спорт цогцолбор болгохоор төлөвлөжээ. Тэгэхдээ барилгын үндсэн хийц загварыг нь алдагдуулахгүй хэвээр нь байлгах гэнэ. Нэгэнт төр өмчөө мэдэж, захиран зарцуулж, эзэн шиг эзэн байж чадаагүй учраас одоо бидэнд “Азийн хүүхдийн спортын их наадам болтол төв бассейны амыг бүү бариасай. Үйлчилгээний үнээ хэт их нэмэхгүй байгаасай” гэж найдан хүлээх л үлдэж. “Манай төрийн байгууллагууд ажилдаа сэтгэлгүй, өмч хөрөнгөдөө ямар хайхрамжгүй ханддагийг зах зухаас нь мэдэрч байна. Улсын өмч учраас акт тогтоож байж хаяна гээд ашигладаггүй өрөө танхим болгондоо баахан хог хаягдал овоолсон байсан. Одоогоор бид 28 “Хово”, 31 “Портер” хог ачуулаад байна” гэсэн түүний яриа бас л нэгийг бодуулмаар.
“Үнэгүйдсэн өмч” гэж тодотгосон өөр нэг шалтгаан нь Усан спорт сургалтын төвийг дуудлага худалдаагаар хувьчлах анхны үнийг Өмч хувьчлах комиссоос тогтоохдоо 10 гаруй тэрбум төгрөгөөр үнэлж байж. Гэвч анхны үнээр гурван удаа дуудлага худалдаа зарлахад санал ирээгүй тохиолдолд комиссын шийдвэрээр үнийг бууруулдаг журмын дагуу 8.7 тэрбумаар хувьчилжээ. Өмч хувьчлах комиссын шийдвэрээр анхны үнийг 40 хүртэлх хувиар бууруулдгийг одоо иргэд андахгүй болсон тул “Танай гурав дахь дуудлага худалдаа хэзээ болох вэ” гээд нийслэлийн Өмчийн харилцааны газрынхан руу утас цохисон шиг ээ анаад хүлээж байдаг гэнэ.
“Гурав дахь дуудлага худалдааны дараа тэртээ тэргүй үнэ нь шалдаа буух юм чинь” хэмээн “ан”-гаа товлочихоод хүлээж буй хүмүүст дотроосоо зориуд мэдээлэл өгдөг нь ч бий гэх. Газрын дуудлага худалдаа ч мөн ялгаагүй. Энэ бол хувьчлалын цаадах бас нэг но гарцаагүй мөн билээ. Ямартай ч Усан спорт сургалтын төвийг хувьчилсны “ачаар” өнөө жил өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөө 145 хувиар давж биелсэн аж. Ирэх жил өмч хувьчлалаас дөрвөн тэрбум төгрөг босгох урьдчилсан төлөвлөгөө гарсан бөгөөд үүнийг биелүүлэхийн тулд ямар объектуудыг нийслэлийн ИТХ оруулж ирэх нь бас л сонин. Ямартай ч Чингэлтэй дүүрэг лав “Ирэх жил хувьчлах объект манайд байхгүй ээ” гэдэг саналаа саяхан ирүүлжээ.
“Энэ онд нийслэлийн төсөвт өмч хувьчлалаас төчнөөн тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой” гэдэг норм төлөвлөгөө жил бүр гарч, хувьчлах объектуудын жагсаалтыг ИТХ-аас баталдаг нь хувьчлалын ил болон далд нуугдаж буй олон ашиг сонирхлын зөвхөн нэг л шалтгаан нь. Тухайлбал, сонгуулийн жилийн өмнө буюу 2015 онд Э.Бат-Үүл мээр байхдаа, Д.Баттулга хотын парламентын дарга хийж ахуйдаа 21 объектыг хувьчилж, нийслэлийн төсөвт нийт 46 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөө гаргаж байв. Тэр дунд Хүүхдийн урлан бүтээх төвийг оруулсан байсныг хүүхдүүд, эцэг, эхчүүд, багш нар нь эсэргүүцэн, манай сонин ч хэдэнтээ бичсэний эцэст Японы Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” төслөөс дээврийн засварын мөнгийг нь гаргаж өгснөөр жагсаалтаас хассан билээ.
Тухайн үеийн нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар “Хүүхдийн урлан бүтээх төвийн байрыг ашиглаж болохгүй гэсэн мэргэжлийн хяналтын байгууллагын хоёр ч дүгнэлт бий. Тус төвийн барилга мөнх цэвдэгтэй газарт баригдсан, дээрээс нь анхнаасаа суурийг нь муу тавьсан учраас хүүхдүүд тэнд хичээллэхэд хүндрэлтэй. Зөвхөн дээврийн засварт нь л 300-гаад сая төгрөг орох юм билээ. Тиймээс барилгыг хувьчилж, тэнд хичээллэдэг дугуйлан секцийг дүүргүүдэд тараан байршуулна” гэж байв. Гэтэл нөгөө юу юугүй нурах аюултай гээд байсан барилгад нь өнөө хэр хүүхдүүд дугуйландаа хичээллэж, багш нар хичээлээ зааж буй. Тэгэхээр хэдийд ямар нөхцөлд, хувьчлах объектын жагсаалтад юуг оруулах нь бас ихээхэн чухал байгаа биз.