ДБЭТ-ын гоцлооч М.Нямтайваныг “Залуус” буландаа урилаа. Тэрбээр 2014 онд СУИС төгссөнөөсөө хойш Монголын сонгодог урлагийн их өргөөний өндөр босгыг давж, олон бүжгэн жүжигт тоглож байгаа.
Түүнчлэн “Номадик балет” продакшны бүрэлдэхүүнд багтаж, Монголын үзэгчдэд сонгодог урлаг, тэр дундаа балетын урлагийг таниулах, сурталчлахад авьяас билгээ зориулж буй нэгэн юм.
-Сонгодог урлагаар багааса хичээллэж байж амжилтад хүрдэг. Тийм ч болохоор ээж, аав нь нөлөөлж, урлагт хөтөлсөн байдаг юм билээ. Таныг балетын урлагт хэн хөтлөв?
-Би Ховд аймаг төрж, өссөн. Дунд сургууль төгсөх хүртлээ бүжигчин болно гэж төсөөлж ч байгаагүй. Дунд сургууль төгсөхдөө би МУИС-ийн Физик, электроникийн сургуульд шалгуулаад, тэнцчихсэн. Гэтэл санамсаргүй тохиолдлоор СУИС-д бас шалгуулаад тэнцсэн. Ингээд л алийг нь сонгох вэ гэж их удаан бодож, аавтайгаа зөвлөөд, энэ мэргэжлээ эзэмшсэн дээ.
Аав минь намайг “Миний хүү юу хүсэж байна, түүнийгээ л сонго” гэсэн. Багаасаа бүжиглэх дуртай, сум, аймгийн уралдаан, тоглолтод оролцдог байсан болохоор энэ мэргэжил намайг татсан байх л даа. Би СУИС-ийн багш Г.Ононгийн шавь.
-Санаандгүй тохиолдлоор СУИС-д шалгуулсан гэлээ. Юу болсон юм бэ?
-Багаасаа л урлагт дуртай, дуулах, бүжиглэх авьяастай байлаа. Гэхдээ мэргэжлийн бүжигчин болно гэж төсөөлөөгүй. МУИС-д тэнцээд удаагүй байтал манай аймгийн театрын ой болж таарлаа. Энэ ойд зориулсан тоглолтод монгол бүжиг бүжиглэх эрэгтэй бүжигчин дутсан гэсэн. Ингээд дунд сургуулийн бүжгийн эвсэлтэй хүүхдүүдийг оролцууллаа. Би тэдний дунд багтсан юм. Гэтэл яг тэр үед СУИС-ийн багш нар элсэлтийн шалгалт авахаар ирж таарлаа. Би ч сонирхоод, шалгуулаад үзье гэж бодтол тэнцчихсэн.
-СУИС төгсөөд бүжгийн олон төрлөөр ажиллах боломж бий. Яагаад сонгодог урлагт дурлав?
-СУИС-д ортлоо бүжгийн урлаг гэж ямар агуу, бүжгийн хэчнээн олон төрөл байдгийг гадарладаг ч үгүй байлаа. Яваандаа олон төрлөөс нь хамгийн их ур чадвар шаарддаг, хамгийн хэцүү, тэгсэн атлаа хамгийн гайхамшигтай нь болох сонгодог урлагт илүү татагдсан. Г.Онон багш минь ч намайг дэмждэг байлаа.
Сонгодог урлагаар багаасаа хичээллэсэн хүүхдүүдийн хажууд дунд сургуулиа төгсчихөөд суралцаж эхэлсэн миний бие ямар хатуу, хөдөлгөөн ямар хөшүүн байсан нь ойлгомжтой. Тиймээс чадвараа ахиулахаар хичээж ирсэн. Нөгөө талаас, МУИС-ийн хуваарийг хаячихаад сонгосон мэргэжил минь юм чинь хичээхээс өөр аргагүй. Тиймээс тууштай, хичээнгүй байхыг л үргэлж хичээдэг.
-Ажиглах нь ээ, ДБЭТ-т одоо ажиллаж буй бүжигчдийн олонх нь ХБК төгссөн юм билээ. СУИС төгссөн хүн цөөн санагдсан.
-Ер нь тийм. СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль байгуулагдаад 25 жил болж байгаа. Энэ хугацаанд төгссөн бүжигчдээс гурван эрэгтэй л ДБЭТ-д балет бүжиглэсэн. Тэдний нэг нь би. Нөгөө нь балетмейстер Ц.Чинзориг, гоцлооч Э.Эрдэнэжаргал.
-ДБЭТ-ын босгыг хэрхэн давж байв. Анх ямар дүрд бүжиглэсэн бэ?
-Оюутан байхдаа ДБЭТ-ын тоглолтыг байнга үздэг, Монголд ганц байдаг энэ театрт ажиллах юм сан гэж хүсдэг байв. ДБЭТ-ын ерөнхий балетмейстер байсан Б.Жаргал багш намайг бүжигчидтэй хамт дасгал, сургуулилалт хийхийг зөвшөөрч, би ч байнга очдог боллоо. Ингэж явсаар сургуулиа төгсөж, театрынхаа үндсэн бүжигчин болсон доо. Сургуулиа төгсчихөөд анх олны хэсэгт, туслах дүрүүдэд л гардаг байсан санагдана. Анх “Best of classics” тоглолтод “Хунт нуур” бүжгэн жүжгийн хэсгээс бүжиглэж оролцсон юм байна.
-Балетчин байх хэцүү, шантрах үе олон ч урлагт дуртай, мэргэжилдээ хайртай болохоор тэсэхээс өөр аргагүй гэдэг. Танд тийм шантрах үе олон тохиосон уу?
-Ядрах, шаналах үе гардаг л юм. Ялангуяа театрт орсны дараахан их ядардаг байлаа. Надаас бусад олонх бүжигчин багаасаа энэ урлагаар хичээллэсэн, мундаг. Гэтэл би шинэ, тэгсэн хэрнээ ур чадвараар дутуу. Түүнээсээ болж тэднээс олон цагаар сургуулилалт хийнэ, ядарна. Тэглээ гээд больё гэж шантарч байгаагүй ээ.
Гол нь би дуртай зүйлээ хийж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа болохоор тэр шүү дээ. Бас театрын хамт олон минь намайг их дэмждэг, тусладаг байсан болохоор би улам хичээсэн. Мэдэхгүйг минь зааж өгч, чи чадна гэж урам өгдөг сайхан хамт олонтой хүн дээ, би.
-Шантрах үе тохиолдвол өөрийгөө хэрхэн тайвшруулдаг вэ. Сэтгэл санаа тавгүй үед тайзан дээр гарах хэцүү байх. Сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Сэтгэл таагүй үед бүжиглэх их хэцүү. Гэхдээ аль болох тайван байж, ямар ч таагүй зүйл болсон тайзан дээр үзүүлэх ёстойгоо бүрэн гүйцэд хийх ёстой л гэж боддог.
-Та “Номадик балет” продакшны бүрэлдэхүүнд багтдаг. Танай продакшн өнгөрсөн сард сонгодог урлаг сонирхогчдод тоглолтоо хүргэлээ. Одоо ямар шинэ уран бүтээл үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна вэ?
-“Номадик балет” продакшн байгуулагдаад хоёр жил гаруй болж буй гэхэд бүрэн хэмжээний хэд хэдэн тоглолтоо үзэгчдэд хүргэлээ. Өнгөрсөн сарын 28-нд болсон “Granduer” тоглолтдоо өмнөх тоглолтуудынхаа шилдэг үзүүлбэрүүдийг багтаасан.
Манайх ДБЭТ-ын балетын тэргүүн зэргийн гоцлол бүжигчдээс бүрдсэн продакшн учраас мэргэжлийн түвшний, сонирхолтой тоглолт үзэгчдэд хүргэхийг хичээдэг.
-Залуу уран бүтээлчид бүжиглэхийг хүсдэг бүжгэн жүжгийн дүр зөндөө бий байх. Хүссэн дүрдээ бүжиглэж чадсан уу?
-Мэдээж зөндөө бий. Гол нь бүх зүйл надаас л шалтгаална. Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” бүжгэн жүжигт тоглохыг мөрөөддөг байлаа. Тэр хүслээ биелүүлсэн. Мөн Ф.Херольдын “Дэггүй Лиз” бүжгэн жүжигт тоглочихлоо. Энэ мэтээр хүссэн, мөрөөдсөн зүйлийнхээ төлөө алхам алхмаар урагшилж л байна.
-Бүжиглэж байхдаа юу мэдэрдэг вэ?
-Өөрт төрдөг мэдрэмжээ үгээр илэрхийлэх гэхээр чадахгүй юм. Мэдэрч болох хамгийн сайхан зүйл л тэр байх.
-Та нас ахихаас айдаг уу?
-Үгүй ээ. Дайраад гарах жам юм хойно.
-Балетчин богино настай мэргэжил шүү дээ. Тэтгэвэрт гарахаасаа өмнө юу юу хийж амжуулмаар байна вэ?
-Хүсдэг, шунадаг дүрүүддээ тоглож амжмаар байна.
-“Бахчисарайн оргилолт булаг” бүжгэн жүжгийн 60 жилийн ойд зориулсан тоглолтод Гавьяат жүжигчин Н.Баатар Гирей хааны дүрд бүжиглэсэн шүү дээ. 80 нас хол гарчихаад тайзан дээр бүжиглэнэ гэдэг гайхамшиг. Харин та хэд хүртлээ бүжиглэх бол?
-Бүжиглэж чадахгүй болтлоо л бүжиглэнэ дээ.
-Ихэнх балетчид тэтгэвэрт гарахаараа балетмейстер болж, эсвэл багшилдаг. Харин та юу хийхээ төлөвлөсөн үү?
-Энэ талаар бодоход эрт байна. Гэхдээ багшлах байх. Өөрөө гарамгай бүжиглэдэг мөртлөө зааж чаддаггүй бүжигчид байдаг. Гэтэл бусдад маш сайн сургадаг бүжигчин ч бий. Би багшилж чадах байх.
-Өөрийгөө тайзнаас хол амьдарч байгаагаар төсөөлж үзсэн үү?
-Ёстой үгүй. Төсөөлөхийг ч хүсдэггүй.
-Та сургуулилалт, тоглолт гээд л цаг наргүй ажилладаг. Заримдаа бусад шиг өөр мэргэжил эзэмшиж, цаг нартай ажил хийх байж дээ гэж боддог уу?
-Чөлөөт цаг бараг гардаггүй. Тэгсэн ч энэ мэргэжлийг сонгосондоо харамссан удаагүй. Бид өглөө тогтмол 10.00 цагаас театр дээрээ бэлэн байж, сургуулилалтаа эхэлнэ. Тоглолттой үед бүр сунаж унана шүү дээ. Өдөр нь сургуулилалт, орой нь тоглолттой. Тараад “Номадик балет” продакшныхаа сургуулилалтыг хийнэ. Сүүлийн үед ийм маягаар л амьдарч байна.
-Манайд сонгодог урлаг сонирхогчдын хүрээ хумигдмал. Балетын гоцлоочдыг энэ төрлийн тоглолт, бүжгэн жүжиг үздэг хүмүүс л андахгүй гэхээс биш, хэр баргийн хүн танихгүй. Балетчин гэдгийг чинь сонсоод хүмүүсийн хандлага өөрчлөгддөг үү?
-Хүмүүсийн харилцаа, хандлага их өөрчлөгддөг шүү. Гайхдаг, бас бахардаг. Тийм ч болохоор эзэмшсэн мэргэжлээрээ бахархдаг.
-Сонгодог урлагийн үнэлэмж манайд муу. Боломж, ирээдүйгээ бодвол гадаадын театрт ажиллавал илүү нэр хүндтэй, мөн санхүүгийн хувьд илүү бололцоотой болох байх. Танд гадаадад ажиллах хүсэл бий юү?
-Уг нь тийм. Гэхдээ надад одоохондоо тийм бодол алга. Харин үргэжлүүлж сурах бодол бий. Монголын чадварлаг олон гоцлооч гадаадын алдартай театрт ажиллаж байна. Хэрэв эндэх цалин, хангамж нь боломжийн байсан бол тэд гадагшаа явах сонголт хийхгүй байсан нь лавтай. Авьяаслаг уран бүтээлчдээ эх орондоо уран бүтээл хийх боломжоор хангаж, тогтоож чадахгүй байгаа нь харамсалтай.
-Урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Сонгодог урлаг танд ямар зөв дадал суулгав?
-Сонгодог урлаг хүнийг гоо зүйн мэдрэмжтэй, бас сэтгэлийн хат, тэсвэр хатуужилтай болгодог.
-Театрт багшаа хэмээн бодож хүндэлдэг, мэргэжлийн зөвлөгөө авдаг хүн бий юү?
-Хамт ажиллаж буй уран бүтээлч бүрээсээ суралцдаг. Хүн бүрт онцлог, давуу тал бий шүү дээ.
-Гадаадын хэн гэж балетчныг биширч, үлгэр дуурайл авдаг вэ?
-Гадаадын балетын одуудын тоглолт, сургуулилалтын бичлэгийг үзэлгүй яах вэ. Гэхдээ гадаадынхнаас илүү театрынхаа үе үеийн чадварлаг уран бүтээлчдээс үлгэр дуурайл авдаг даа.
-Байнгын дасгал сургуулилалт хийдэг болохоор нойр, хоолоо сайн тохируулах шаардлага гардаг байх. Мөн биеийн жингээ барихаас авхуулаад анхаарах зүйл бишгүй юү?
-Тоглолтын сургуулилалтаас гадна биеийн хүчний, сунгалтын дасгал байнга хийдэг болохоор алдсан энергиэ хоол хүнсээр нөхөхөөс өөр аргагүй. Гэхдээ хүссэнээрээ идэж бас болохгүй. Би амархан таргалах гээд байдаг. Тиймээс аль болох тааруулж, зөв хооллохыг хичээдэг.
-Биеэ дутуу халааснаас, эсвэл алдаа гаргаснаас болж бэртэх үе байдаг. Бас байнга хөл, гартаа ачаалал өгч ажилладаг болохоор их янгинадаг болж, өвчин намдаах эм уудаг гэж сонссон. Танд тийм үе тулгарч байв уу?
-Бүжигчдэд үе мөч янгинах, хөнгөн бэртэх нь байдаг л зүйл. Аминдэм, эм уух үе ч гардаг. Хөлдөөгч цацлага цацаад тайзан дээр гарах үе ч бий. Эрэгтэй бүжигчид эмэгтэйчүүдээс илүү эргэж, үсэрдэг болохоор шагай, өвдгөө гэмтээх магадлалтай. Тэгэхгүйн тулд аль болох бэлтгэл сайтай, анхааралтай байхыг хичээдэг.