Ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул нурааж, шинийг барихаас өөр аргагүйд хүрсэн сургууль нийслэлд гурав бий. Баянзүрх дүүргийн 21, Баянголын 19, Хан-Уулын 75 дугаар сургууль үүнд багтсан. 21 болон 75 дугаар сургуулийн барилгыг буулгаад эхэлсэн, ажил нь нэлээд урагштай яваа аж. Харин Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийг өдий хүртэл буулгаагүй байна. Төлөвлөгөө ёсоор бол ирэх оны есдүгээр сар гэхэд шинийг барьж дуусгаад, сурагчдаа хүлээн авах ёстой атал өдгөө ажил гүйцэтгэх аж ахуйн нэгжийг нь ч сонгон шалгаруулаагүй аж. Хоёр ч удаа тендер зарлаад бүтэлгүйтжээ. Байргүй сурагчид өдгөө хаана хичээллэж буй, хүндрэл бэрхшээл тулгарч байгаа, эсэхийг сургуулийн захирал Р.Өлзийбаяраас тодрууллаа.
-Сургуулийн барилгыг хэзээ ашиглалтаас гаргасан юм бэ?
-Манай сургуулийг 1956 онд барьсан. Газар хөдлөлтөд тэсвэргүй тул үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн дүгнэлт мэргэжлийн хяналтын байгууллагаас 2015 онд гаргасан юм. Гэсэн ч бид тэндээ гурван жил хичээллэлээ. Энэ жилээс шинээр барих болсон. Өнгөрсөн хавар хичээл тарахад бид бүх ангиа суллаж, буулгахад бэлэн болгосон юм. Саяхан яамны холбогдох хүмүүстэй уулзахад “Тендер хоёр удаа зарлаад ямар нэг компани шалгараагүй учраас шууд гэрээгээр ажил гүйцэтгэнэ” гэж хэлсэн. Хэрхэхийг л хүлээж сууна. Буулгах болсон сургууль хоёр давхар, 320 хүүхдийн багтаамжтай. Шинээр барихдаа багтаамжийг нэмэгдүүлж, 640 хүүхэд сурч боловсрох боломж бүрдүүлэхээс гадна иж бүрэн тохижуулна гэсэн тул манай багш, сурагчид бүгд л ажил хурдан урагшлахыг хүлээж байгаа.
-Сурагчид хаана хичээллэж байна вэ?
-Сонгинохайрхан дүүргийн 12, 42 дугаар сургуулийн аль нэгэнд нь түр хичээллэ гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу дээрх хоёр сургуульд албан бичиг явуулахад 12 дугаар сургуулийнхан өөрсдөө гурван ээлжээр хичээллэдэг учраас биднийг хүлээж авахгүй гэсэн. Харин 42 дугаар сургуулийн удирдлага нааштай шийдвэр өгч, таван анги гаргалаа. Үүнд манай сургуулийн 6-12 дугаар ангийнхан гурван ээлжээр хичээллэж байна. 2012 онд ашиглалтад оруулсан 320 хүүхдийн багтаамжтай бага сургууль минь бидэнд их нэмэр боллоо. 1-5 дугаар ангийн 800 гаруй хүүхэд бага сургуулийнхаа байранд гурван ээлжээр хичээллүүлж буй. Манайх хүүхдийн автобустай, түүгээрээ уг нь бага ангийнхнаа зөөдөг байсан. Харин энэ жил 42 дугаар сургуульд хичээллэж буй хүүхдүүдээ 2-3 ээлжээр зөөх боллоо. Зарим хүүхэд Эмээлт, Хургант зэрэг маш хол газраас хичээлдээ ирж байна шүү дээ. Харин бага ангийн хүүхдүүдийг эцэг, эхчүүд нь өөрсдөө хичээлд нь хүргэж, авч байгаа.
Бэлтгэсэн: М.Оч