Түлээ, нүүрсний бизнес эрхлэгчид гэр хороололд хаа сайгүй төвлөрчээ. Налайх, Багануурын гэхчлэн ялган савлаж, эгнүүлэн өрсөн нүүрс, нарс, хар модон түлээг шуудай нь 3500-4500 төгрөгөөр худалдаж байна. Санзай, Яргайт, Жигжид, Шадивлан, Сэлх, Бэлх зэрэг зуслангийн уулзвар болсон Долоонбуудалд жижиглэнгээр түлш худалддаг цэг энэ жил улам олширсон харагдав. Ажил тарах алдад буюу оройн сэрүүнд түлш борлуулах цэгүүд олны хөлд дарагдсан байх аж. Явган нэг нь түлээ, нүүрсээ сугавчлаад, хөл жийх унаатай нь худалдагчдыг дайчлан тээшиндээ хийлгээд гэрийн зүг хөдөлнө. Нийслэл Улаанбаатарт маань утааны улирал хэдийн айлчлан иржээ.
Ганц Долоонбуудал ч бус, нийслэлийн гэр хороололд хүйтний улиралтай уралдан жилийн жилд олноор бий болдог түүхий нүүрс борлуулах цэгүүд ирэх жил “алга болно”. Засгийн газар ийм шийдвэр гаргасан. Энэ шийдвэр хөрсөн дээр бууж, биеллээ олбол нийслэлчүүд 2019 оны тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрсийг хэрэглээнээс бүрмөсөн хална. Зөвхөн шахмал түлш нийлүүлэх эрхтэй аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн түлшийг л нийслэлчүүд хэрэглэх юм. Энэ “том” ажлын суурь бэлтгэлийг базаах зорилготой, өнгөрсөн зунаас хойш сураг нь дуулдсан сайжруулсан түлшний хэрэглээг дэмжих туршилтын төсөл төлөвлөсөн хугацаа (холбогдох байгууллагууд есдүгээр сарын 20-доос хэрэгжүүлэх тов гаргасан) -наасаа хожимдсон ч “бариа”-наасаа хөдөлжээ.
Туршилтын төсөлд 26 мянган өрхийг хамруулан, тэднийг 80 гаруй мянган тонн сайжруулсан түлшээр хангах болсон. Үүнд хамруулах өрхүүд нэг дор төвлөрсөн, агаарын бохирдлын голомттой бүсэд байх ёстой гэсэн шалгуурыг төслийнхөн чухалчилсан юм. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу бүсэд хамаардаг долоо, найм, ес, 10, 11, 24, 25, 28 гэсэн найман хорооны өрх өдгөө түүхий нүүрс хэрэглэх эрхээ хасуулаад байгаа гэнэ.
Уламжлал ёсоор есдүгээр сарын дундаас түүхий нүүрс борлуулах цэгүүд эдгээр хороонд хэдэн арваараа бий болсон ч төслийнхөн сүүлд “хөөчихөж”. Гэвч хулгайгаар түүхий нүүрс борлуулах зөрчил буурахгүй байгааг ажлын хэсгийнхэн хэллээ. БОАЖЯ-ны Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ахлах мэргэжилтэн Л.Гүнбилэг “Тухайн айл бидний өгсөн нүүрсийг үнэхээр түлж байна уу гэдгийг хянана. Дамлан зарж болзошгүй учраас заавал хянах ёстой. Ингэж байж төслийн үр дүнг бодитоор үнэлнэ.
Үүнд бид их хариуцлагатай, няхуур хандаж байна” гэсэн. Тэгвэл иргэд хориглосон бүсэд түүхий нүүрс зарсан уу, түүнийг нь өрхүүд худалдан авч байгаа, эсэх, төслийнхний тараасан сайжруулсан түлшийг зориулалтаар нь ашигласан уу гэдэгт ажлын хэсгийнхэн болон мэргэжлийн хяналтын байцаагчид санаа тавьж байгаа юм. Өөрөөр хэлбэл, байнгын хяналттай гэсэн үг. Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн М.Солонго “Найман хорооны бүх өрхөд мэдээлэл түгээж, түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэрийг танилцууллаа.
Түүхий нүүрс худалдсан иргэдэд хэсгийн ахлагч нар, мэргэжлийн хяналтын байцаагчид мэдэгдэх хуудас өгч, анхааруулж, хуулийн дагуу арга хэмжээ авч байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид ч хүч нэмсээр” гэв. Дээрх найман хороо нийт 96 мянга гаруй айлтай. Тэдгээрийн 27 хувь буюу 26 мянган өрхийг туршилтын төсөлд хаамруулах нь. Ийм тооны өрхөд хяналт тавина, дээр нь түүхий нүүрсний худалдаа эрхлэгчидтэй тэмцэнэ гэдэг амаргүй. Ирэх хавраас хэрэгжих шийдвэр нийслэлчүүдэд хэр өгөөжтэй байх вэ, зорилтоо биелүүлж, түүхий нүүрсний хэрэглээнд “тушигдсан” өнөөгийн байдлыг өөрчилж чадах уу гэдэг зураглал туршилтын төслөөс тодрох юм. Тэгэхээр ажлын хэсгийнхэнд илүү хариуцлагатай байх үүрэг ногдох нь.
Нийслэлийн гэр хороололд амьдардаг 202 мянган өрхийн хэрэгцээг бүрэн хангахад жилд багадаа 600-800 мянган тонн сайжруулсан түлш хэрэгтэй гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргасан. Өмнөх төсөл, хөтөлбөрүүдийн алдааг давтахгүйн тулд Засгийн газар “автомат”-аар зохицуулалт хийж, гэр хорооллынхны хэрэгцээт нүүрсний 150 мянган тонныг нь сайжруулсан түлшний 12 үйлдвэр, үлдсэнийг нь “Эрдэнэс Тавантолгой”-н охин компани “Таван толгой түлш”-ээр хангуулах болсон юм. Өөрөөр хэлбэл, төр, хувийн нийлсэн 13 үйлдвэр нийслэлчүүдийн сайжруулсан түлшний хэрэгцээг бүрэн хариуцах нь.
Төсөлд сонгогдсон 12 компани нэгдсэн зохион байгуулалтад орж “Монголын шахмал түлш хэрэглэгчдийн нэгдэл” ХХК байгуулсан. Тэд энэ сарын 15-наас бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх урьдчилсан төлөвлөгөөтэй. Гэвч энэ хугацаандаа амжих, эсэх нь эргэлзээтэй байгааг баттай эх сурвалж хэлэв. Бидэнд олдсон мэдээллээр бодлогын түвшний асуудлууд энэ ажлыг удаашруулж буй гэх. Харин “Таван толгой түлш” компанийнхан түлшээ хэдийн борлуулаад эхэлжээ. Тэд бүтээгдэхүүнээ гэр хорооллын иргэдэд сурталчилж, танилцуулж, туршуулж, чанарыг үнэлэх боломж олгож байна.
Тус компанийн борлуулалтын менежер Ш.Мөнхцог “Багануурын нүүрсний илчлэг 3600, Налайхынх 4300 бол Таван толгойнх 6100-гаас дээш байдаг. Мөн азот, хүхрийн хий, угаар, утааг тодорхой түвшинд бууруулсан, хорт хавдар үүсгэгчийг дарангуйлдаг тусгай бодис найрлагад нь бий гээд олон давуу талтай” хэмээн ярьжээ. Жилдээ таван тонн түүхий нүүрс түлдэг айл тэдний үйлдвэрээс 2.5 тонныг авахад л өлхөн хүрэлцэх гэнэ. “Таван толгой түлш”-ийнхэн тонн нүүрсийг 150 мянган төгрөгөөр борлуулах аж. Харин одоо 25 кг-ынхаас том уутанд савласан нүүрсээ 3750 төгрөгөөр нийлүүлж байгаа гэнэ.
Туршилтын төсөлд хамруулах бүсийнхнийг холбогдох байгууллагууд хөдөлгөөнд оруулж, бэлтгэлээ базаажээ. “Таван толгой түлш”-ийнхэн ч ажилдаа гарлаа. Одоо “Монголын шахмал түлш хэрэглэгчдийн нэгдэл”-ийнхний ажлыг түргэвчлүүлж, эрчимжүүлэх л хэрэгтэй. Цаашид хэрхэхийг тааварлах аргагүй ч агаарын бохирдол бууруулах чиглэлээр энэ жил хийхээр төлөвлөсөн ажлууд өмнөх жилүүдийнхээс харьцангуй эрт хөдөлж байгаа нь сайшаалтай. Гол нь энэ эрчээ алдахгүй байх нь чухал.
Энэ өвөл утаа, хүйтэн хоёроор нийслэлчүүдийг сандаргана гэсэн “зурхай” гарчээ. Цаг уурчид хахир өвөл болох нь гэж зөгнөж байгаа бол нийслэл дэх агаарын чанарын суурин харуулууд утаа гамшгийн хэмжээнд хэвээрээ байна хэмээн “хэлэх” боллоо. Уржигдар 20.00 цагийн үед Зуун айл орчим хүлцэх хэмжээнээс 10.2, Зурагтад агаар стандартаас дөрөв дахин их бохир байжээ. Өчигдөр 18.00 цагт Бөхийн өргөө, Зуун айл орчим дунд зэргийн бохирдолтой байв. Дөнгөж аравдугаар сарын эхэнд агаар ийм бохир байгаа нь агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан шат шатны байгууллагуудыг цаашид илүү их ажиллахыг сануулж, анхааруулж байна бус уу.
Бэлтгэсэн: Ж.Сувд