Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг өнгөрсөн сарын 29-30-нд Бөхийн өргөөнд зохион байгуулахаар товлосон. Гэвч уржигдар “Гацуурт”-ын Л.Чинбатын талынхан буюу Х.Баянмөнх аварга тэргүүлсэн бөхчүүд Бөхийн өргөө рүү дайран орж, үймээн дэгдээжээ. Үүний улмаас цагдаагийн байгууллагаас тус өргөөг тодорхойгүй хугацаанд хамгаалалтад авав. Улмаар Б.Бат-Эрдэнэ тэргүүнтэй МҮБХ-ныхон нээлтийн барилдааныг хойшлуулж, энэ сарын 6-нд “Алдар” спорт хороонд зохион байгуулахаар болжээ. МҮБХ-г тойрсон маргаанд хэдхэн бөх оролцож буй. Тэднийг эсэргүүцэн, хоорондоо эв эеэ олох, Бөхийн өргөөнд барилдаан тогтмол зохион байгуулахыг цөөнгүй бөх уриалсаар байгаа.
Улсын харцага О.Хангай “Үндэсний бөхийн хоёр холбоо шүүхээр асуудлаа хурдан шийдмээр байна. Шүүх шийдэж чадахгүй байгаа бол “Их эе”-ийг дахин хуралдуулж, тэргүүнээ сонгоё. Бөхчүүд бид барилдан, монгол түмнээ баясгамаар байна шүү дээ. Хэдхэн хүний эрх ашгаас болж бөхчүүд, бөх сонирхогчид хохирох учиргүй. Бид дуугарахгүй бол өөр хэн хэлэх вэ. Би барилдмаар байна” хэмээн цахим дуудсандаа нийтэлжээ.
Мөн “Хантайшир” дэвжээний багш, улсын начин С.Багахүү “Бөхийн зүтгэлтнүүдийн санаачилга, монгол түмний хандиваар барьсан Бөхийн өргөөндөө барилдана гэж наадмаас хойш бэлтгэлээ таслаагүй бөхчүүдийн урам хугарч байна. Холбоонд биш Бөхийн өргөөнд шунасан хүмүүсийн балаг дуусахгүй нь. Тэдэнд үндэсний бөхийн хөгжил, бөхчүүдийн амьдрал ямар ч хамаагүй бололтой. Үндэсний өв соёл болсон бөхийнхөө болон амьдралынхаа төлөө тэмцье” гэсний доор олон бөх “Бөхийн өргөөнд барилдаан зохион байгуулахгүй бол бөхчүүд бид яаж амьдрах юм бэ. Хэн дуртай нь зад өшиглөөд ордог газар Бөхийн өргөө биш. Бөхчүүдийн ариун голомт, буян хишиг, сүлд хийморь шингэсэн газар. Тайван жагсаал хийе, тэмцье” хэмээн сэтгэгдэл үлдээсэн байв.
Бэлтгэсэн: Б.Далай