Улаанбаатарын утааны улирал хэдийн эхэлж, өглөө, оройд галлагааны үед униар татах болжээ. Нийслэл дэх агаарын чанарын суурин харуулуудын мэдээгээр өнгөрсөн долоо хоногийн эхний гурав хоногт цаг агаар бага зэрэг хүйтрэхэд бохирдол нэлээд ихэссэн байна. Агаар бохирдуулагч элементүүдийн дотроос PM10 буюу бүдүүн ширхэгт тоосонцрын агууламж илт нэмэгдэж, хүлцэх хэмжээнээс хэд дахин давжээ.
Тухайлбал, өчигдөр 20.00 цагийн үед Зуун айл орчимд агаар маш их бохирдолтой буюу хамгийн дээд “улаан” түвшинд хүрэв. Маш их бохирдолтой болгоход нөлөөлсөн гол “этгээд” нь бүдүүн ширхэгт тоосонцор бөгөөд хүлцэх хэмжээнээс 10.2 дахин их байжээ. Мөн Зурагт орчимд бохирдол стандартаас дөрөв дахин их болов.
Агаарын чанарын суурин харуул бүхий бусад газар болох Баруун дөрвөн зам, Нисэх, Баянхошуунд бохирдол бага зэрэг байлаа. Түүхий нүүрс, автомашины түлш дутуу шатах, үйлдвэрийн болон барилгын тоосжилт зэргээс үүсдэг тоосонцор нь уушги, зүрх өвчлөх, улмаар амьсгалын замын өвчнөөр нас барах шалтгаан болдог аж.
М.Оч