Эрүүл хооллох энгийн хэрнээ хэцүү, эдийн засагт хэмнэлттэй юм шиг ч халгаатай гэх ойлголт бий. Бид эрүүл, органик бүтээгдэхүүн хэрэглэнэ, зөв хооллоно гэхээр бага идэх, махнаас татгалзах, эвсэл дан “ногоон”, “цагаан” хүнстэй байх нь гэж ойлгодог. Зарим хүнсний ногоо, уураг, аминдэм өндөртэй ч нэлээд үнэтэй байдаг. Тэгвэл бага зардлаар хэрхэн зөв хооллох, эрүүл, органик бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд юу анхаарах ёстой бол. Газар тариалан, эрүүл хооллолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжээс дээрх асуултад хариулт хайлаа.
“Green lips” фермер маркет гэсэн хаягтай, жижгэвтэр, модон байшин руу ороход ганга, гаа, розмари зэрэг төрөл бүрийн амтлагч, хүнсний ногоо, хоол үнэртэнэ. Энд хулуу, булцуут байцай, хар, хүрэн манжин, өргөст хэмх зэрэг 20 орчим ногоо, хүнсэнд хэрэглэдэг 10 гаруй навчит болон амтлагч ургамал, үр зардаг юм байна. Махтай, махгүй шөл, зутан хийн нүдэнд харагдахуйц газарт тавьжээ. Бор гурилтай ногооны ороомог, хачиртай хар талх зэрэг ч харагдана. Хоолны газар, дэлгүүрээс гадна бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх, юу хийж болох талаар зөвлөх үйлчилгээ нэг дор байгаа нь сонирхолтой юм.
Үүнийг Хөдөө аж ахуйн их сургуулийг агрономич, ургамалзүйч мэргэжлээр төгсөн, АНУ-д тогтвортой хөгжлийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан Ж.Пүрэвжав бүсгүй, гэр бүлийн хүний хамт үүсгэн байгуулжээ. Үйл ажиллагаагаа эхлүүлээд хоёр жил орчим болсон байна. Гол зорилго нь эрүүл мэндэд ач холбогдолтой, органик гаралтай навчит болон бусад ногооны хэрэглээг нэмэгдүүлж, хэрхэн хэрэглэх талаар иргэдэд зөвлөхийг зорьсон гэнэ. Өөрөөр хэлбэл, тарьсан ногоогоо борлуулахын зэрэгцээ олон төрлийн хоол, зууш хийх арга, бага талбайд хүнсний болон навчит ногоо, хоол амтлагч тарих талаар зөвлөгөө өгөх, зарим ховор үр импортлон, борлуулахыг зорьсон юм билээ. Тиймээс бямба гараг бүр үндсэн дэлгүүртээ амталгаат худалдаа явуулахын зэрэгцээ, хэрэглээний зөвлөгөө өгдөг аж. Үйлчилгээгээ өргөжүүлэн, хоол, зууш хийн борлуулдаг хоёр дахь салбараа нээсэн нь энэ аж. Тэднийх 10 гаруй ажилтантай, нийслэлийн ойролцоо багаахан талбайд ногоо тарьж, хүнсний үйлдвэрлэл эрхэлж буй.
Манай орон харьцангуй эрүүл хөрстэй, газар тариаландаа химийн бордоо төдийлөн хэрэглэдэггүй тул бүтээгдэхүүнээ органик хэмээн тодотгодог. Эрүүл, органик ногоо, жимс тарьж, ургуулахад өсөлтийг дэмжих, хортон шавьж устгах зорилгоор химийн гаралтай ямар ч бодис ашигладаггүй аж. Үүнийг ч мэргэжлийн байгууллагууд хянан, баталгаа гаргадаг байна. Ингэж баталгаажсан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ манайд одоогоор байхгүйг “Green lips”-ийнхэн хэллээ. Тэднийх газар тариаландаа хортон шавжны эсрэг бууцай, сармисны ханд ашиглан, хогийн ургамлыг нь гараар цэвэрлэдэг гэдгээ онцолсон юм. Зарим ногоог хортонд бага зэрэг идүүлсэн, муудах төлөвтэй байсан ч худалдаанд гаргадаг гэлээ.
Учир нь химийн бодисоор “цэмцийлгэсэн” ногооноос, өөрөөрөө үрчийж, “муухай царайлсан” бүтээгдэхүүн илүү чанартай, эрүүл мэндэд хоргүй гэх юм билээ. Түүнчлэн зарим ногоогоо аминдэм хамгийн өндөр үед нь буюу ургаж гүйцээгүй, давжаа байхад нь хураан авч зах зээлд нийлүүлдэг аж. Мөн ногоо цэвэрлэж, даршлах цехтэй тул өвлийн улиралд даршилж, хөлдөөж, хатаасныг нь худалдаанд гаргадаг байна. “Green lips”-ийн онцлох бүтээгдэхүүний нэг нь хоол амтлагч ногоонууд. Ганга, гаа, розмари, базилик зэргийг том, жижиг модон саванд тарин, энд тэндгүй байрлуужээ. Хүнсэнд шууд хэрэглэх зориулалттай гэв. Хэн ч гэртээ ийнхүү тарьж, хэрэглэх боломжтой бөгөөд олон наст ургамал тул сайн арчилбал ургаад л байх тэр.
Түүнчлэн навчит ногоонууд маханд байдаггүй уураг, аминдэм, бусад хэрэгцээт элементийг ихээр агуулдгийг иргэд мэдэх хэрэгтэй гэв. Хүний өдөр тутмын хүнсний хэрэглээнд навчит ногоо багадаа 10 хувь байх шаардлагатай гэнэ. Тиймээс “Green lips”-ийнхэн 10 гаруй төрлийн навчит ногоо тарьж, хүмүүст гэртээ, тагтан дээрээ тарих талаар зөвлөгөө өгдөг гэв. Арчлаад байвал ургахгүй ногоо байхгүй. Бага зэрэг хөдөлмөр зарцуулснаар хямд өртгөөр, эрүүл хооллох боломж бийг ургамал судлаач Ж.Пүрэвжав онцоллоо. Мөн навчит ногооны хэрэглээг нэмэх зорилгоор амталсан мах худалдаанд гаргасан аж. Учир нь монголчууд мах их иддэг, ялангуяа өвлийн улиралд мах түлхүү хэрэглэдэг. Навчит ногоо болон махыг хамтад нь санал болгосон нь хэрэглэгчдэд хүрсэн байна. Тиймээс өөрсдөө тарьж, ургуулсан ганга, гаа, розмари зэргээр амталж, зөөллөн, савласан хонины мах зах зээлд нэвтрүүлжээ. Худалдаанд гаргаад жил орчим болсон ч эрэлт ихтэй гэв.
“Green lips” фермер маркетын үйл ажиллагаа, цаашдын зорилгын талаар үүсгэн байгуулагч Ж.Пүрэвжав “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас саяхан гаргасан судалгаанд 70 хүртэлх насны эрчүүдийн, халдварт бус өвчнөөс үүдсэн нас баралтаар Монгол тэргүүлжээ. Энэ нь амьдралын буруу хэвшил, буруу хооллолттой шууд холбоотой. Би хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн чиглэлээр олон улсын байгууллагад удаан ажилласан. Бид эрүүл хооллоно гэхийг мацаг барих, дан ургамал идэх гэхчлэн ойлгодог. Тийм биш юм. Өдөр тутмын хоолныхоо уураг, аминдэм, эслэгийн хэмжээг л тохируулж сурах хэрэгтэй.
Энд хүнсний ногоо нэлээд жин дарна. Зуслан, хашаандаа бага талбайд лууван, төмс тарих, тагт, цонхон дээрээ амтлагч болон нарийн ногоо ургуулах хэцүү биш. 100 000 төгрөгөөр үр, бордоо авч тариад, 10 дахин өндөр үнэлэгдэх ургац аван, жилийн хэрэглээгээ хангах бүрэн боломжтой. Манай хамт олон энэ талаар болон зах зээлд төдийлөн танигдаагүй, шимтэй ногоо ургуулах, хэрэглэх тухай зөвлөгөө өгч, үрийг нь борлуулдаг. Хоорондоо зохицдог, хүний биед шаардлагатай элемент бүхий хүнсийг таньж хэрэглэснээр эрүүл байх боломжтой. Эрүүл байна гэдэг өөрөө өөртөө хийж буй том хөрөнгө оруулалт. Бидэнд энэ талаар цаашид хийж хэрэгжүүлэх олон ажил бий” гэлээ.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам