Уул уурхайн олборлолт явуулж буй компаниудын бохирын далан сэтэрснээс болж Орхон гол ихээхэн бохирдож хүн, мал ундаалах аргагүйд хүрчээ. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэдийн мэдээлснээр тус гол энэ сарын 10-наас хойш улаанаар эргэлдэж байгаа гэнэ. Нутгийн иргэд уул уурхайн компаниудын үйл ажиллагааг эсэргүүцэн, тэмцэж байгаа боловч үр дүн гаралгүй өдий хүрчээ. Энэ талаар Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч Л.Батчулуунаас тодруулахад “Жилийн жилд л Орхон голын эхэнд алтны компаниуд ажилладаг. Тэдний буруугаас болж гол бохирдсоор байна. Манай Засаг даргын Тамгын газраас БОАЖЯ-нд энэ тухай санал гомдол явуулдаг. Энэ удаа ч мөн явуулсан. Тодорхой хариу өгөхгүй байсаар голын бохирдол улам л даамжирлаа. Одоо Орхон голын бохирдлын түвшин дээд цэгтээ хүрсэн” гэв.