Дахиад л даваа гариг. Ажлын долоо хоногийн эхний өдөр. Ажилдаа дуртай нэгэнд энэ нь шинэ төлөвлөгөө, шинэ төсөл, шинэ бэрхшээл, үр дүн, аз, сорилт, таашаал байдаг бол ажилдаа дургүй нэгэнд ял шийтгэл ажээ. “Morton Frazer” компанийн шилэн лифтээр яг л ийм ял шийтгэл хүлээсэн мэт царайтай залуу өгсөж байв. Тэрбээр урьд шөнө нэлээд уусан бололтой амнаас нь эвгүй эхүүн үнэр ханхийнэ. Шотландын хамгийн том, нэр хүндтэй хуулийн компани “Morton Frazer”-д ажилд орох гэж хүмүүс мөрөөдөж, бараг зүүдэлдэг байхад анхны ярилцлагаараа л орж чадсан энэ залуу өөрийнхөө хувь заяанд сэтгэл хангалуун биш бололтой. Тиймдээ ч тэрбээр “Morton Frazer”-д хоёр жил ажиллахдаа сархдыг нэлээн сайн зооглох болжээ.
Ажилдаа дур сонирхолгүй, нэг ёсондоо аз жаргалгүй энэ залууг Жерард Батлер гэх бөлгөө. Тэрбээр Глазко хотын хуулийн дээд сургуулийг онц дүнтэй дүүргэжээ. Зүгээр ч онц сурсангүй. Батлер сургуулийнхаа оюутны холбооны ерөнхийлөгч, хотынхоо шилдэг тамирчин, рок хамтлагийн дуучин, бас тун ч царайлаг залуу байлаа. Ийм гайхалтай сайн тодорхойлолттой залуу ажилд орох хүсэлтэйгээ илэрхийлэхэд “Morton Frazer” компани эхний ярилцлагын дараа л авахаар шийджээ. Жерардад “Ноён Батлер таны мөрөөдөл биеллээ оллоо. Та манай компанид ажиллах болсон” гэж захирлын туслах баяр хүргэхэд залуу “Мөрөөдөл гэж юу байдгийг чи мэдэхгүй л дээ” хэмээн дотроо бодсон гэдэг. Харин түүний мөрөөдөл бол жүжигчин болох байлаа. Батлер энэ тухай бүр багаасаа мөрөөддөг байжээ. Түүнийг бага байхад гэрийнх нь ойролцоо кинотеатр байх. Жаалхүү мөнгө олдвол л кинотеатр чавхдчихна. Тэгээд үзсэн киноныхоо баатаруудыг дууриан найзууддаа жүжиглэж үзүүлдэг байв. Нэг удаа Батлер жүжгийн дугуйланд шалгуулмаар байгаагаа ээждээ хэлжээ. Яагаад ээж нь тэгэхэд зөвшөөрснийг Батлер одоо ч ойлгодоггүй аж. Учир нь ээж нь хүүгээ өмгөөлөгч болгоно гэж боддог байв. Жерард жүжгийн дугуйланд тэнцээд зогсохгүй ердөө гурван сарын дараа Шотландын Залуучуудын театрт тоглодог болжээ. Тэрээр 1981 онд Глазко хотын Хааны театрт нэгэн жүжгийн тавилтад алдарт Оливерын дүрд тогложээ. Тэгэхэд Жерард ердөө 12 настай байв. Жүжгийн дугуйлан, секц, гитар, бөмбөр . . . Энэ бүхэн Батлерын сурлагад муугаар нөлөөлсөнгүй. Тэрбээр тэргүүний сурагч байсаар сургуулиа онц дүнтэй төгссөн аж. Ингээд ирээдүйн мэргэжлээ сонгох цаг ирэхэд Жерард эцэг эхээсээ зөрж чадалгүй Глазкогийн их сургуулийн хуулийн ангид элсэн оров. Тэрбээр их сургуульдаа ч тэргүүний оюутан байсаар онц дүнтэй төгссөн байна.
Лифтэнд Батлерын хамт компанийн захирлын туслах явж байлаа. Тэрбээр Жерардаас ханхийх архины эхүүн үнэрийг тэвчин ядаж байгаа бололтой ярвайна. Жерард архи уудаг гэдгээ сүүлийн үед бүүр нуухаа ч байсан байв. Үдийн хоолны дараа халамцуу явах нь энүүхэнд болжээ. Энэ удаа ч Жерард захирлын туслахаасаа зовсон шинж огт харагдсангүй. Түүний толгойд аавынх нь тухай бас үхлийн тухай бодол эргэлдэнэ. . .
Батлерыг хоёр настай байхад эцэг эх нь салжээ. Ээжийнх нь хоёр дахь нөхөр муугүй хойд эцэг байсан ч Батлер түүнийг аав гэж дуудаж хэзээ ч чадаагүй гэдэг. Католик шашны бага сургуульд сурч байхдаа тэрбээр бурхнаас жинхэнэ аавыгаа нэхэн залбирдаг байсныгаа одоо ч санадаг аж. Шөнө орондоо ороод аавыгаа хөрш айлын өвгөн Том, эсвэл Санта-Клаусын дүрээр төсөөлөн боддог байв. Арван зургаан нас хүрдэг жилээ тэрбээр нэгэн сонин зүүд зүүдэлжээ. Үзэсгэлэнт нуурын эрэг дээр уранхай хүрэм өмссөн бөгтөр өвгөн цаашаа хараад суух аж. Аав . . . Айдас, бахдал аль аль нь Жерардыг эзэмдэнэ. Зүүднээс сэрэхэд хөвгүүний хар хөлс нь цутгаж, зүрх нь хүчтэй дэлсэж байв. Тэр жилдээ Батлер аавтайгаа уулзсан байна. “Миний хүү” гэж түүнийг дунд зэргийн насны нүдэнд дулаахан, дажгүй хослол өмссөн эр дуудахад Жерардын дотор хуримтлагдсан гомдол, хорсол, уур бүгд ууршин алга болсон гэдэг. Батлерыг их сургуулиа төгсөөд удаагүй байтал аав нь хорт хавдраар өвджээ. Тээр жил зүүдэндээ үзсэн үзэсгэлэн нууртай тун ч адилхан нуурын эрэг дээр эцэгтэйгээ шар айраг уугаад сууж байхад аав нь түүнд энэ гунигт мэдээг дуулгажээ. Тэгэхэд аав нь өөрийгөө удахгүй үхэх болсныг маш тайван, ямар нэгэн сэтгэлийн зовлонгоос ангижирч байгаа мэт өнгө аястай ярьжээ.
Тэр үед аавынх нь үхлийн тухай бодож байсан бодол одоо энэ лифтэнд Батлерын толгойд эргэлдэх аж. Ямар ч гарцгүй болсон тохиолдолд үхэл хамгийн оновчтой шийдэл мэт Жерардад санагдана. Тэрбээр гарах гарцгүй болоод байлаа. “Morton Frazer” компанид ирэхээсээ өмнө Жерард Америкийн Лос-Анжелес хот руу жүжигчин болох азаа үзэхээр явжээ. Олон киностуди, театрын хаалгыг татсан ч харамсалтай нь түүний мөрөөдөл биелсэнгүй. Лос-Анжелест хоёр жил болохдоо Жерард ганцхан киноны жижигхэн дүрд л тогложээ. Батлер оюутан байхдаа л хэрэв амиа хорлох шаардлага гарвал өндөр байшин дээрээс нисэж үхнэ гэж ярьдаг байжээ. Тэрбээр 1961 оны арваннэгдүгээр сарын 13 нд төржээ. Төрсөн өдөр нь болоход ердөө хоёрхон хоног дутуу байв. Яагаад ч юм бэ түүний толгойд аль эртнээс арваннэгдүгээр сарын 24-ны өдөр л эргэлдээд байжээ. Чухам ямар учиртайг Батлер өөрөө ч ойлгодоггүй байсан бол харин өнөөдөр энэ өдөр үхэх ёстой юм байна гэж боджээ. Ингээд тэр даваа гаригийн өглөө “Morton Frazer” компанийн захирал ноён Споук түүнийг дуудаж уулзаагүй бол өнөөдөр Жерар Батлер гэх жүжигчин амьд байх эсэх нь эргэлзээтэй. Ноён Споук Жерардыг өрөөндөө дуудаад их л тайван өнгөөр “Ноён Батлер, танд дээд зэргийн мундаг өмгөөлөгч болох бүх өгөгдөхөнүүд байна. Гэхдээ энэ танд ямар ч хэрэггүй гэдэгт би бас эргэлзэхгүй байна” гэж хэлэхэд Жерард тулгамдаж орхижээ. Уг нь “Та буруу ойлгож байна. Би энэ компанид болон тань шиг мундаг мэргэжилтнүүдтэй ажиллаж байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн үздэг” гэж хэлэх байтал түүний амнаас “Таны зөв. Би хууль эрх зүйтэй холбоотой бүхнийг үзэн яддаг. Би энэ тухайгаа чангаар хэлэх цаг ирсэнд бурханд талархаж байна, ноёнтоон” гэсэн аймшигт үгс гарч орхижээ. “Бид хоёр бараг минут хэртэй өөд өөдөөсөө харан дув дуугүй зогссон байх. Агуу өмгөөлөгч дөнгөж эхэлж байгаа нэг муу нусгай. Хууль зүйн аварга акул нэг муу бөөс хоёр” гэж Жерард энэ тухай хожим дурссан байдаг. “Morton Frazer” компанийн шилэн лифтээр мөрнөөсөө нэгэн том уул овоо аваад хаячихсан мэт хөнгөн шингэн, мөрөөдөл найдвараар дүүрэн Батлер буужээ. Хүүгийнхээ ухаангүй үйлдлийн тухай сонсоод Батлерын ээж галзуурах шахжээ. Тэрбээр тэр даруй галт тэргэнд сууж, хүү дээрээ давхиж очин бүхнийг эргүүлэн байранд нь оруулах гэтэл гэнэт нурууны архаг өвчин нь хөдлөөд чадаагүй аж. Ээжийнхээ тэр үед бичсэн ур хилэн, гомдол цөхрөлөөр дүүрэн захидлыг Жерард одоо болтол нандигнан хадгалдаг гэсэн.
Ингээд Батлер жүжигчин болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Энэ үед л түүний маш шаргуу дайчин чанар илэрсэн гэдэг. Нэг жилийн өмнө “Morton Frazer” компанийн лифтэнд амиа хорлох талаар бодож байсан Батлер Английн театрын нэртэй найруулагч Стивен Беркоффыг гэрийнхээ ойролцоо өглөөний кофегоо уугаад сууж байхад нь барьж авч уулзжээ. Шекспирын хэдэн шүлгийг уншихыг нь сонсоод Стивен Беркофф өөрийн найруулж буй “Кориолан” жүжигт тоглохыг санал болгосон аж. Энэ бол Батлерын шинэ амьдралын эхлэл байлаа. Жүжиглэх төрмөл авьяас нь Батлерыг богинохон хугацаанд Их Британийн театрын ертөнцөд нэрд гаргажээ. Кино уран бүтээл нь ч гомдоллохооргүй байлаа. Гэхдээ дэлхийд нэрд гарахын тулд түүнд Холливуудыг байлдан дагуулах хэрэгтэй байв. Энэ зам түүнээс багагүй хугацаа шаардсан аж. Үүнд Батлерын шотланд аялга багагүй саад болж байжээ. Энэ дутагдалтайгаа Батлер уйгагүй тэмцсэн гэдэг. Батлер 2004 он хүртэл 20 гаруй Холливудын кинонд тоглосон байдаг. Тэдгээрийн дотор “Цус сорогч 2000” (“Dracula 2000”) , “Дуурийн сүнс” (“The Phantom of the Opera”) бүтээлүүд нь үзэгчдийн төдийгүй мэргэжлийн шүүмж судлаачдын анхаарлыг ихэд татсан байдаг. 2005 онд “Warner Brothers” кинокомпани Фрэнка Миллерийн зохиолоор сэдэвлэсэн “300” хэмээх төсөл дээр ажиллаж байлаа. Уг киноны найруулагчаар ажиллаж байсан Зак Снайдер бүтээлийн гол дүр болох Леонид хааны дүрд Жерард Батлерыг онилоод байв. Гэвч найруулагчийн сонголтыг “Warner Brothers” компанийн захирал Алан Хорн яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй байлаа. Тэрбээр энэ төслийг ажилтанд хүрнэ гэдэгт маш их эргэлзэж байсны дээр хазгай хэлтэй нэг нөхрийг гол дүрд шургуулаад байсанд бухимдаж гүйцээд байв. Алан Хорн “энэ дүрд Брэд Пит яг тохирно” хэмээн эргэцүүлж байтал түүний бодлыг нарийн бичиг нь таслан “Нэг солиотой нөхөр өөрийгөө спарт хүн байна. Таньтай яаралтай уулзах хэрэг гарлаа гээд байх юм” гэжээ. Тэр солиотой хүн нь Жерард Батлер байжээ. Чухам юу ноён Хорны бодлыг өөрчилсныг мэдэхгүй. Ямар ч байсан Батлер “300” тоглох болсон аж. Эл бүтээл түүнийг дэлхийд таниулсан юм.
Жерард Батлер одоо Холливудын хамгийн өндөр үнэтэй, хамгийн эрэлт хэрэгцээтэй жүжигчдийн тоонд ордог. Түүний амьдрал бараг цаг минутаар төлөвлөгдсөн байдаг агаад хувийн амьдралаа зохиох зав чөлөө олддоггүй бололтой. Шинэ кино эсвэл жүжгийнхээ нээлтэд тэрбээр үргэлж ээжийгээ дагуулж ирдэг байв. Харин өнгөрсөн жил тэрээр олны өмнө Морган Браун гэгч интерьер дизайнер бүсгүйг дагуулан гарч иржээ. Эл бүсгүйтэй тэрбээр 2014 оноос хойш болзож байгаа ч хэд хэдэн удаа салж нийлсээр өдий хүрсэн аж. Ямар ч байсан “Та хэзээ гэрлэх вэ” гэсэн асуултад Жерард “Амжихгүй байна” гэж хариулах дуртай аж. Нэгэн цагт аз жаргалгүй, бүтэлгүй хуулийн ажилтан байсан Батлерын толгойд одоо өндөр байшин дээрээс үсрэх бодол огт орж ирдэггүй гэсэн.