“Алтан хальс” индепендент кино наадам зургаа дахь удаагаа болж өндөрлөлөө. Төв Азийн хамгийн том индепендент кино наадам хэмээж буй эл арга хэмжээнд өнөө жил шүүгчээр “Алтан хальс” холбооны тэргүүн, найруулагч, зураглаач, эвлүүлэгч, 2013 онд “Алсын удирдлага” уран сайхны киногоороо Бусаны олон улсын кино наадмын “Шинэ давалгаа” төрлөөс тэргүүн шагнал хүртсэн С.Бямба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн, кино продюсер, дистрибьютер Д.Цэнгэл, кино куратор, хөтөлбөр төлөвлөгч, кино наадмуудын зөвлөх, Бусаны олон улсын кино наадмын Ази кино урлагийн хөтөлбөр боловсруулагч Ким Ён Ү, Ази, Номхон далайн орнуудын дэлгэцийн шагнал гардуулах ёслолыг үндэслэгч, Брисбений олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, Кэмбрижийн олон улсын оюутны Уотерспрайт кино наадмын продюсер, олон улсын өсөж буй авьяаслаг кино уран бүтээлчдийн холбоо (IEFTA)-ны тэргүүн Бернадетт Шрамм нар ажилласан юм.
Энэ жил Чех, БНСУ, Болгар, Унгар, Кувейт, Энэтхэгийн бүрэн хэмжээний шилдэг кинонуудыг толилуулснаас гадна уралдаант хэсэгт 56 орны 516 бүтээл ирүүлсний 31-ийг нь шүүгчид дараагийн шатанд шалгаруулсан юм. Тэдгээрээс дөрвөн төрөлд шилдгийг, түүнчлэн “Алтан хальс” гран при шагналтныг шалгаруулав. Тодруулбал, баримтат шилдэг киногоор Их Британийн найруулагч Марина Эвелина Краканагийн бүтээсэн “Түлшний шүүр”, Б.Гантулгын “Сүмбэр” кино шалгарав. Найруулагч Б.Гантулга эл кинондоо Монгол, Нидерланд, Франц улсын снөүбордын тамирчид мөнх цаст Алтай таван богд, Цамбагарав уул, Элсэн уулнаа авирч гулгасан адал явдлыг өгүүлдэг аж.
Эксперименталь шилдэг киногоор Японы Майкл Лайонс найруулагчийн “Шисэндо”, Э.Отгон-Эрдэнийн “Замхрал” тодорлоо. “Замхрал” кинонд далд ухамсар дахь айдсын тухай өгүүлжээ. Хүүхэлдэйн шилдэг киноны шагналыг БНХАУ-ын найруулагч Шинпэй Шэнь “Лянхуа дэнлүү” бүтээлээрээ хүртэв. Зургаан минут үргэлжлэх эл бүтээлээ тэрбээр Хятадын дуучин Чжоу Сюаньд зориулжээ. Түүнчлэн найруулагчийн ижил хүйстэндээ татагдах байдал хийгээд Хятадын соёлын өв хоорондын холбоо хамаарлыг харуулсан байна. Шилдэг хүүрнэлт кино төрөлд Украины найруулагч Роман Любый “Гахайнууд”, залуу найруулагч Г.Номин “Түлхүүр” бүтээлээрээ тэргүүлэв. Г.Номин эл киногоо өөрт тохиолдсон түүхээс сэдэвлэн бүтээсэн гэнэ.
“Алтан хальс” кино наадмын энэ жилийн хүндэт зочноор киноны зураач Д.Ариунсайхан, кино зохиолч, найруулагч Н.Уранчимэг, ХБНГУ-ын найруулагч Юлиан Радлмайер, Канадын кино найруулагч Кэрол Уэн нар оролцож, өөрсдийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэн, уран бүтээлчдэд сургалт хийсэн юм. Тус наадам энэ жилээс эхлэн шүүгчдийн нэрэмжит шагнал олгодог болсон бөгөөд уг шагналыг найруулагч Ц.Галсандорж “Хөл нүцгэн” киногоороо хүртэв.
Наадмын “Алтан хальс” гран при шагналыг Бельгийн найруулагч Оливье Мажис “Майн баяр” киногоороо авлаа. Ингэснээр тэрбээр АНУ-ын томоохон наадмуудын нэг болох Афины кино наадмын сонголтын хороонд эл бүтээлээ толилуулах эрхтэй болж буй юм. Хэрэв тус хорооны шалгаруулалтыг давбал тухайн Афины кино наадам, “Оскар”-ын наадамд өрсөлдөх эрхтэй болох аж.