Сингапур хотноо анх удаа монголын долоон уран бүтээлчийн “Color up my life” уран зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Тухайлбал, Монголын төдийгүй Азийн уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд танилцуулах зорилготойгоор TAF галлерейг 2018 онд Б.Аргун, Др.Ланз Чан болон Марк Ионг Пенг Фу нар үүсгэн байгуулсан бөгөөд үзэсгэлэнд Ш.Чимэддорж, М.Эрдэнэбаяр, Л.Ганболд, Ц.Нарангэрэл, С.Саранцацралт, Ц.Цэгмэд, Э.Отгонбаяр зэрэг Монголдоо төдийгүй дэлхийн түвшинд танигдсан уран бүтээлчдийн 50 гаруй уран бүтээлийг танилцуулсан юм.
Бүгд Найрамдах Сингапур Улсын иргэдийн хувьд Монголын соёл, уламжлал, урлагийн талаар мэдээлэл төдийлөн элбэг биш байдаг бөгөөд ийнхүү монголын шилдэг уран бүтээлчдийн бүтээлүүдийг танилцуулж байгаа нь манай улсын соёл урлагийг сурталчлах боломжийг олгож байгаа хэмээн тус улсад суугаа элчин сайдын яамныхан мэдээллээ.