Их Британи улсад амьдарч, уран бүтээл туурвиж буй кино найруулагч Б.Марттай цахимаар ярилцсан юм. Түүний найруулсан “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат кино Холливуд болон Хьюстоны олон улсын кино наадамд тэргүүлээд байгаа юм.
Кино урлагийн хөгжлөөр манлайлагч гүрэнд толгой цохих бүтээл төрүүлсэн түүнтэй ярилцах сонирхолтой байлаа.
-Таны сойсон “морь” олон улсын хоёр том наадамд түрүүллээ. Баяр хүргэе. Амжилтын тань үндэс юү вэ?
-Баярлалаа. Дэлхийн кино урлагийн хөгжлийн томоохон толь болсон Хьюстоны 51 дэх удаагийн “World Fest” олон улсын кино наадмын тэргүүн шагнал хүртэх болсондоо баяртай байна. Ийм мэдээлэл авахаараа хамгийн түрүүн Монгол Улсынхаа нэрийг гаргаж чадлаа гэж их хөөрөх юм.
Цаасан дээр байсан санааг минь олон улсын тавцанд өрсөлдөж чадах бүтээл болгох хүртэл хамтран ажилласан багийнхандаа, бидэнд итгэж чин сэтгэлийн туслалцаа үзүүлсэн бүх хүнд баяр хүргэж, талархал илэрхийлье. Амжилтын үндэс нь бид монгол хүний бүтээлийг дэлхийн тавцанд гаргах нэг зорилгоор санаа нийлэн хамтран ажиллаж чадсанд байгаа юм.
-Кино бүтсэн түүхээс сонирхоё. Ямар санаа сэдлээс үүдсэн, хэзээ, хэрхэн бүтээл болгосон бэ?
-Их адал явдалтай, урт түүхтэй. Энэ бүтээл бол миний Их Британи улсын Хердфордшир их сургуульд кино, телевизийн урлагаар магистрын зэрэг хамгаалсан ажил юм. Сэдэв олох гэж их удаан бодсон. Монгол руу найз нөхөдтэйгөө утсаар ярьж санал солилцсон. Сайнаас илүү саар сэдэв олон байлаа. Гэвч би сайныг нь үзүүлэхээр шийдсэн юм.
Манай дүү Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын их эмчээр ажилладаг байсан юм. Шөнийн цагаар явган, нохойд уруулчих шахан өвчтэй хүн үзэхээр айлд очдог гэж ярьж байсан нь гэнэт санаанд ороод. Тэгэхэд нь ерөөсөө хангай газрын өндөр уул, өргөн гол гаталж явдаг эрэлхэг эмчийн тухай кино хийх бодол төрсөн юм.
Зохиолоо нүдэнд харагдтал бичээд багшдаа үзүүлэхэд “Гайхалтай” гэж уулга алдан, урамтай гэгч нь хүлээж авлаа. Манай улсын сумын эмч гэдэг эндхийнхээр бол өрөөндөө суугаад хүн үздэг өрхийн эмч гэсэн үг шүү дээ. Ангийнхандаа бас зохиолоо ярьж өглөө.
-Бараг л киногоо хийчихсэн мэт болсон уу?
-Тэгсэн. Удалгүй бодит эмчээ олох эрэлд гарав. Бид зохиолын баатраа түрүүлж дүрслээд, нүдэндээ харчихдаг, санаандаа кино бүтээчихдэг зовлонтой улс. Төв аймгийн нэг эмчтэй тохирсон байсан юм. Гэтэл яг очих болоход холбоо тасарчихдаг юм байна. Үндсэндээ эрэл мухардлаа. Эмч олоогүй байж зураг авах бүх л хэрэгслээ аваад Монголдоо буув.
Миний өмнөөс нөхрийн минь санаа зовж байна гэж жигтэйхэн. Би болохоор тайван, Монголдоо очсон байхад ямар ч байсан болж л таарна, киногоо хийж чадна гэсэн бат итгэлтэй байлаа. Найзууд руугаа зохиолоо явуулж, эмч хайлгаж байсан юм. Гэтэл яг Монголд очсон өдөр нэг найз маань Дундговь аймгийн Өндөршил сумын Д.Эрдэнэчулуун эмчийн тухай надад хэллээ.
Тэр нь яг миний зохиолтой нийцсэн дүр байв. Ингээд л Д.Эрдэнэчулуун эмчтэй холбоо барьж, ажилдаа орсон. Амьдрал туулсан, туршлагатай эмч киног минь амилуулсан даа. Түүнээс гадна манай хоёр зураглаач, жолоочоор явсан миний аав гээд бүгд Дундговийнх байж таарсан нь тун сонин тохиолдол.
Энэ тухай дуулсан Дундговь аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Б.Наранхүү бидний ажлыг дэмжсэн. Би өөрөө Говьсүмбэр аймагт өссөн юм. Багадаа аавынхаа нутгаар их очдог байлаа. Товчхондоо ийм түүхтэй, говийнхны бүтээл болсондоо.
-Ойрын ирээдүйн тань зорилго юу байна?
-Нүүдэлчдийн ахуй соёлоо харуулсан цуврал баримтат кино хийхээр төлөвлөж байгаа. Мөн 2009 онд Их Британид байгуулсан Монголын соёлын төвийнхөө үйл ажиллагааны цар хүрээг тэлж, Монголын урлагийн бүтээлүүдийг Их Британи болон Европт сурталчлах, түгээх ажил хийнэ.
-Та Их Британид амьдардаг юм байна. Удаж байна уу, эх орондоо ирнэ биз дээ?
-Энд ирээд 10 гаруй жил болж байна. Энэ сайхан улсын усыг нь ууж, ёсыг нь даган, эрдэм соёлоос нь чамгүй суралцаж байна. Тун удахгүй Монголдоо очиж мэдсэн сурснаа хуваалцах зорилготой байгаа.
-Та МҮОНТ-ийн соёл урлагийн нэвтрүүлгийн “Эв эе” студид ажиллаж байсан юм билээ. Бид таныг ямар ажил, амжилтаас нь таних бол?
-Би 1996-2002 онд МҮОНТ-д ажиллахдаа 1999 оноос уг студи болон “Монголын мэдээ” сувагт найруулагч байсан. “Дурласан хүн” драмын жүжиг, “Нүгэлгүй нүгэл”, “Модон баатар”, “Баг” богино хэмжээний кино, “Морины тарни” баримтат кино, “Цоохор дэлгэц” баримтат цуврал нэвтрүүлэг, “Бөрт чоно-Гуа Марал” түүхийн цуврал гэх зэрэг нэвтрүүлэг найруулсан. 2015 онд “Монголын мэдээ” сувагт нэг жил шахам ажиллаад энд ирсэн.
-Цаашид баримтат киногоор дагнаж ажиллахаар шийдсэн үү?
-Тийм ээ. “Чи үнэнд л өөрийгөө дөнгөлүүлчих, тэгэхэд аяндаа болно” гэж хэлсэн УДЭТ-ын найруулагч асан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар багшийн минь үг намайг баримтат кинонд хөтөлсөн. Ер нь уран бүтээл хийнэ гэдэг нь өөрийгөө хайсан, олохын төлөөх процесс гэж боддог. Бид дандаа л үнэний төлөөх эрэлд явж байдаг. Би уран зөгнөлт, аймшгийн гэх мэт ном зохиол уншдаггүй, кино ч үздэггүй. Болж өгвөл бодит, болж өнгөрсөн үнэн түүх л унших, үзэх дуртай.
-Б.Баатар найруулагч багш нь юм байна. Аль сургуульд сурч байхад тань багшилж байсан бэ?
-Би Радио телевизийн дээд сургуулийн анхны төгсөгчдийн нэг. Нэрт найруулагч багшийнхаа анхны шавь нь юм. Сургууль төгсөхдөө Драмын театрт зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Дурласан хүн” зохиолоор жүжиг найруулан тавьж дипломоо хамгаалж байлаа.
Телевизийн найруулагчаар төгсөж байсан мөртлөө Драмын театрт жүжиг тавьж, гол дүрүүдэд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Жүжигчин Р.Байгаль нарыг тоглуулж хоёр өдөр театр дүүрэн үзэгч бужигнуулж явлаа (инээв). Миний найруулах гэж юу байх вэ, багш болон найз Б.Батрэгзэдмаагийнхаа дэмээр хийсэн. Их зоригтой байжээ, одоо бодоход.
-Та Монголын кино урлагийн одоогийн байдлыг яаж дүгнэж, ирээдүйг хэрхэн харж байна вэ?
-Монголын кино урлагийн ирээдүйг сайхнаар харж байгаа. Манай уран бүтээлчид төр засаг нь тоохгүй хаясан кино урлагаа авч үлдэх гэж, бас хөгжүүлэх гэж их хичээж, зүтгэж байгаа. Тэгээд ч кино урлагийн сонгодог орос дэг сургуультай хүмүүс шүү дээ, бид. Одоо бид дотооддоо биш дэлхийд өрсөлдөх хэрэгтэй, үүний тулд контент бүтээх дэлхийн стандартаас суралцах, зах зээлээ таньж мэдэх нь чухал.
-Кино урлаг олон нийтийн оюун санаа, нийгмийн хөгжилд хэр нөлөөтэй вэ?
-Кино урлаг нийгмийн хөгжилд ямар их нөлөөтэй болохыг бид бусад орны жишээнээс харж байгаа. Ялангуяа АНУ-ын хувьд кино урлаг, нийгмийн хөгжил хоёр шууд харилцан хамааралтай. Их Британи ч гэсэн адилхан. Өнгөрсөн жил л гэхэд Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүний орлогын маш их хувийг зөвхөн урлагаас, тодруулбал кино, ТВ-ийн контент, музейгээс бүрдүүлсэн байх жишээтэй.
Бидэнд соёл, урлагаа бизнес болгож хөгжүүлэх нэн тэргүүний шаардлага байгаа бөгөөд үүнд төр бодлогоо чиглүүлж, салбарыг бүхэлд нь дэмжих хэрэгтэй байна.
-Гадаадад ажиллаж, амьдардаг, ялангуяа олонтаа аялдаг та монголчууд бидэнд гадаад ертөнц рүү чиглүүлбэл амжилт олох, баялаг бүтээх ямар ажил, үйлчилгээ байна гэж хардаг вэ?
-Бидэнд дэлхийд гайхуулах, үзүүлж харуулах хаана ч давтагдашгүй соёл, түүх, урлаг байна. Энэ бол өвөг дээдсийн минь монгол хүн бүрт үлдээсэн өв хөрөнгө. Үүнийгээ эргэлтэд оруулж, эдийн засгаа хөгжүүлэх маш том боломж, гарц бий.
-Та аль хэдийнэ дараагийн киноныхоо төслийг цаасан дээр буулгаад байгаа болов уу гэж бодож байна.
-Тийм ээ. Каннын 71 дэх олон улсын кино наадамд “Нүүдэлчдийн өрхийн эмч” кино минь тэнцэж, тус наадамд оролцох болон тавдугаар сарын 16-нд киногоо гаргах эрх авсан. Энэ наадамд оролцоод эх орондоо очно.
-Монголын киноны уран бүтээлчдэд Канн ч, Холливуд ч хол байхаа больжээ. Үүнийг хувь уран бүтээлчдийн хичээл зүтгэл, мэргэжлийн амбиц гэж харж байна. Та юу гэж бодож байна вэ?
-Үнэн л дээ. Одоо төр засаг улс орноо хөгжүүлэх стратеги, төлөвлөлтийнхөө гол цөмийг соёл урлаг гэж тодорхойлоод, кино үйлдвэрлэл зэрэг чиглэлийг дэмжээд өгвөл амжилтууд ар араасаа цуврах болно.