Драмын жүжгийн уламжлалт тавилт, өнгө төрхийг эвдсэн технологийн дэвшилд тулгуурласан хорь гаруй шинэ содон, сонирхолтой шийдлүүдийг багтаасан “Фауст” жүжгийг 5-дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн СТӨ-нд тоглох гэж байгаа талаар уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тухайн орны театрын хөгжлийн зэрэг зиндааг илтгэдэг чансаа шалгасан жүжгүүдийн нэгэнд Германы суут зохиолч Гётегийн “Фауст” жүжиг яах аргагүй тооцогддог.
Энэхүү жүжгийг Оросын Театр Урлагийн сургуулийг найруулагч мэргэжлээр дүүргэн ирээд буй залуу найруулагч М.Батболд зориглон барьж авчээ. Оргүй хоосон тайзан дээр гэрлийн ойлтын нөлөөгөөр бодит мэт дүрслэл үзүүлэх холограм технологийг монголд анх удаа ашиглаж байна.
Жүжгийн гол дүрд СТА С.Болд-Эрдэнэ, МУГЖ Л.Баттулга, МУГЖ Г.Урнаа, СТА Н.Оюунчимэг нар тоглоно. Энэхүү жүжгийг Германы элчин сайдын яамнаас дэмжин ажиллаж байгаа бөгөөд нээлтийн үеэр элчин сайд үг хэлнэ.