Монгол бичгийн юникод стандартыг хятадууд өөрсдийн боловсруулсан график тоон кодоор дэлхийд данслуулах гэж байсныг манайхан амжиж мэдээд, түр хугацаанд хойшлуулжээ. Юникод гэдэг нь дэлхийн ихэнх бичлэгийн системд хэрэглэдэг эх бичвэрүүдийг зохицуулж, хоорондын уялдаа холбоог нь хангадаг тооцоолон бодох стандарт юм.
Хөгжүүлэлтийг нь хариуцдаг ашгийн төлөө бус байгууллага болох Юникод консорциум нь АНУ-д төвтэй бөгөөд хэдхэн хоногийн өмнө ээлжит хурлаа хийжээ. Энэ үеэр Монголын босоо бичгийг ямар стандартаар бүртгэх тухай асуудлыг хөндсөн юм байна.
“Монгол бичиг бол яах аргагүй манай үндэсний уламжлалт өв соёл. Тиймээс монгол хэлний гарваль, онцлогтойгоо уялдуулан бидний боловсруулсан авиан кодоор стандартыг тогтоох нь зүйтэй” гэсэн манай эрдэмтэн судлаачдын саналыг харгалзан, түр хойшлуулжээ.
Өөрөөр хэлбэл, наймдугаар сард болох дараагийн хурлаас өмнө манайхан өөрсдийн боловсруулсан монгол бичгийн авиан кодынхоо давуу талыг дэлхий нийтэд таниулах шаардлагатай байгаа аж. БНХАУ-ын тал монгол бичгийг ханзтайгаа адилтган тоон кодоор стандарт гаргуулахын тулд томоохон баг гарган, эртнээс бэлтгэжээ.
Тэгэхээр бид өөрсдийн өв соёлдоо эзэн байхын тулд Монголын төр, засаг ч дэмжих хэрэгтэйг дээрх хуралд оролцсон хүмүүс сануулав.