Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор Мэдээллийн технологийн газраас www.smartcar.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Иргэд уг системийг ашиглан авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр зэргээ цахимаар төлөх боломжтой аж. Ингэхдээ аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар болон банкны QPay үйлчилгээгээр төлбөрөө төлөх боломжтой аж.
Цахимаар татвар, төлбөрөө төлсний дараа QR код бүхий тасалбараа хэвлэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ хамт авч явах юм. Тус хэвлэсэн тасалбар нь тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээтэй адил хүчинтэй гэж үзэж болно. Мөн энэхүү хэвлэсэн тасалбар нь татварын улсын байцаагчийн тамга, тэмдэгийг бүрэн орлож чадах юм.
Энэ талаар ийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг хэлэхдээ "“Бид бүхэн урд нь төрийн үйлчилгээг авахын тулд маш их хүлээдэг, дугаарладаг, татварын газарт нэхэмжлэх бичүүлээд, банкинд мөнгөө тушаасны дараа тамгаа даруулдаг байсан. Одооноос эхлээд та татвар төлбөрөө хоёрхон минутанд багтаан шийдвэрлэдэг боллоо. Цахимаар татвар төлбөрөө төлсөн иргэд тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээн дээрээ ямар нэгэн тамга тэмдэг даруулах шаардлагагүй” гэсэн юм.