Хавдар судлалын үндэсний төвд анх удаа элэгний хатуурал, хорт хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг энэ сарын 28-ны өдөр амжилттай хийсэн билээ. Энэ талаарх мэдээллийг НЗДТГ, ХСҮТ, “Элэг нэгт Монголчууд сан” хамтран өнөөдөр хэвлэлийнхэнд өгсөн юм.
Өвчтөн 42 настай, Улаанбаатар хотын иргэн бөгөөд нагац дүү нь түүнд өөрийн элэгний талыг “бэлэглэж” амьдрал хайрласан байна. Одоогоор донорын биеийн байдал сайжирч энгийн тасагт шилжжээ. Харин өвчтөний хувьд биеийн байдал нь тогтвортой, хэвийн, хагалгааны дараах эмчилгээндээ хамрагдаж байгаа аж.
Энэ үеэр “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хүнд амьдрал бэлэглэнэ гэдэг бол үнэхээр сайхан зүйл. Бид бүхэн Хавдар судпалын үндэсний төвийн хамт олон Монгол Улсын эрүүл мэндийн салбарт маш том алхам хийж, элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийсэн маш сайхан үйл явдлын гэрч болж байна. Яг 1 жилийн өмнө бид бүхэн энд цуглараад элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авч өгөх гэрээнд хамтарсан гарын үсэг зурж байсан. Тэр цагаас хойш үе шаттайгаар ажил өрнөж өнөөдөр ХСҮТ-ийн өргөтгөл ашиглалтад орж улмаар эхний өвчтөнд хагалгааг амжилттай хийж чадлаа. Нийслэлд Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг. Тиймээс тус мэс заслын хамгмийн эхний иргэн нийслэл хотын харьяа байлаа. Нийт нийслэлчүүдийнхээ өмнөөс ХСҮТ-ийн хамт олон, хагалгааны багийн хамт олон, “Элэг нэгт монголчууд сан”, Самсунг электроникс зэрэг хамтран ажилласан бүх хүнд талархаж байна. Монголчууд бид санаа нэгдээд хамтарч ажиллаж чадвал бүтэхгүй болохгүй зүйл үгүй юм гэдгийн бас нэгэн тод жишээ энэ боллоо” хэмээн онцлов.
ХСҮТ-ийн Ерөнхий захирал, профессор Ж.Чинбүрэн “Хагалгаа нийт 7 цаг 7 минут, донорын хагалгаа 5 цаг гаруй үргэлжилсэн. Хагалгааны явцад цус гараагүй, цус сэлбэх шаардлага гараагүй. Хагалгааны дараах үе жигд явж байна. Бүрэн эдгэрээд гартал эмч бид тайвширдаггүй. Эмнэлгийн үүдээр гарахад л эдгэрлээ гэж ярьдаг.
Бидний гол зорьж байгаа зүйл элэгний хорт хавдрыг цогцоор нь шийдэх. Элэгний хорт хавдрыг цогцоор нь шийдэхэд энэхүү хагалгаа том алхам боллоо. Хагалгааны техник, процессын хувьд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг дээр хийгдэж байгаагаас ялгаагүй. УНТЭ-ийн хувьд 40 гаруй хагалгаа амжилттай хийсэн, туршлагатай.
Энэ жил манай төсөвт 650 сая төгрөг буюу 7 хагалгааны мөнгө Засгийн газраас тавьж өгсөн. Элэг нэгт Монголчууд хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт хийгдэж байгаа. Бид 2018 ондоо 7 хагалгаа, цаашид жилдээ 20 орчим хагалгаа хийхээр төлөвлөн ажиллаж байна. Бид элэгний хатуурал дээр хавдартай хүнийг сонгож хагалгаагаа хийж байгаа.
Элэгний хорт хавдрын өвчлөл өндөр хэвээрээ байна. Эрт илрүүлэх тусам өвчлөлийн тоо нэмэгдэнэ. Гэхдээ өвчлөлийн тоо гэхээсээ илүү бид нас баралтаа бууруулахаар зорьж ажилладаг. Энэхүү хагалгааг амжилттай хийхэд маш том тус болсон “Элэг нэгт монголдчууд сан”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Самсунг электроникс болон Самсунг эрүүл мэндийн төвийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлье” гэлээ