Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгийг ашиглалтад оруулж, нээлт хийлээ. 2016 онд дахин төлөвлөлтөд оруулж, 2017 онд шинэ цэцэрлэгийн барилгыг дүүргийн хөрөнгө оруулалттайгаар барьж ийнхүү ашиглалтад оруулав. 46 дугаар цэцэрлэгийн барилгын нийт төсөвт өртөг нь 1 тэрбум 900 сая төгрөг бөгөөд “Бумбод” ХХК 7 сар гаруй хугацаанд гүйцэтгэжээ.
Тус цэцэрлэг нь өмнө нь 130 хүүхдийн хүчин чадалтай, 28 багш, ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан бол өдгөө 10 бүлэг, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 39 багш, ажиллагсадтайгаар өргөжин үүд хаалгаа нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НИТХ-ын Төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, “Бумбод” ХХК-ийн Ерөнхий инженер н.Ууганбаяр, Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчид, эцэг эхийн төлөөлөл оролцоо.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “2018 он Хан-Уул дүүргийн хувьд онцлох жил болно. Ялангуяа хүүхэд, багачуудынхаа сургуульд сурч боловсрох орчин нөхцлийг нь бүрэн хангасан, багш ажилчдыг ажлын байр нэмэгдсэн жил байна. Хан-Уул дүүрэгт 2018-2019 онд 6 цэцэрлэгт, 3 сургууль шинээр баригдаж ашиглалтанд орно гэдгийг энэ цаг үед тэмдэглэн хэлье. Мөн хүүхдийн төлөө гэсэн тус цэцэрлэгийн хамт олон та бүхэнд, хүүхэд багачууддаа, эцэг эхчүүд та бүхэндээ эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсье” хэмээлээ.
46 дугаар цэцэрлэг нь орчин үеийн стандартад бүрэн нийцсэн. Урлаг, спортын заалтай, загвар дизайны хувьд сүүлийн үеийн дизайнаар баригдсан гэдгээрээ онцлог юм. Тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхбаатар 55 жилийн түүхтэй цэцэрлэг маань шинэ өргөөтэй болсноор хүүхэд багачуудын сурах орчин сайжирсанд эцэг эхчүүд, хүүхэд багачууд, хамт олныхоо өмнөөс дүүргийнхээ удирдлагуудад талархаж байна гэлээ.