Манай улсын ойн талбайн экологи эдийн засгийн үнэлгээ 215 их наяд 358 тэрбум 927 сая төгрөг гэх тоон мэдээлэл байна. Гэвч сүүлийн жилүүдэд ойн нөөц он дараалан буурч, доройтож байгаа аж. Үүнийг дагаад ойг түшиглэн олох орлого ч багасна гэсэн үг. Түймэр, хортон шавьж, уур амьсгалын өөрчлөлт гээд үүнд нөлөөлөх хүчин зүйл олон. Тэгвэл ойг эрчимтэй доройтуулж буй “дайсан” нь мал болсныг ойн нөхөрлөлийн гишүүд онцоллоо.
Хустайн нурууны ургамлын зүйлийн бүрэлдэхүүн арав орчим жилийн өмнөхтэй харьцуулахад цөөрсөн талаар Төв аймгийн БОАЖГ-ынхан ярив. Шалтгаан нь малчид тэнд адуугаа оторлуулдагтай холбоотой гэнэ. Харин тахь нутагшуулж, хамгаалалтад авснаар устах эрсдэлд орсон ургамлууд нь сэргэж эхэлсэн аж. Тэгвэл өдгөө ийм эрсдэлд орсон ой цөөнгүй байна.
Төв аймгийн Батсүмбэр, Борнуур сумын ойн нөхөрлөлүүд “Ойд мал бэлчээхийг хориглох боломжгүй. Мал ойн ургамлыг идэх нь доройтолд хамгийн их нөлөөлж байна. Малаа ой руу оруулахын хор холбогдлыг малчдад бид ойлгуулахыг хичээдэг. Гэвч сүүлийн жилүүдэд гантай байгаа учраас малчид үл ойшоогоод байх шиг. Батсүмбэр сумын ой бүхий зарим газар нутгийн ургамлын бүтэц өөрчлөгдсөн” хэмээн ярилаа. Ойн ургамлын бүтэц өөрчлөгдөж, төрөл нь цөөрвөл нүүрлэх хамгийн том аюул нь цөлжилт. Хүний хүчин зүйлээс үүдэлтэй сөрөг нөлөөгөөр сүүлийн таван жилд ойн талбай 759.2 мянган га-гаар багассан гэх статистик байна. Өөрөөр хэлбэл, ой устаж цөлжсөн гэсэн үг. Үүний 20 орчим хувь нь мал оруулснаас үүдэлтэй аж.
Монгол орны ойд 140 гаруй зүйлийн мод, бут, сөөг, ургамал ургадаг гэх судалгаа байдаг. Гэтэл зарим газар хөгшин модноос өөр ургамалгүй болсныг эх сурвалж мэдээлэв. Тухайлбал, Булган аймгийн Дашинчилэн, Сайхан зэрэг сумын ойн зарим хэсэг цөлжсөнийг тус аймгийн БОАЖГ-ынхан хэлсэн. Мал өвсний соргог, шимтэйг олж, идээшилдэг учир ихэвчлэн дөнгөж ургаж буй бут, сөөгийг сорчилдог гэнэ.
Түүнчлэн Алтайн бүсийн нуруу төгөл, ой ихтэй учраас мал бэлчих нь түгээмэл аж. Үүний улмаас зулзаган модод ургах боломжгүй болж, байгалийн аясаар нөхөн сэргээгдэх үйл явц уналтад орж байгааг ойн тооллогын тайланд дурджээ.
Монгол Улсын газар нутаг тайгын буюу сэрүүн бүсийн захад оршдог учир ойн сан нь дэлхийн экологийн бүсэд чухал үүрэгтэй болохыг “Un-redd Mongolia” төслийнхөн хэлсэн. Мөн тэд “Монгол орны ойн 80 орчим хувь нь насжилт өндөртэй тул мал бэлчээрлэхэд доройтохгүй. Гэхдээ сийрэгжсэн ой устах аюултай. Мөн зулзаган мод ургахгүй бол ой нөхөн сэргэхгүй байсаар доройтно гэсэн үг” хэмээн тайлбарлав.
Хэдийгээр манай улс төрөөс ойн талаар баримтлах бодлоготой болсон ч хэрэгжүүлэх арга, хэлбэр нь оновчгүй байгаа нь нууц биш. Орон нутагт ой хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах гурвалсан бүтэц буюу нөхөрлөл, мэргэжлийн байгууллага, сум дундын ойн ангийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, гадаадын төсөл, хөтөлбөрт хамруулж буй ч үр дүн нь хараахан гараагүй. Малын тоо толгой эрс нэмэгдэж, бэлчээр багассан нь ойг ийн доройтоход нөлөөлж буйг албаныхан хэлж буй.Малын бэлчээрт анхаарал хандуулахгүй бол ой мөхөхөд ойрхон байна.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Нийслэлтэй ойр болохоор манай аймгийн ой талхлагддаг
Төв аймгийн БОАЖГ-ын Ой, ургамал хариуцсан мэргэжилтэн Ч.Даваанямбуутай ярилцлаа.
-Ойд мал оруулснаас болж ургамлын бүтэц нь өөрчлөгдөж байгааг хүмүүс хэлж байна. Төв аймгийн ойн ургамал хамгийн их цөөрсөн гэдэг үнэн үү?
-Манайх жил бүр дөрвөн сумынхаа цөлжилтийн зэргийг орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргаж тогтоодог. Энэ үеэр цөлжилт нэмэгдэж байгаа нь анзаарагдсан. Ойд мал бэлчээвэл ургамлын зүйлийн бүрэлдэхүүн цөөрнө. Гэхдээ бас огт мал оруулахгүй байж болохгүй. Хөлийн хөдөлгөөнөөр ургамал сэргэж байдаг юм. Хэрэв ургамал нь цөөрвөл ой цөлждөг. Төв аймаг нийслэлтэй ойр болохоор ойн ургамал нь их цөөрсөн. Тийм учраас манай аймгийнхан Бэлчээрийн тухай хууль санаачилсан юм шүү дээ. Гэвч эл хуулийн төсөл одоо хэр нь бэлэн болоогүй. Мөн хэрэгжүүлэх боломжгүй заалт олон юм билээ.
-Тэгвэл бэлчээр сэлгэн нүүдэллэх ёстой байх нь ээ?
-Тийм. Тариан талбайг нэг ижил өнжөөж, сэлгэдэгтэй адил гэсэн үг. Энэ жил мал бэлчээсэн ойг дараагийн хоёр жил нь хамгаалалтад авах хэрэгтэй. Харамсалтай нь, улсын баяр наадмаас авахуулаад том үйл ажиллагаа манай аймгийн нутаг дэвсгэрт болдог учраас бид ийм арга хэмжээ авч чаддаггүй. Мөн отор, нүүдэл элбэгтэй учраас хүмүүс талхалчихаад л явчихдаг.
-Ойг цэвэрлэхгүй бол бас л цөлждөг гэсэн. Та бүхэн цэвэрлэгээг хэрхэн хийдэг вэ?
-Монгол орны ойн 80 хувь нь хөгширсөн, хатаж, шатсан учир цэвэрлэгээ хийх шаардлагатай. Ойн цэвэрлэгээг улсын төсвөөс санхүүжүүлдэг учир дорвитой хийж чадахгүй байна. Мөн цэвэрлэгээ хийх аж ахуйн нэгж хомс. Энэ нь модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл зогсонги байдалд орсонтой холбоотой гэж би үздэг. Манайхан сандал, ширээ, мебель тавилгаа гадаадаас авч байгаа шүү дээ. Уг нь цэвэрлэгээний модыг Улаанбаатарт нийлүүлээд, бүх дүүргийн айл өрхөд түлшний мод болгож өгнө гэсэн. Гэвч хэнд, хэзээ, хаана өгөх нь одоо хэр нь тодорхойгүй. Үүний улмаас сүүлийн жилүүдэд мод бэлтгэлээс орж ирдэг орлого ч багассан. Ихдээ л тооцсон орлогын 50-60 хувь нь л төвлөрч байгаа. Мод түлэх шаардлагатай иргэд цөөрөөгүй байна л гэсэн үг шүү дээ. Түүнээс биш аж ахуйн нэгжүүдийн төвлөрүүлэх орлого буурсан.
Бид ойн гүн рүү орж цэвэрлэгээ хийх нь чухал. Ойг цэвэрлэхгүй бол түймэр гарна. Ургах ургамалгүй цөлжинө гэсэг үг. Өөрөөрөө ургаж байгаа ойг шатаагүй байсан ч сийрэгжүүлэх ёстой.
-Ойн нөхөрлөлүүд ойд мал бэлчээж буй иргэдэд хяналт тавьж болохгүй юу?
-Ойн нөхөрлөл бий болоод удаагүй байгаа. 2014 онд Засгийн газар тогтоол гаргаж, гэрээгээр ойн санг эзэмшиж болно гэсний дагуу нөхөрлөл байгуулагдсан. Тиймээс үйл ажиллагааг нь цаашид боловсронгуй болгох нь зүйтэй. Нөхөрлөлүүд сайн дурын үндсэн дээр байгуулагдаж, төрийн өмчийг хэсэг хугацаагаар эзэмшдэг. Тэгэхээр ой хамгаалж чадахгүй. Өнөөдрийн байдлаар нөхөрлөлүүд ойг цэвэрлэж, дагалдах баялгийг нь л ашиглаж байна.