"УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү парламентад хадгална. УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, эрхэмлэн баримтална”. Үндсэн хуулийн ийм заалт бий. Гэвч 76 гишүүнтэй байхад хууль тогтоох эрх мэдэлд гадаадынхны “гар хөл” оролцоод байна, тиймээс тоог нь нэмж, амархан худалдагдахгүй болгох ёстой гэсэн. УИХ-ын гишүүний тоог нэмэх олон шалтгааны нэг нь яах аргагүй энэ байв. Харамсалтай нь бодлого боловсруулагчид маань асуудалд олон талаас нь хандаж нэг л завдахгүй, байнга ямар нэгэн "цоорхой” үлдээдэг гэмтэй.
Тоог нэмснээр энэ асуудлыг бүрэн шийдэж чадсангүй. Уг нь УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх олгох үеэс бүхнийг эхлүүлэх ёстой. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 56.1.1-т гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалт бүхий компани, байгууллагаас хандив авахыг хориглосон байдаг. Улмаар нэр дэвшигчид санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн хуулийн этгээдээр аудит хийлгэн, дүгнэлт гаргуулж, Үндэсний аудитын байгууллагад хүргүүлэхээр заасан. Хуулийн дээрх заалтыг зөрчиж, гадаадын компаниас хандив, санхүүжилт авсан бол тухайн хүнийг жагсаалтаас хасах эрх нь СЕХ-нд байдаг юм. Гэвч энэ бүх шалгуурын хажуугаар зүгээр өнгөрчихсөн байж болзошгүй хүмүүс бас байна.
Э.БОЛОРМААД ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ
УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуулийн үеэр Британийн Виржини аралд бүртгэлтэй, “Кью жи экс холдингс лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, “Ханбогд эксплорэйшн” гэх оффшор компаниас 30 сая төгрөгийн хандив авсан тухай Эрх чөлөөг хэрэгжүүлэгч тэргүүтэй намын төлөөлөл, мөн хуульчид өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдэж байв. Улмаар холбогдох хуулиудыг зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан оролдлого хэмээн тэд үзэж, түүнийг эгүүлэн татахыг шаардсан. Нэр дэвшигчид, нам, эвслийн сонгуулийн зардлын тайланг нэгтгэх үйл явц харьцангуй удаан, нөгөө хүмүүс нь УИХ-ын гишүүн болчихсоны дараа гардагт бас асуудал бий. Э.Болормаагийн сонгуулийн зардлын явцын тайланд “Нийслэл аудит” хэмээх компани хяналт шалгалт хийсэн аж. Тэд түүнд хандив өгсөн аж ахуйн нэгжүүдийн дотор гадаадын хөрөнгө оруулалттай дээрх компани байгаа, 30 сая төгрөг шилжүүлснийг нь нэр дэвшигч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу буцаагаагүйг нь тогтоосон байна. Улмаар энэ талаар ҮАГ-т мэдэгдсэнийг нь гуравдагч хүчний намууд олон нийтэд дэлгэсэн байх нь.
Ийнхүү асуудал үүсэхэд давхар хяналт хийсэн ҮАГ буруудах нь мэдээж. Яагаад гадаадын компаниас хандив авсан нэр дэвшигчийн тайланг “Зөрчилгүй” хэмээн дүгнэсэн бэ, албаар мэдээгүй царайлж өнгөрүүлсэн үү гэсэн асуулт гарна. Тэгвэл ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням энэ талаар “Бид Э.Болормаатай хуйвалдсан юм байхгүй. Түүнд хандив өгсөн нийт 17 аж ахуйн нэгжээс түүврийн аргаар есийг нь сонгон шалгахад гадаадын компани байгаагүй. Тиймээс зөрчилгүй гэж үзээд СЕХ руу дүгнэлтээ илгээсэн” гэсэн тайлбар өгчээ. Бас төрийн аудитын байгууллага сонгуулийн тайланд нэг л удаа аудит хийдэг, давтан хийх хууль, эрх зүйн үндэслэл байхгүй гэсэн байна. СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ “Өмнө нь мэдсэн бол хуулийн дагуу нэр дэвшигчийг жагсаалтаас хасах байсан” гэжээ. Ингээд ойлгомжгүй байдал үүсэв. ҮАГ нь түүвэрлэж аваад шалгахдаа гадаадын компанийг алгасчихсан, гэтэл явцын тайлан хийсэн газар нь “но”-г илрүүлсэн. Харин өнөөх нэр дэвшигч нь хэдийн хуулийн хамгаалалтад орж, УИХ-ын гишүүн болчихсон. Ийм нөхцөлд яах талаар хууль, эрх зүйн тодорхой зохицуулалт үгүй аж. Анх хоёрдугаар сард энэ асуудал сөхөгдөхөд Э.Болормаа “Нэг компани надад хандив өгчхөөд, дараа нь бүртгэл, нэрээ өөрчилсөн юм билээ. Улс төрийн шалтгаантай байж болзошгүй” гэсэн агуулгатай тайлбар хийсэн юм. Тэгвэл isee.mn сайтынхан энэ талаар эрэн сурвалжилж, “Ханбогд эксплорэйшн” нь 2006 онд байгуулагдсан, 2020 онд нэр бүхий таван гадаад иргэн эцсийн өмчлөгчөөр нь бүртгүүлсэн компани гэдгийг мэдээлжээ. Мөн “Ханбогд эксплорэйшн” нь Завхан аймагт уул уурхайн чиглэлээр хайгуулын болон ашиглалтын лизензтэй, хуулийн байгууллагад маргаан үүсгэж байсан баримт бий гэсэн байна. Түүнчлэн үүний эзэмшигч болох гадаадын таван иргэний “Western Mongolian development” компани Завхан аймгийн Дөрвөлжин сумд алтны ордын олборлох тусгай зөвшөөрөл эзэмшдэг тухай дээрх сайтын нийтлэлд дурджээ. Гадаадын компаниас хандив авч, хууль зөрчсөн эл үйлдэлдээ хариуцлага хүлээх, эсэхийг Э.Болормаа гишүүнээс асуухад “Ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээх шалтгаан биш” гэсэн байх юм.
“ЭНЕРЖИ РЕСУРС”-ТЭЙ “НАЙЗАЛСАН” ГИШҮҮД
Үндэсний аудитын газраас 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хянаж, нэгтгэсэн дүнг танилцуулсан. Үүнээс харахад гадаадын 100 болон тодорхой хувийн хөрөнгө оруулалттай компаниас хандив аваад УИХ-ын гишүүн болсон хүн Э.Болормаагаар дуусахгүй нь. “Энержи ресурс” компаниас тус бүр 30 сая төгрөгийн хандив авсан улс төрч цөөнгүй байна. 2005 онд үндэсний хөрөнгө оруулагчид хамтран байгуулсан хэдий ч уг компани 2010 онд Хонконгийн хөрөнгийн биржид IPO хийснээр Австрали, Америк, Ази, Номхон далайн бүс нутгийн хөрөнгө оруулалтын сангууд хувьцаа эзэмших болсон. Уг компаниас МАН, АН-ын нэр дэвшигчдэд харамгүй хандив илгээжээ. Гишүүн Б.Батцэцэг, Л.Энх-Амгалан, Дамдины Цогтбаатар, Б.Тулга, Д.Ганбат нар тус бүр 30 сая төгрөгийн хандив авсан байна. Э.Болормаа ч үүнд багтаж буй юм. Тэд түрүүчээсээ ямар компани, хэдэн сая төгрөгийн хандив өгснийг мэдээгүй гэсэн тайлбар хийж эхэлжээ. Мэдэн будилаад байна уу, эсвэл хориглосон хуулийн этгээдээс хандив авчхаад, түүнийгээ буцаахгүй бол ямар хариуцлага тооцох талаар зохицуулалт байхгүйг тооцоолсон учраас үл тоов уу. Б.Батцэцэг, Б.Тулга, Э.Болормаа нар парламентын гишүүнээр анх удаа сонгогдсон. Гэхдээ хоёр нь өмнө нь сайд байсан. Ер нь тэдний хэн хэн нь улс төртэй ойрхон яваа учраас хуулиа судлахгүйгээр нэр дэвшээгүй л байлтай. Нөгөөдүүл нь хоёроос дээш сонгогдсон, архаг улс төрч. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч болохгүйг мэдэхгүй байх учиргүй.
Сонгуулийн хандивтай холбоотой уг асуудлаар гишүүн Ө.Шижир ерөнхий аудитор Д.Загджавт асуулга тавьжээ. Үүндээ тэрбээр “Зардлын тайланг харахад “Энержи ресурс” зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хандив өгсөн байна. Энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 56.1 дэх заалтыг зөрчиж буй. Хуулиар хориглосон этгээд хандив илгээсэн бол уг хуулийн 56.2-ын дагуу буцаан шилжүүлэх ёстой ч тайлангаас харахад үүнийг хэрэгжүүлээгүй байна. Төрийн аудитын байгууллагын дүгнэлтэд мөн яагаад энэ талаар тусгаагүй вэ, хууль зөрчсөн нам, нэр дэвшигчдэд ямар нэгэн хариуцлага тооцох уу гэдгийг тодруулмаар байна” гэжээ.
ХАНДИВ БА АШИГ СОНИРХОЛ
УИХ-ын сонгуулийн тухай хуульд сүүлд өөрчлөлт оруулахдаа хандивын хэмжээг нэмж, иргэн 10, хуулийн этгээд 30 сая хүртэлх төгрөгийг нам, эвсэл, нэр дэвшигчид өгч болохоор тусгасан юм. Хандив нэрээр хахууль өгдөг, хожим гишүүн болсных нь дараа тухайн компанийн эрх ашгийг хангах ямар нэг хууль тогтоомж батлуулах тохиролцоо хүлээдэг тухай яриа хэдийнээс л байсан. Тийм ч учраас аж ахуйн нэгж, компаниуд олон зуун сая төгрөгийг хандивт, сонгуульд зориулдаг. Үндэсний томоохон компаниуд ч ийм л жишгээр хандивлагч, санхүүжүүлэгч хийж, харилцан ашигтай хамтран ажилладаг болов уу. Улс төрийн намын болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх талаар хэлэлцэж байх үед хуулийн этгээдээс хандив авдгийг зогсоох ёстой гэсэн байр суурийг зарим улс төр судлаач илэрхийлж байсан юм. Гэвч эрх баригчид, улс төрчид санхүүгийн гол эх үүсвэрээсээ салахыг хүсээгүй. Сонгуулийн зардлын нэгдсэн тайлангаар ийнхүү хуулийн этгээдийн хандив, түүний эрх ашигтай холбоотой асуудлууд сөхөгдөж байна. Хэдийгээр гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас хандив авахыг хуулиар хориглосон ч Үндэсний аудитын газар нь түүврийн аргаар хяналтаа тавьдаг, үүнд нь жагсаалтад багтсан гадаадын компаниуд “өртөлгүй” явж ирснийг өнөөдөр олон нийт мэдэж авлаа.
Одоо энэ олон гишүүнийг бүгдийг нь эгүүлэн татах уу. Эсвэл өөрийн мэдэлгүй гадаадаас санхүүжилт авсан, бас “анх удаа илчлэгдсэн” учраас түр зохицуулалт хийгээд, хамгаалж үлдэх үү. Хууль, эрх зүйн ямар зохицуулалтыг УИХ-аас гаргах бол. Мөн түүврийн аудитын аргачлалаа өөрчлөх, эсэх талаар гишүүн Ө.Шижирт ерөнхий аудитор Д.Загджав ямар хариу өгөхийг харж байя.