Олон улсын шатрын холбооноос зохион байгуулдаг “FIDE women’s grand prix” цувралын 2024-2025 оны улирлын тав дахь тэмцээн Энэтхэгийн Пуна хотод болж байна. Дэлхийн шилдэг 10 шатарчин оюунаа сорьсон тэмцээнд их мастер, Гавьяат тамирчин “The MongolZ” багийн тоглогч Б.Мөнгөнтуул Гүржийн тамир¬ чин Саломе Мелиаг хожсоноор хүснэгтийг тэргүүлж эхэлсэн. Тэрбээр хоёр дахь өрөгт өмнөд хөршөөс оролцож буй их мастер, дэлхийн чансааны 11-д эрэмбэлэгддэг Жу Жинерт хожигдсоноор байр хойшилж тавд жагсав. Өдгөө 23 настай Хятадын их мастер хоёр дараалан ялснаар Энэтхэгийн Дивья Дешмухын хамт тэмцээнийг хошуучилж буй. Манай тамирчин IV байрт бичигдсэн Энэтхэгийн Конеру Хампитай оноо 1:1 болж тэнцлээ. Түүний дараагийн өрсөлдөгч Польшийн Алина Кашлинская. Улсаа төлөөлж буй шатарчид тойргоор тоглож, цуврал тус бүрд эзэлсэн байраараа улирлын хүснэгтэд оноо цуглуулна. Тэднээс хамгийн өндөр оноотой нь аваргаар тодорч, ирэх жилийн “FIDE women gandidates tournament-2026”-д ур чадвараа сорих эрх авах юм. Б.Мөнгөнтуул Казахстаны Шымкент хотод өнгөрсөн жилийн арван нэгдү¬ гээр сард болсон цувралд X байр эзлэн 15 оноо цуглуулсан билээ. Харин Монако вант улсын Монте-Карло хотод өнгөрсөн хоёрдугаар сард болсон дараагийн цувралд хоёр тамирчинтай оноо тэнцэн түрүүлж, 106.67 оноо авч байв.