Нацист удирдагч Адольф Гитлер, түүний гол суртал нэвтрүүлэгч Йозеф Геббельс нарын шарилыг 1970 оны дөрөвдүгээр сарын 5-нд буюу 55 жилийн өмнө ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах газрын (УАХГ) дарга Юрий Андроповын даалгавраар устгасан байдаг. “Архив” гэх томьёолсон нэртэй энэ нууц ажиллагааг Магдебург хот, түүний орчим газарт чекистүүд цөөн хүнтэй бүлгийн хүчээр гүйцэтгэжээ. Тэд оршуулгыг ухаж, яснуудыг цуглуулж аваад шатааж, үнсийг нь гол руу цацаж орхисон аж. Энэ ажлыг маш нууц байдалд хийсэн учир Зүүн Германы эрх баригчид ч чухам юу болсныг тааварлалгүй өнгөрсөн гэдэг. Уг ажиллагаанд оролцогчид ч амаа тас жимийж нууцыг хадгалж байгаад 2000-аад онд л дуугарч эхэлсэн байна.
Цохилтын гуравдугаар армийн сөрөхтагнуулын “Смерш” гэдэг салбарын орлогч дарга Василий Горбушинд 1945 оны дөрөвдүгээр сарын эцсээр хариуцлагатай даалгавар ирсэн нь Гитлерийг амьд, үхсэн алин боловч олзолж авах явдал байв.
Хүн төрөлхтний гол дайсан болоод байсан уг этгээд амиа хорлосон нь хэдхэн хоногийн дараа тодорхой болсон тул түүний цогцсыг л хайхад хүрчээ. Цочирдуулам энэ мэдээллийг дээд ерөнхий командлагчид дуулгахын тулд Белорусын нэгдүгээр фронтын командлагч Георгий Жуков тусгай шугамаар Москватай холбогдов. “Тоглоомоо дуусгажээ, новш чинь. Амьдаар нь барьж чадаагүй нь харамсалтай” гэх дуу харилцуурт сонсогдов. Зөвлөлтийн офицеруудын бүлэг тавдугаар сарын 2-нд Рейхсканцлерийн байшинг нэгжих ажилд оров. Энэ байшингийн доод хонгилд Дэлхийн II дайныг өдөөгчийн сүүлчийн ичээ байрлаж байсан юм. Түүний хажууд бөмбөг дэлбэрснээс бий болсон хонхорт хагас түлэгдсэн хоёр цогцос байсныг Суртал нэвтрүүлгийн сайд Йозеф Геббельс, гэргий Магда хоёрынх болохыг механик, тогооч хоёр нь таньсан аж. Тэдний зургаан хүүхдийн цогцсыг маргааш нь олсон байна. Тавдугаар сарын 4-нд фюрерийн сүүлчийн ичээнээс хэдхэн метр зайд саарал өнгийн бүтээлгийн сэжүүр салхинд хөдөлж байхыг Иван Чураков гэдэг цэрэг санаандгүй олж харжээ. Түүн дотор гавалдаа сумны нүхтэй, германчууд ч чухам хэн болохыг нь таних аргагүй болтол ихэд шатсан цогцос байв. Хурандаа Горбушин эрэгтэй хүний цогцос хэнийх болохыг тогтоохын тулд хэлмэрч Елена Кагантай хамт амны хөндийн мэргэжлийн эмчийн эрэлд гарчээ. Учир нь тэр хүний шүд нь бүрээстэй, ломботой байсны илэрхий шинж тэмдэгтэй байв. Тэдэнд хадгалах шүүгээ байхгүй тулуг эрэгтэй хүний шүдийг хадгалж байхыг хэлмэрчид итгэж даалгасан байдаг. “Ялалт хаяанд ирсэн тэр өдрийн турш хайрцгийг гартаа барьж байх нь надад их тээртэй байж билээ” гэж Каган дурсаж байжээ. Гитлерийн шүдний хувийн эмч нь нуугдаж амжсан ч түүний туслагч Кете Хойзерман сөрөх тагнуулчдын гарт орсон байна. Тэр эмэгтэй фюрерийн өвчний түүхийг төдийгүй рентгенээр авсан зургууд болон профессор өвчтөнийхөө шүдэнд хийж амжаагүй байсан хэд хэдэн алтан бүрээсийг үзүүлжээ. Рейхсканцлерийн газар доорх байрнаас олсон бүх юм тохирч, тэндээс олдсон цогцос Гитлер болон түүний хань болж байсан Ева Брауных байлаа. Гуравдугаар рейхийн удирдагчийн үхлийг нотлох баримтыг “Смерш”-ийн офицер хэдхэн хоногийн дотор хайж олсон байна.
Цогцоснуудыг таниулах үйл, нацистын дээдэст үйлчилж байсан хүмүүсийг байцаах ажлыг хэд хэдэн удаа хийсэн аж. Цогцсын фото зураг, тэдгээрт хийсэн үзлэгийн тухай тэмдэглэл болон бусад баримтыг, гол нь гавлын ясыг 1945 оны тавдугаар сарын 23-нд Дотоод хэргийн ардын комиссариатын дарга Лаврентий Берияд хүргүүлэв. Хурандаа Горбушин дээд ерөнхий командлагчид илтгэхээр Москва руу явав. Сталин уг хэргийг хяналтаас гаргав. Харин заналт дайсныхаа цогцсыг таниулсан тухай мэдээллийг ямар шалтгаанаар олон түмэнд дуулгахгүй байхаар шийдсэн нь нууц үлджээ.
Нэрт түүхч Василий Христофоровын бодлоор Зөвлөлтийн удирдагчид эргэлзэх үндэслэл байснаас Гитлер үхсэн гэдэг ньгарцаагүй болохыг мэдэхийгхүссэнээс ийн хандсан байж мэднэ. “Түүнийг нуугдаж чадаагүй гэдэгт бүрэн итгэхгүй байсан биз. Хоёр дахь шалтгаан нь холбоотон АНУ, Британид чухал мэдээлэл байна уу, үгүй юү гэдгийг Сталин хийгээд түүний хүрээллийн хүмүүс шалгахыг хүссэн байж болох. Эдгээр улсын тагнуулын байгууллагууд Гитлерийн ул мөрийг мөн идэвхтэй эрж хайж байсан” гэж Христофоров тэмдэглэсэн байдаг.
Энэ нь фюрер амьд байгаа, рейхсканцлерийн хашаанд боодолтой байсан цогцос түүний “орлон тоглогч”-ийнх гэх цуу яриа, зохиомол зүйл олноор гарч ирэхэд хүргэжээ. Зөвлөлтийн хэвлэлд хүртэл 1945 оны тавдугаар сарын 8-нд (цогцсыг нээж үзсэн өдөр) “фюрер Аргентинд очсон гэнэ, Испанийн дарангуйлагч Франкогийн ивээлд нуугдаж буй гэнэ” гэх мэтээр мэдээлж байв. Үнэндээ ч дэлхий дахины тэр заналт дайсан өөрийн аялдан дагалдагчид дээрээ оччихсон юм биш байгаа хэмээн ЗХУ-ын нийслэлд айхтар болгоомжилж байжээ. Долоодугаар сарын 18-нд “ВечерняяМосква” сонинд “Үндэслэлтэй эх сурвалжийн мэдээлснээр Афольф Гитлер, Ева Браун хоёр Германы усан доогуур явдаг завинд сууж, одоо германчуудын мэдэлд байгаа Патагони гэх газар байгаа юм байна” гэж ТАСС мэдээлсэн байлаа. Зөвлөлтийн иргэд сониндоо итгэдэг байсныг ч хэлэх үү.
1945 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Британийн сөрөх тагнуулын байгууллагын “Гитлер амьд гэх онолыг баталж нотлох ямар ч баримт алга байна” гэсэн тусгай мэдээлэл хэвлэлүүдэд гарсан байна. Эцэст нь, Адольф Гитлер, Ева Браун, Йозеф болон Магда Геббельс, тэдний хүүхдүүдийн цогцост бүхий л шинжилгээг хийсний дараа маш нууц байдалд Герман дахь Зөвлөлтийн цэргийн III армийн бүлгийн байгаа газарт Магдебург хотод сөрөх тагнуулын байрны хажууд оршуулжээ. Энэ газрыг ихэд нууцалсан аж. Магдебург дэх Зөвлөлтийн цэргийн хотхоныг 1970 оны гуравдугаар сард Германы эрх баригчдад хүлээлгэж өгөхөөр шийдвэрлэсэн аж. Зөвлөлтийн Аюулаас хамгаалах хорооны дарга Юрий Андропов КН-ын Төв хороонд бичиг илгээж, Вестенштрассе гудамжны 36 дугаар байшингийн хажууд оршуулсан цэргийн гэмт хэрэгтнүүдийн шарилыг ухан гаргаж устгах ёстой хэмээн үзэж буйгаа түүнд өгүүлжээ. Энэ бичиг мэдээж юуны түрүүнд Ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежневт очсон байж таарна. “Гитлерийн шарилыг оршуулсан тэр газар хэдэн жилийн дараа түүний үзэл бодлыг дэмжигчдийн хувьд хүндэтгэл үзүүлээд байх обьект нь болж ч болох юм гэж Улсыг аюулаас хамгаалах хороо, ЗХУ-ын КН-ын Төв хороо үзэхэд туc бичиг нөлөөлсөн гэж түүхч Христофоров бичсэн байдаг.
Шарилуудыг Зөвлөлтийн цэргийн анги байрласан газар нутаглуулбал хүмүүсийг түүнд ойртуулахгүй, нууцыг хадгалж чадах байв. Зөв лөлтийн цэргийг Магдебургээс өөр газар нүүлгэвэл шинэ нацистууд ийшээ ирээд байх болно гэж Андропов бодсон биз. Тэгээд цогцоснуудыг өөр газар шилжүүлснээс шатаасан нь дээр гэж үзэн шийдвэрээ гаргаж. Шатаахгүй бол хожим нь барилгын ажлын явцад хэзээ нэгэн цагт шарилыг илрүүлнэ гэж Улсыг аюулаас хамгаалах хорооны дарга хаширласан хэрэг.
Чекистүүдийн удирдагчийн саналыг Зөвлөлтийн дээд удирдлага: Ерөнхий нарийн бичгийн дарга Брежнев, Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Николай Подгорный, Ерөнхий сайд Алексей Косыгин нар дэмжсэн байна. Доктор Александр Чучалины тодорхойлсноор Андроповын толгой “гайхмаар ажилладаг”, ой тогтоомж нь хэнийхтэй ч зүйрлэмгүй, ердөө л “дээд зэргийн оюун ухаантай хүн” байснаас тусгай албаны даргын шийдвэрт эргэлзэх юм тэдэнд байсангүй.
“Архив” нууцалсан нэртэй ажиллагааг III армийн Аюулаас хамгаалах хорооны онцгой хэлтсийн дарга, хурандаа Николай Коваленко болон түүний шуурхай ажилтнуудад итгэж хүлээлгэв. Шарил байгаа газар том брезентээрасар барьжээ. Ажиллагааг эхлэх хугацааг команд-штабын сургуулилалттай давхцуулж тааруулсан байна. Асрын эргэн тойронд харуул хамгаалалт тавилаа. Ойр орчмын байранд оршин суугчид илүүтэй түгшүүр төрүүлж байснаас тэднийг нууцаар ажиглах төхөөрөмж тавив. Асарт болж байгаа үйл явдлыг сонирхсон хүн байгаа нь анзаарагдвал “тодорхой нөхцөл байдал”-аас үүдэн чекистүүд “холбогдох арга хэмжээ”-г авах үүрэг хүлээв. Шарил ухах ажил нэгэнт энгийн иргэдэд хөл хорьсон цэргийн хотхоны нутаг дэвсгэртболж байгаа болохоор нутгийн хүмүүс, тэр дундаа сэтгүүлчид сонирхохоос Коваленко тэгтлээ болгоомжлохгүй байлаа. Харин офицерууд хийгээд тэдний гэр бүлийнхнээс л асуудал үүсч болзошгүй байв. Тиймээс ЗХУ-д баривчлагдсан гэмт хэрэгтэн энд архивын үнэт материал байж болзошгүй гэж мэдүүлснийг шалгах ажил хийж буй юм гэх домгийг Улсыг аюулаас хамгаалах хорооны ажилтнууд бодож олсон аж.
Чухам хаана ухах ёстойг онцгой байгууллагын ажилтнууд төсөөлөх төдий л байв. Энэ ажил богино хугацаанд амжилт олохгүй бол хошууч генерал цолтой болоодбайсанГорбушиныг Ленинградаас дуудаж авчирч түүний тусламжтайгаар ажлаа гүйцэтгэхээр төлөвлөсөн байжээ. 1970 оны дөрөвдүгээр сарын 4-ний шөнө хүмүүс унтсан хойно хурандаа Коваленкогоор удирдуулсан цөөн хүн ажилдаа орлоо. Уг ажилд оролцсон, хожим нь УАХХ-ны хошууч генерал болсон Владимир Широков “Ухаад эхэлтэл газар маш хатуу, бид юу ч олсонгүй. Москватай холбогдсон чинь ухах газар мөн гэсэн тул ажлаа үргэлжлүүллээ. Арав орчим минутийн дараа асрын гадна 2-3 метр зайд газар арай зөөлрөөд явчихлаа. Тэгтэл мод тааралдсан нь зэвсгийн хайрцаг байв” хэмээн дурссан байдаг. Цэргийн гэмт хэрэгтнүүдийн шарилыг их бууны сумны таван модон хайрцагт хийсэн байсан нь хэдэн арван жилийн хугацаанд илжирч муудаад хог өвс шиг болчихсон, доторхяснууд нь хөрс шороотой холилдож орхижээ. Бас нэг асар барих хэрэгтэй болов. Гитлер, Ева Браун, Геббельс, түүний гэр бүлийнхний шарилыг даавуунд боов. Ухах ажил өглөө болтол үргэлжилж. Зарим нь газар ухаж байхад бусад нь цэргийн хотхоны цаадахьгерманчуудын сууцууд руу харанхуйд анхааралтай ажиглаж байлаа. Ямар нэг сэжигтэй юм ер ажиглагдсангүй. Шарилуудыг Калашниковын автомат бууны хайрцагт хийв. Энэ нууц ачаа өдөр нь хурандаа Коваленкогийн байрны хажууд байжээ. Тэднээс салах ажлыг хүн, амьтангүй газар гүйцэтгэх байв. Машинууд замдаа гарч, залуурын ард ахлах дэслэгч Гуменюк суужээ. 1970 оны дөрөвдүгээр сарын 5-ны өглөө ажил дуусаж, Гитлер, Геббельс болон бусад хүмүүсийн шарилыг Магдебургээс 11 километр зайд бензин асгаад шатааж орхижээ. Үнсэн дээр нь ус хийж унтраагаад Гуменюк бүгдийг нь хаман авч шуудайд хийгээд гол руу аваад явав.
2010 онд “20 секунд өнгөрөхөд бүх юм бэлэн болсон. Салхи үлээж, үнс нурам салхинд хийсэн алга болсон. Энэ бол фюрерийн сүүлчийн нислэг байв. Шуудайг урж хаяад машиндаа сууж гарнизондаа буцаж ирэв” гэж тэрбээр ярьсан байна.
Ямар нэг алдаа дутагдал гаргаад хийсэн бүх ажлыг нь хэн нэг мэдэх ёсгүй хүн мэдчихсэн байх вий хэмээн буцах замдаа Гуменюк их айж явсан гэдэг. Тэрбээр гараа сайтар савандаж угаагаад яваандаа тайвширсан байна. Гитлерийн шарилын нууцыг тэрбээр 30 жил хадгалаад 2000 онд л зарим зүйлийг сэтгүүлчдэд ярьжээ. “Архив” ажиллагааны тухай өргөн олон түмэн 1990-ээд оны эхний хагаст, Холбооны сөрөх тагнуулын албаны дарга Сергей Степашин хэвлэлд нууцыг дэлгэсний дараа л мэдсэн байна. Коваленкогийн бичсэн нэг баримтад “Шарилуудыг гүйцэд шатааж үнсийг нь цуглуулж аваад Бидериц гол руу хаячихсан” гэж байдаг бөгөөд түүнийг Оросын Аюулаас хамгаалах албаны Төв архивт хадгалж байдаг юм байна. Тэнд Гитлерийн эрүүний яс бас байгаа, тэр тухайн хүнийх мөн эсэхийг амьд байхад нь авсан, одоо АНУ-д байгаа рентген зурагтай харьцуулан үзэж тогтоожээ. Гитлерийн цогцосны өөр нэг хэсэг болох сумны нүхтэй гавлын яс нь Оросын Улсын архивт байдаг аж. Нэлээд хожуу 2012 онд Австрийн эрх баригчид Андроповын замаар явж, Үндэсний социалист намын тэргүүний (Гитлерийн) эцэг, эх Алоис болон Клара Гитлерийн Леондинг хотод байгаа шинэ нацистуудын очих дуртай газар болоод байсан шарилыг оршуулсан газрыг өөрчлөхөөр шийдэж дээр нь байсан хөшөөг авч, харин ХХ зууны ер эхээр нас барсан хүмүүсийн газрын хөрсөнд шингэсэн үлдэгдэлийг хөндөлгүй орхисон байна.
Р.Жаргалант