Монголын жүдо бөхийн холбооноос ирээдүйн шилдэг тамирчдыг бэлтгэх зорилгоор “Топ 6” тэмцээнийг цувралаар зохион байгуулж буй. Жин тус бүрийн шилдэг зургаан жүдоч өрсөлддөг тус тэмцээний гурав дахь цуврал “М банк арена”-д болсон. “Миний дуртай жүдо” төслийн хүрээнд болж буй эл эл тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн тамирчид оролцож, аваргуудаа тодруулав. Энэ удаа олимпын алт, мөнгөн медальт Ким Жэ, БНСУ-ын эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бэ Сан И нарын удирдлагад шилдэг жүдочид оролцож, тэмцээнийг өрсөлдөөнтэй болголоо.
Насанд хүрэгчдийн ангиллын тамирчдад дотоодын чансаа олгож эхэлсэн. БНСУ-ын баг жин тус бүрд алт, мөнгөн медальтай нутгаа зорих гэжбуйнь манай жүдочдод томоохон туршлага болсон байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Ж.Анударь, 57 кг-д Б.Алтанцэцэг, 63 кг-д Б.Ганхайч жиндээ давуу гэдгээ харууллаа. Эмэгтэй хүнд жинд БНСУ-ын жүдочид манайхантай хүчтэй өрсөлдөв. 70 кг-д С.Лхагвадулам БНСУ-ын Ян Жи Ёонг ялж, таван ялалттай түрүүлсэн бол +78 кг-д Пак Бёол шилдэг барилдааныг үзүүлж, аварга болжээ.
Эрэгтэйчүүдээс 60 кг-д Э.Сумъяабазар түрүүг авч, -78 кг-д Б.Тэргэлнаран тэргүүн байрт шалгарав. Түүнтэй алтан медалийн төлөө өрсөлдсөн БНСУ-ын тамирчин Ким Хёон удаалав. +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц жиндээ хамгийн олон ялалт авсан бөхөөр тодорсон. Тэмцээний үеэр “Лондон 2012” зуны олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-д түрүүлсэн Ким Жэ Бомын онцлох фото агшныг Монголын жүдо бөхийн холбооноос гардуулан өгчээ. Энэхүү онцгой мөчийн зургийг Олимпын тусгай сурвалжлагч, Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Ганбат дуран авайдаа буулгажээ.