Монгол бол тусгаар тогтносон улс. Манай улсад санаархаж, эзлэн түрэмгийлэх оролдлого хийгчдээс салахын тулд бидний өвөг дээдэс асар их цус, хөлс урсгаж, тэмцсэн. Эцэст нь тусгаар тогтнолоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлсэн. Гэтэл хамгийн их эрхэмлэн хамгаалах ёстой бие даасан байдлаа хязгаарлуулах гээд хөрш орон руугаа хадаг бариад гүйдэг Засгийн газрыг бид энэ цаг үед үзэв. Агаарын тээвэр бол аливаа улсын хувьд маш онцгой салбар. Харин манай Засгийн газар уг салбарыг удирдах эрхийг ОХУ-д “бэлэглэх” оролдлогыг өнгөрсөн долоо хоногт хийлээ. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд дээрх агуулгыг тусгажээ. Тус улсын “Роснефть”-тэй хамтарсан компани байгуулаад, 20 жилийн турш тасралтгүй түлш нийлүүлэх нэрийн дор нисэх буудлын үйл ажиллагаа, менежментийг хойд хөршийн тал хариуцах аж.
Энэ хооронд маргаан гарвал тусгаар Монгол Улсын биш, ОХУ-ын арбитрын шүүхээр асуудлыг шийднэ. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эл төслийг эсэргүүцэж, завсарлага авсан. Өнөөдөр үүнийг байнгын хороодоор үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Монгол Улсын эрх ашгийг нэгдүгээрт тавихаар тангараг өргөсөн УИХ-ын гишүүд амлалтаа биелүүлэх, эсэхийг бид харах нь.
ОХУ-Д ТАЛ ЗАСАХ “БЭЛЭГ” ҮҮ
Үнэндээ энэ бүхэн өнөөдөр гэнэт оруулаад ирсэн зүйл биш гэнэ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны тайлбарласнаар 2018 оноос хойш ОХУ, Монгол Улсын хооронд хийж буй өндөр, дээд хэмжээний айлчлалуудын үеэр уг асуудлыг хөнджээ. Тэрбээр “2018 оноос хойш ярьж байна. Мөн өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсад айлчлах үеэр энэ тухай санамж бичигт гарын үсэг зурж, өнөөдөр хэлэлцээрийн төслүүдийг оруулж ирж байгаа юм” гэв. 2024 оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчилсныг уншигчид санаж буй. Тухайн үед Засгийн газраас мөн л яаралтай горимоор Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг, төсөл боловсруулах тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхөөр УИХ-д оруулж ирж байв. В.Путинд “бэлэг” барих гэж ингэлээ хэмээн УИХ-ын олон ч гишүүн тухайн үед хардсан. Уншиж, танилцах боломж олгохгүй шууд л хүч түрэн зүтгүүлж байгааг ч шүүмжилсэн. Тэгвэл тэр айлчлалын үеэр “Чингис хаан” нисэх онгоцны буудлаа бид “тавиад туусан” бололтой. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх удахгүй Дэлхийн II дайны ялалтын баярын арга хэмжээнд оролцохоор ОХУ-ыг зорих гэж буй. Үүнээс хэдэн сарын өмнө ярьж тохирсныхоо дагуу ээлжит “бэлэг”-ээ авч очихоор зэхэв үү. Ц.Туваан сайд “Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх гэж буй айлчлалтай энэ бүхэн хамаагүй” гэж хариулжээ. Тэр үүнээс өөрөөр юу гэж хэлэх билээ. Ямартай ч ОХУ-д “ногоон гэрэл”-ээр ямар нэг томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эрх олгоход Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын санаа тун сайн нийлж буй нь эл хоёр ч тохиолдлоос харагдаж байна. Оросуудын даалгавраар ажиллалаа, эсвэл манай улсыг дарамтад орууллаа гэх мэтээр иргэд санал бодлоо илэрхийлсээр байна. “Бэлэглээд” байна уу, дарамтлуулаад байна уу гэдэг нь бас л анхаарах зүйл мөн.
АН-ЫН САЙД НАРЫН ГАРААР МОГОЙ БАРИУЛАХ АРГА
Хамтарсан Засгийн газар байгуулагдаад есөн сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийгмийн анхаарлыг татсан, улс орны эрх ашиг, тусгаар тогтнолд халтай гэх хардлага дагуулсан асуудлыг дандаа АН-ын сайд нар өргөн барьж буйг та бүхэн анзаарсан уу. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг өргөн барихаар болсон нь нэг хэсэг анхаарал татав. Хувийн өмчийг хамгаалах амлалт өгч, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт АН-ынхан эл санаагаа оруулсан. Гэвч заавал тус намаас сонгогдсон сайдаар хувийн өмч хураах агуулга бүхий төслийг оруулж ирж байгаа нь хоржоонтой. Тус төсөлд албан тушаалтнууд шударга бусаар хөрөнгөжөөд буйтай тэмцэхээр тусгасан, тэр нь ч зөв. Эрүүгийн хуулийн 22.10-т “Нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол уг хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 2-8 жилээр хасаж, 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана. Эсвэл 1-5 жил хүртэлх хугацааны хорих ялаар шийтгэнэ” гэсэн заалт бий. Гэтэл заавал бие даасан хууль болгох гээд байгааг зарим гишүүн улс төрийн зорилготой, хэлмэгдүүлэлт хийх эрсдэл дагуулж болзошгүй гэж хардаж буй юм.
Мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Засгийн газар хиймэл оюун ухааны стратеги батлахаар ажиллаж буйг мэдээлсэн нь олон нийтэд эргэлзээ, хардлага төрүүлсэн. Үүний хүрээнд хийх 10 ажлын нэг нь Худал мэдээлэлтэй тэмцэх төв байгуулах тухай байв. Хүний нэр төрд халдсан, баримтгүй гүтгэсэн гэдэг нь батлагдвал одоо ч Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Гэтэл бас л энэ нь хангалтгүй, тусдаа агентлаг байгуулж, худал, үнэнийг шүүнэ гэсэн нь хэлмэгдүүлэлтийг өөгшүүлж, дарангуйлал тогтоох үйлдэл мэт санагдаж буй юм.
Тэгвэл одоо агаарын тээврийн салбараа ОХУ-д “бэлэг” болгон өгөх ажлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хийж байна. Ийнхүү УИХ-ын гишүүний өргөсөн тангараг, эх орны эрх ашгийн эсрэг байж мэдэх, ардчиллын үнэт зарчмуудыг үгүйсгэсэн, боомилсон агуулга бүхий хууль, хэлэлцээрийн төслүүдийг “гардан хэрэгжүүлэх” үүргийг АН-ын сайд нарт Л.Оюун-Эрдэнэ оноожээ. Хэдийгээр Засгийн газрын шийдвэр хамтынх байдаг ч гүйцэтгэсэн сайд нар нь буруудаад дуусдгийг өмнөх жишээнүүдээс харж болно. 2012-2016 оны Засгийн газрын хамтарч гаргасан олон шийдвэрээс цөөн хэдэн сайдыг нь сугалж, ял оноосон түүх бий. Хожим асуудал үүсвэл МАН-ынхан уснаас хуурай гарч, юү өнөөдрийн албан тушаалаар ардчиллын мөн чанар, улсын эрх чөлөөнөөс хумсалсан хэмээн АН-ын эдгээр сайд л “дээлээ нөмрөх” вий. Энэ бүхнийг эрх баригчид хэдийн тооцсон нь лав.
ОГЦРУУЛАХ “БОЛОМЖГҮЙ” ХҮН
Эдүгээ өрнөж байгаа үйл явдалтай холбогдуулан иргэд эсэргүүцлээ илэрхийлж, эх орныхоо эрх ашгаас ухарч буй Засгийн газрыг огцрохыг шаардаж эхэллээ. Нэгдсэн зохион байгуулалтад ороогүй ч тэд ганц хоёроороо Сүхбаатарын талбайд зогсон ийнхүү үзэл бодлоо илэрхийлж байгаа юм. Гэвч энэ тухай шаардлага, жагсаал бүхэн хад мөргөсөөр дуусдаг болжээ.
Эрх чөлөөний эвсэл намынхан өнгөрсөн нэгдүгээр сард олон хүнийг хамарсан жагсаал зохион байгуулсан. Иргэдийн амьдрал өдөр ирэх тусам хүндэрч, өрийн тойргоос гарч чадахгүй байхад Засгийн газар элдэв татвараа улам нэмсээр. Энэ бүхэнд бухимдаж, туйлдсан иргэд ч сайн дураараа тэдэнтэй нэгдсэн юм. Гэвч үүний хүчийг саармагжуулах эсрэг жагсаал хийхээс эхлээд хамгаалах олон арга хэмжээг эрх баригч талаас авсан. Жагсагчдын хүч ч суларч, ямар ч үр дүнгүй болж дууссан юм даг. Одоо дээрх намынхан “Засгийн газрыг огцруулах жагсаал хийнэ” гэсэн хоосон гарчиг хуваалцаж суухаас хэтрэхээ больсон байна. Удаад нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайдыг огцруулж, хариуцлага тооцох санаачилга гаргасан. Гэвч энэ санаачилгад түүнээс гадна гишүүн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нараас өөр хүн гарын үсэг зурсангүй. Ийм юм болсныг одоо хүмүүс бараг мартаж эхэлжээ. Засгийн газрыг огцруулж, хариуцлага тооцох эрх УИХ-д л бий. Нийт гишүүний дөрөвний нэг буюу 32 хүн огцруулах санаачилгад гарын үсэг зурж байж УИХ-аар асуудлыг хэлэлцэх боломж бүрдэх юм. Шууд огцруулах гээгүй, хэлэлцэх л босго. Гэвч Ерөнхий сайд хамгаалалтаа маш сайн хийсэн нь харагдаж буй юм. УИХ бүхэлдээ түүний хараанд орсон, АН, ХҮН намынхныг Засгийн газартаа нэгтгэж, албан тушаалаар амыг нь үдсэн. Үндэсний эвсэл, ИЗНН-ынхныг ч өөрийн талд оруулсан. Тиймээс түүний эсрэг сөрж дуугарах хүн дээрх гурван гишүүнээс өөр алга. Ингээд л Л.Оюун-Эрдэнэ огцруулах “боломжгүй” хүн болж хувираад байна. Одоо ганц хоёр иргэн Сүхбаатарын талбай дээр зогсож, шаардлага тавих нь түүнд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Өмнө нь хэдэн мянгаараа жагсаж байхад УИХ-ын гишүүд нь хөдлөөгүй шүү дээ. Тэгэхээр дараагийн сонгуулиар л түүнийг улс төрөөс явуулдаггүй юм бол Л.Оюун-Эрдэнийн засаглал мөд нурахгүй нь. Бас хүссэн бүхнээ хийх эрх мэдэл түүнд бүрджээ. Эх орон, эрх чөлөөнөөс үнэтэй албан тушаал, эрх ашиг байх ёсгүй. МАН, АН, ХҮН намын хэн ч байсан үүнийг санах учиртай.