“Ногоон”-ы ханш өссөөр 3500 төгрөгт хүрсэн талаар 10 хүрэхгүй хоногийн өмнө мэдээлж байв. Тэгвэл үүнээс хойш ч тогтмол өссөөр өчигдөр 3535 төгрөг болов. Монголбанкнаас зарласан ханшаар “ногоон” өчигдөр 3512 төгрөгтэй тэнцэж байсан бол валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд ам.долла¬рыг 3520 төгрөгөөр худалдан авч, 3533-3535 төгрөгөөр борлуулж байсан юм. Албан ба хар захын ханшийн зөрүү өчигдрийн байдлаар 21-23 төгрөг болов. Экспортын орлого тасалдсантай холбоотойгоор ам.долларын ханш цаашид ч хурдтай өсөж, төгрөгийнх унах төлөвтэй гэж зарим эдийн засагч анхааруулж байна. Энэ долоо хоногт гэхэд “ногоон”-ы ханш 3540-3550-д хүрнэ гэж таамаглаж буй. Сангийн сайд Б.Жавхлан уул уурхайн бүтээгдэхүүний экспортын эргэлтийг сайжруулах арга хэмжээ авсны дүнд гадаад валютын нөөцийг таван тэрбум ам.долларт хүргэж нэмэгдүүлсэн хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл ам.долларын ханш ийн хурдтай өсөж байгаа нь гадаад валютын нөөцтэй холбоотой мэдээлэл баталгаатай, эсэхэд эргэлзэх шалтгаан болж буйг ч эдийн засагчид хөндөж эхлэв.
Н.Ган