НҮБ-ын хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Ана Брайан Нугререс энэ сарын 8-14-нд манай улсад албан ёсоор айлчилсан юм. Тэрбээр энэ хугацаанд эрүүл мэндийн өгөгдлийн сан, кибер аюулгүй байдал, хяналт, тандалтын арга хэмжээ, хэрэгжүүлэх механизм зэрэг хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар ажиглалт, судалгаа хийсэн юм билээ. Ажиглалтын урьдчилсан дүгнэлтийг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэв. Тайлангийн эцсийн дүгнэлтийг ирэх оны гуравдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд танилцуулах аж.
ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛУУЛАХ НЬ ХҮНИЙ ҮНДСЭН ЭРХ
НҮБ-ын тусгай илтгэгчийн хувиар айлчилж буй дөрөв дэх орон нь Монгол Улс болжээ. Тэрбээр манай улсын олон байгууллагын төлөөлөгчтэй санал солилцох явцад хувийн мэдээллийг хамгаалах нь хүний үндсэн эрх болох тухай ойлголтыг хүмүүсийн сэтгэхүйд суулгах нэн шаардлагатайг олж харсан гэнэ.
Хувийн мэдээллээ хамгаалуулах нь хүний үндсэн эрх бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөх, бодлогын тодорхой зохицуулалт хийх шаардлагатайг хэлсэн юм. Хүний хувийн мэдээллийг хамгаалах ажлыг гомдол хянан шалгах, аудит хийх, эсвэл хараат бус байгууллагуудын хяналтын журмаар гүйцэтгэхийг тэрбээр зөвлөв. Ана Брайан Нугререс “Монгол Улсад Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг 2021 онд баталж, 2022 оны тавдугаар сараас хэрэгжүүлж эхэлснээр эрх зүйн тогтолцоонд нэн шаардлагатай шинэчлэлийг хийсэн тухай уулзсан албаны хүмүүс, иргэний нийгмийнхэн хэлж байв. Энэ хууль нь чухал ахиц дэвшил болсон ч түүнийг хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байна. Хувийн компанийнхантай ярилцахад хувийн нууцыг хамгаалах эрхийн талаарх иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх нь хамгийн тулгамдсан асуудал гэж байсан. Иргэд мэдлэг, ойлголттой болсноор хувийн мэдээллээ хамгаалах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтойг тэд онцолсон. Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) нь хувийн мэдээллийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг үр дүнтэй хэрэгжүүлэх хяналтын цорын ганц механизм юм байна. Тус комисс шаардлага, зөвлөмж гаргаж, эрх бүхий байгууллагуудад чиглэл, санал хүргүүлдэг боловч зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд гэм буруутай этгээдэд албадлагын арга хэмжээ авах эрх мэдэл нь хязгаарлагдмал. Хувийн мэдээлэл, ялангуяа эмзэг мэдээллийг үр дүнтэй хамгаалахын тулд бие даасан, хараат бус Мэдээлэл хамгаалах газар (DPA) байгуулах шаардлагатай. Тус газраас заавал биелүүлэх шийдвэр гаргаж, учирсан хохирлоос хамаарч торгууль ногдуулах эрх мэдэл бүхий хүчирхэг хяналтын механизмыг бий болгох хэрэгтэй. Ингэснээр иргэдийн дата мэдээллийг хамгаалж чадна. Нөгөө талаас иргэд бүрэн мэдээлэл авсны үндсэн дээр хувийн мэдээллээ өгөх, ашиглуулах зөвшөөрлийн талаар сайн ойлголтгүй хэвээр байна. Засгийн газраас хувийн мэдээллийг хамгаалах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг нэн тэргүүнд тавьсан ч үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал. Үүний тулд мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх (улс хооронд мэ¬дээлэл дамжуулах талаар хоёр талт хамтын ажиллагаа өрнүүлэх зэрэг) ажил тулгамдсан асуудал болжээ” гэв.
Тэрбээр “И-Монголиа” нь төрийн 1000 гаруй үйлчилгээг онлайнаар, мобайл аппликэйшн болон ТҮЦ машинаас авах (мөн лавлагаа авах, гомдол гаргах) боломжтой нэгдсэн цахим платформ болохыг дурдаад нийт хүн амын 60 гаруй хувь нь уг системд бүртгэлтэй хэрэглэгч гэдгийг онцолсон юм.
ХҮМҮҮС ЭРХИЙНХЭЭ ТАЛААР ХАНГАЛТТАЙ МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙНА
“Хууль тогтоомжийг сайн хэрэгжүүлсэн бол иргэд өөрийн хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн талаар ойлголт, мэдээлэл сайтай байж, үүнтэй холбоотой зөрчлийн талаар олон гомдол гаргах байсан. Гэтэл хувийн мэдээллээ хамгаа¬луулах эрх нь зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл бараг үгүй, эсвэл маш цөөн байгаа нь хүмүүс эл эрхийн үндсийг ойлгоогүй, хангалттай мэдээлэлгүй гэсэн үг” хэмээн тэрбээр үргэлжлүүлэн ярив. Эдийн засаг, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт цахим системд шилжихэд тулгарч буй болон цаашдын сорилтод төр бэлэн байх ёстойг албаны хүмүүс хүлээн зөвшөөрсөн. Үндсэн хуулийн 16.13-т заасан иргэний хувийн нууцыг хамгаалах эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах чиглэлээр хууль, эрх зүйн болон зохицуулалтын орчныг тасралтгүй сайжруулах арга хэмжээ авах шаардлагатайг албаныхан ярьсныг ч дуулгав.
Урьдчилсан тайланд “Бусад орны нэгэн адил Монгол Улс кибер аюулгүй байдлын халдлагад ихээр өртөж байна. Тухайлбал, 2024 онд 1.6 сая кибер халдлага, зөрчил, 13 061 кибер гэмт хэрэг гарчээ. Тагнуулын ерөнхий газраас кибер аюулгүй байдлын зөрчлийг таван өөр хуулийн хүрээнд шалгаж байгааг тайлбарласан. Нэгтгэсэн, хялбаршуулсан хууль журам нь кибер аюул занал, халдлагад илүү үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэх боломж олгодог. Цахим дээрэлхэл, гадуурхал ба хуурамч мэдээний сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн эрсдэл нэмэгдэж, олон нийтийн сүлжээг өргөнөөр ашигладаг залуучууд, хүүхдүүд онцгой ихээр өртөж байна. Мөн иргэдийг залилах болон цахимаар үйлдсэн бусад гэмт хэргээс хамгаалах зорилгоор Засгийн газраас хууль бус цахим мөрийтэй тоглоомын болон бооцоот спортын салбарын зарим платформыг зохицуулахаар төлөвлөж байгаа талаар би олж мэдсэн. Цаашилбал, хууль бус мөрийтэй тоглоомын агентууд, тэр дундаа хувийн банкны дансаа ашиглуулдаг, мөнгө шилжүүлэх үйлчилгээ үзүүлдэг, харилцаа холбооны хэрэгслээ ийм зорилгоор ашиглахыг зөвшөөрдөг хүмүүст чиглэсэн нэмэлт, өөрчлөлт хууль тогтоомжид оруулахаар төлөвлөснийг сайшааж байна” хэмээн дурджээ.
Мөн тэрбээр хот, суурин газрын нийтийн эзэмшлийн талбайг камержуулж, өргөн хүрээнд нэвтрүүлсэн нь зөрчил, үүн дотроо замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлэх, мөн эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хэрэгсэл болгон ашиглаж буй талаар ярьсан юм. Налайх дахь Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцсан байна. Шуурхай удирдлагын хяналт, мэдээллийн төв нь камерын мэдээллийг хянах, хамгаалах үүрэгтэй. Гэхдээ энэхүү мэдээллийг хэрхэн цуглуулах, хадгалах, бусад зорилгоор ашиглах, тухайлбал зөвшөөрөлгүй ажиглалт тандалт хийх эрсдэлийн талаар иргэдэд илүү сайн мэдээлэл өгөх нь чухал болохыг тэрбээр дуулгасан. Дүгнэлтийн төгсгөлд “Нийт хүн амын дунд, ялангуяа эмзэг бүлгийн (ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн цөөнх, бага орлоготой иргэд зэрэг) цахим хуваагдлыг арилгах, хувийн мэдээлэл хамгаалах эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлэхийг Засгийн газарт уриалж буйгаа хэлсэн юм. Мөн цаашид олон сорилт тулгарах бөгөөд тэр хэрээр хийх ажил их байгааг ч сануулсан. Эдгээрийг шийдвэрлэхэд хамгийн чухал нь улс төрийн хүсэл зориг гэдгийг цохон тэмдэглэв. Тайланг боловсруулахад зарим сэдвээр нэмэлт үнэлгээ шаардлагатай байгааг тэрбээр тодотгосон юм. Хүний эрхийн зөвлөлийн 61 дүгээр чуулганд албан ёсоор мэдээлэхээсээ өмнө Монгол Улсын Засгийн газарт танилцуулж санал авах гэнэ.
Тайлангаа танилцуулсны дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Заримаас нь сонирхуулъя.
-Таны ажигласнаар Монгол Улс хувийн мэдээллийг хэр хамгаалж байна вэ. Өнгөрсөн оны сүүлчээр манай томоохон эмнэлэг маш олон үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг алдсан юм.
-Надтай уулзсан хэд хэдэн хүн эмнэлгийн мэдээлэл алдагдсан талаар хэлсэн. Хувийн мэдээллийг ямар түвшинд алдсан талаарх дүгнэлт гарч байгаа юм билээ. Ерөнхийд нь хэлэхэд, хүний хувийг мэдээллийг агуулж байгаа өгөгдлийн сангуудыг маш нарийн хамгаалалт дор байлгах ёстой. Эдгээр өгөгдөлд хандах эрх бүхий хүмүүсийн үйл ажиллагааг нарийн зохицуулах учиртай. Жишээ нь, өөр хотод үзүүлэх шаардлагатай үед эмнэл¬гүүд хоо¬рондоо тухайн өвчтөний түүх, мэдээллийг солилцох систем улс орнуудад байдаг. Эрүүл мэндийн мэдээллийг өгөгдлийн санд бүртгүүлснээр тухайн өвчтөнд илүү үр дүнтэй эмчилгээ үзүүлэхэд чухал нөлөөтэй.
-Манай улсын иргэдээс хувийн мэдээллээ алдсан талаарх гомдол, мэдээлэл НҮБ-д очиж байсан уу?
-Тагнуулын ерөнхий газарт энэ төрлийн гомдол, өргөдөл ирдэг гэж бидэнд мэдээлсэн. Хувийн мэдээлэл алдагдсантай холбоотой ганцаар¬чилсан хүсэлт, гомдол Монголоос манай байгууллагад ирж байгаагүй.
-Сэтгүүлчийн үйл ажиллагаанд хувийн мэдээл¬лийг задруулахтай холбоотой асуудлууд тулгардаг. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Зарим мэдээллийг хамгаалах, эсвэл олон нийтэд түгээх нь зүйтэй гэж үздэг. Үүний заагийг тодорхойлоход амаргүй. Нарийн заагийг шүүхийн байгууллага тодорхойлох нь түгээмэл. Сэтгүүлчид өөрсдийн гарт орсон мэдээллийг маш сайн нягталж, шалгаж, боловсруулж, судлах ёстой. Ямар эх сурвалжаас мэдээлэл авснаас үнэн, худал нь шалтгаалдаг шүү дээ. Мөн албан бусаар олж авсан мэдээлэл гэж бий. Тухайлбал, нийгмийн сүлжээн дэх мэдээллийг сэтгүүлчийн гаргаж ирсэн, албан эх сурвалжтай мэдээлэлтэй адил гэж үзэх үү гэдэг асуудал. Олон нийтийг соён гэгээрүүлэх үүрэгтэй сэтгүүлчид эх сурвалжийг нягтлах мэдлэг, ойлголттой байх нь чухал. Худал хуурмаг мэдээллийг олж авснаар ямар эрсдэл тулгарав, мэдээллийн эх үүсвэрийг нягтлах нь ямар хэрэгтэйг бусад хүнд түгээх нь зүйтэй. Сонирхуулахад, би хиймэл оюун ухаантай холбоотой асуудлаар судалгаа хийж байсан. Үр дүнд нь хүний үндсэн эрхтэй адилтгаж үзэх хоёр зарчмыг гаргаж ирсэн. Нэг нь тайлбар өгөх, авах зарчим. Нөгөө нь ил тод байдлын зарчим. Хиймэл оюун ухаанд суурилсан платформ, аппликэйшн байлаа гэхэд хувийн мэдээллийг тань ямар үйл явцаар, юунд, ямар мэдээлэл бүрдүүлэхэд ашиглах нь вэ гэдгийг мэдэх нь чухал юм. Таны мэдээллийг хэрхэн ашиглах гэж байгааг тайлбар авах болон ил тод байдлын зарчмыг хэрэгжүүлж олж мэдэх хэрэгтэй.