Дэлхийн хувцас дизайны чиг хандлагыг тодорхойлогч хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг болох Миланы загварын долоо хоногийн шоунд монгол ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шилдэг бүтээгдэхүүнүүдээ толилуулжээ. Бүгд Найрамдах Итали Улсын Милан хотын загварын тайзанд ийнхүү Монголын уламжлалт өв соёл, байгальд ээлтэй, тансаг зэрэглэлийн ноолууран хувцасны үнэ цэнийг таниулсан нь анхны үйл явдал гэдгийг ХХААХҮЯ-ныхан хэлсэн.
Миланы загварын долоо хоног жилд хоёр удаа болдог. Манай загвар зохион бүтээгчдийн оролцсон энэ удаагийн “Fashion hub” нь залуу дизайнеруудад чиглэсэн, тэдний ур чадварыг хөгжүүлэх, шилдэг зөвлөхүүдтэй харилцан туршлага солилцсон үр өгөөжтэй үйл ажиллагаа болсныг зохион байгуулагчид онцолжээ. Тус шоунд “Топ донж”, “Ханбогд”, “Снөү фийлд”, “Гоёл”, “Нэгүүн” кашмер зэрэг компани “Go Mongolia” үндэсний брэндийн коллекц дор нэгдэж, монгол ноолууран хувцасны онцлог, ондоошил, дизайнеруудынхаа өвөрмөц бүтээл, шийдлүүдийг сурталчилсан байна.
М.Гэгээ